Аудитынхан тэрбум төгрөгийн орон сууцны дэмжлэг хүсэв

Хуучирсан мэдээ: 2015.07.08-нд нийтлэгдсэн

Аудитынхан тэрбум төгрөгийн орон сууцны дэмжлэг хүсэв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан болж, Төрийн аудитын байгууллагын 2016 оны төсвийн төслийг хэлэлцэж, гишүүдийн 92.9 хувийн дэмжлэг хүлээлээ.

Ирэх оны төсвийн төсөлтэй холбоотойгоор Үндэсний аудитын газрын дарга А.Зангад танилцуулга хийлээ. Түүгээр аудитын байгууллагад ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд орон сууцны урьдчилгаа төлбөрөө төлөхөд нь зориулж аймаг орон нутгийг бүгдийг хамруулаад 1 тэрбум төгрөгийн дэмжлэг хэрэгтэй болохыг онцоллоо. Ийм дэмжлэг үзүүлэхгүй бол аудиторууд бүхий л дэмжлэгээс хоцордог гэнэ.

Гэхдээ байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд энэ талаар тодорхой зүйл асуусангүй, харин Ц.Даваасүрэн “Аудитын байгууллага нь УИХ-аас өгсөн ажлыг хийхгүй хэрнээ дарга нарын захиалсан ажлыг хийдэг болж хувирах вий. 2014 онд Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байхад тухайн оны ажлын гүйцэтгэл 50 хувьд л хүрч байсан. Энэ бүхнийг нарийн нягталж, цаашаа төсвийг нь ярих ёстой. Үүнд байнгын хороо анхаарах ёстой” гэсэн асуудлыг хөндөв.

Үндэсний аудитын газрын даргын тайлбараар бол он дамжсан 5 аудит, хугацаа хэтэрсэн 4 аудит байсан. Энэ нэгд цаг хугацаатай холбоотой, хоёрдугаарт хүч хүрэлцээгүй тал бий. Аудитын байгууллагын хувьд үндсэндээ дөрвөн том аудит дээр гол хүчээ хаяж, ихэнх цаг хугацааг зарцуулдаг байна. Тодруулбал, Хөрөнгө оруулалтын аудит, улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн аудит, орон нутгийн хөгжлийн сангийн аудит зэрэг аж. Үндсэндээ тухайн оныхоо есөн сар хүртэл дээрх дөрвөн төрлийн аудит дээр ажилладаг байна.

Мөн энэ үеэр аймаг орон нутгийн аудитын байгууллагын авто машиныг шинэчлэх шаардлага байгааг дуулгалаа. Ингэхгүй бол зарим аймагт УАЗ-469 машиныг ашиглаж байгаа аж. Хугацааны хувьд ашиглалтын норм норматив хэтэрсэн, мөн цахим засаглалыг нэвтрүүлэхэд тодорхой хэмжээний төсөв шаардлагатай болж байгааг энэ үеэр хөндсөн юм.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, дуусган чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.

Эдгээр асуудлыг хэлэлцсэнээр байнгын хорооны хуралдааныг өндөрлүүлээд байна.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж