Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2019.07.31/ мэдээлэл хийлээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан ажлын хэсэг, Ерөнхийлөгчөөс ирүүлсэн санал болон Ардчилсан намын зөвлөл байр сууриа илэрхийлээгүй учраас өчигдөр намын өргөтгөсөн хуралдаан хийж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэгт албан ёсны саналуудаа тусгуулахаар хүсэлтээ хүргүүлж байгаа юм байна.
Ардчилсан намын зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт нь аливаа нэг улс төрийн намууд болон гишүүний явцуу эрх ашгийг гүйцэлдүүлэх ёсгүй юм. Өөрчлөлтийн хүрээнд парламентын тогтолцоог сайжруулах, сонгодог, хариуцлагатай парламентыг бий болгоход Ардчилсан тэргүүнд байх ёстой. Энэ Үндсэн хуулийн өөрчлөлт Монгол Улсын ирээдүйг харж, суурь зарчмаа анхаарах ёстой гэж үзсэн. Тиймээс парламентын засаглалын хуваарилалт хангагдаагүй, төрийн эдийн засаг, санхүүгийн байдал доголдолтой, төрийн хариуцлагажуулах тухай асуудлуудыг тусгах шаардлагатай гэж үзсэн байна. Энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өнөөгийн УИХ-аар биш ард нийтийн санал асуулгаар баталгаажих ёстой гэсэн зарчмын байр суурин дээрээ хэвээр байгаа гэдгийг Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат онцолсон юм.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Ерөнхийлөгчийг парламентаас сонгогддог байх заалтын талаар одоогийн Ерөнхийлөгчтэй ярилцаж, санал солилцсон уу. Энэ саналыг ямар үндэслэлээр оруулж байгаа юм бэ?
-Ерөнхийлөгч өөртэй нь холбоотой заалтаар ямар нэг санал оруулах эрх байхгүй. Тиймээс Ардчилсан намын зөвлөл өөрсдөө оруулж байгаа юм. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. 2015 оны зургадугаар сарын 17-нд Ардчилсан намын нэр бүхий гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулахдаа сонгодог парламентын засаглалын хуваарилалтыг зөв хийе гэвэл Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох нь зөв гэж үзсэн. Энэ бол Ардчилсан намын байр суурь хэвээр байгаа.
-УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах асуудал яригдаж байна. АН-ын зөвлөл энэхүү саналыг дэмжих үү?
-Зарим гишүүдийн санаачлагаар УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах санал гарч байна. Хэрэв Цэцийн шийдвэр гарвал эгүүлэн татна гэх заалт орж ирж байна. Энэ бол УИХ өөрөө шийдэх, дотоод асуудал. УИХ-аас гадна зүйл бий. Жишээлбэл, ард иргэдийнхээ итгэлийг алдвал ард иргэд яаж өөрсдийнхөө эрхийг хангах вэ гэдэг асуудал хангагдаагүй учраас бид гүйцэлдүүлэх ёстой. Мөн намаас сонгогдсон гишүүд хувийн эрх ашгийн үүднээс асуудалд хандвал нам нь ямар үүрэгтэй оролцож болох вэ гэдгийг бас тусгах ёстой гэж харж байна.
-Ард нийтийн санал асуулгыг цаг хугацааны хувьд хэдийд явуулах боломжтой гэж үзэж байна вэ?
-Санал асуулгыг аравдугаар сарын 3-нд явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацааг ч Ардчилсан намын зөвлөл боломжтой гэж харж байгаа. Энэ хуулийг хамгийн гол баталгаажуулах гол зүйл нь ард түмэн өөрсдөө юм.