Хуучирсан мэдээ: 2015.07.08-нд нийтлэгдсэн

Монгол Ардын намыг хамтарсан засгаас гаргах Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл, Улсын Их хурал дахь Ардчилсан намын бүлгийн улс төрийн шийдвэрийг Монгол Ардын намын бүлэг болон Удирдах зөвлөл хэлэлцэж, байр сууриа нэгтгэлээ.

Монгол Ардын нам Ардчилсан намтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээг зөвхөн нэг талын үзэмжээр дүгнэх бус, бодитойгоор дүгнэж цуцлахад бэлэн байна.

2014 оны арваннэгдүгээр сард Ардчилсан намын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаанд оролцож, Засгийн газарт хамтрах санал тавьж, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд Монгол Ардын намд захидал илгээж, хамтарч ажиллахыг урьсан билээ. Энэ саналыг үндэслэн' Монгол Ардын намын Бага хурал хуралдаж, засагт хамтрах улс төрийн шийдвэр гаргаж, хамтарсан Засгийн газар хагас жил гаруй хугацаанд ажиллаж байна.

Харамсалтай нь, энэ богино хугацааны дараа Ардчилсан нам, түүний Гүйцэтгэх дээд байгууллага нь Монголын төрийг тогтворгүй болгож, улсын эрх ашгийг уландаа гишгэсэн шийдвэрийг дангаараа гаргалаа.

Байгаль дэлхий ган гачигтай, эдийн засаг хямралтай, ялангуяа орон нутагт ард иргэдийн амьдрал хүндхэн байгаа, улсын баяр наадам ойртсон энэ үед ийм шийдвэр гаргасан нь цаг хугацааны хувьд төдийлөн оновчтой бус юм. Ардчилсан нам улс орон, ард түмний нийтлэг эрх ашиг, нийгэм улс төрийн тогтвортой байдлыг умартан, намынхаа-фракцуудын явцуу сонирхолд хөтлөгдсөн шийдвэрийг дангаараа гаргасан нь тун болчимгүй алхам боллоо гэж Монгол Ардын нам үзэж байна.

Нэгэнт хамтрагч Ардчилсан нам улс төрийн шийдвэрээ гаргасан тул Монгол Ардын нам албан тушаалтай зууралдахгүй болохоо албан ёсоор мэдэгдэж байна.

Өнөөгийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль тогтоомжийн дагуу Ч.Сайханбилэг нь Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Ардын намаас томилогдон ажиллаж байгаа сайд нарын асуудлыг өөрөө биечлэн Улсын Их хуралд өргөн мэдүүлж шийдүүлэх ёстой.

Монгол Ардын нам засагт хамтрахдаа улс орны эдийн засгийг өөд нь татах талаар дорвитой ажлуудыг санаачлан хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн билээ. Хамтарч ажиллахдаа бид “ханцуй дотроо наймаалцахгүй, алдаа дутагдлыг хаацайлахгүй" гэсэн зарчмыг баримталж, ард түмэн, улс орны ашиг сонирхол, хөгжил дэвшилд харшлах хууль бус, хуудуутай аливаа асуудалд шүүмжлэлтэй хандаж ирсэн. Бидний энэ зарчмын байр суурийг Ардчилсан нам улс төрийн агуулгаар мушгин тайлбарлаж, бүхий л ажилд “чөдөр тушаа’’ болж байна гэж үзэж байгааг эрс няцааж байна.

Монгол Ардын нам Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай хуулиудыг шинэчлэн батлуулах, улс орны эдийн засаг, ард түмний амьдралд өгөөжтэй Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслүүдийг хөдөлгөх зарчмын байр суурьтай байгаа. Харамсалтай нь, бидний бодож төлөвлөсөн хэмжээнд эдгээр ажил урагшилж чадаагүй нь Ардчилсан нам, Улсын Их хурал дахь АН-ын бүлэг, холбогдох хууль, төслийн ажлын хэсгүүдийг ахалсан АН-ын гишүүд болон тус нам доторх фракцуудын зөрчилдөөнтэй салшгүй холбоотой.

Тавантолгой, Оюутолгой төслүүд Ардчилсан намын фракц хоорондын өрсөлдөөн тэмцэлдээнээс болж зогссон, Сонгуулийн хуулинд “саналыг гараар тоолж баталгаажуулна", “намын нэрсийн жагсаалтаар сонгогддог байдлыг багасгана” зэрэг олон өөрчлөлтүүдийг оруулж 2015 оны долдугаар сарын 1 гэхэд батална гэсэн тохиролцоо тус намын явцуу сонирхлын улмаас биелэгдээгүй, эдийн засгийг хямралт байдлаас гаргах тусгай төлөвлөгөөг баталж хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгож ажиллана гэсэн заалтыг АН-ын бүлэг хэрэгжүүлэх шаардлагагүй гэж үзсэн зэрэг олон жишээ нь аль нам нь хамтын гэрээгээ биелүүлэхгүй төрийн ажлыг гацааж буй тодорхой баримтууд юм.

Орон нутгийн төвшинд ч хамтран ажиллах талаар тохирсон зүйлс хэрэгжээгүйн нэг жишээ нь энэ оны дөрөвдүгээр сарын 22-нд Говьсүмбэр аймагт болсон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуульд үнэмлэхүй ялсан Монгол Ардын Намын гишүүд ИТХ-даа орж, бүрэн эрхээ хэрэгжүүлж чадалгүй өнөөдрийг хүрсэн нь Ардчилсан нам хуулийг гууль болж, төрийн ажилд чөдөр тушаа болж байгаагийн тодорхой жишээ юм.

УИХ-ын хаврын чуулганаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөлд тусгасан “төрийн өндөр албан тушаалтан өмнө нь хууль бусаар завшиж, нуун дарагдуулсан өмч хөрөнгөө хуулийн хамгаалалтан дор ил гаргаж хуулийн хариуцлагаас өршөөгдөх боломжийг бий болгох” зорилготой ганц заалтыг Монгол Ардын нам эсэргүүцсэнийг төрийн ажилд чөдөр тушаа боллоо гэж Ардчилсан нам тайлбарлаж байгаа нь дэндүү ойлгомжгүй байна.

“Цагаан захтануудыг өмгөөлсөн” гэх энэхүү хуулийн төсөл УИХ дээр хэлэлцэх шаардлагагүй хэмээн хоёр удаа унаж буцаасан ч долоо хоногийн дараа дахин өргөн баригдаж буй нь хэтэрхий увайгүй үйлдэл юм. Гэтэл Ардын намын санаачилсан Ахмад настнуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулах зэрэг нийгмийн хүсэн хүлээж буй олон хуулийн төсөл УИХ-ын даргын шийдлийг харан гурван сараас нэг жил тоосонд даруулан хүлээгдэж байна.

Монгол Ардын нам Хамтарсан засагт орсон цагаас төрийн албан хаагчидтай холбоотой аливаа асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж байна. Бодит байдал дээр бүхэл бүтэн салбарын хэмжээнд хууль зөрчин үүрэг гүйцэтгэгчид томилсон байсныг хуулийн дагуу залруулсан, төрийн албаны зарим орон тоог цомхтгосон, тухайн ажлын байрны шаардлагад нийцэхгүй цөөн албан тушаалтанг өөрчилснийг төрийн албан хаагчдыг хоморголон халсан гэж байгаа нь хэт өрөөсгөл, үнэнээс зөрүүтэй дүгнэлт юм.

Үнэн хэрэгтээ Ардчилсан намын фракц хоорондын зөрчлөөс болж цөөнгүй тооны албан хаагчид ажлаасаа халагдсаныг төрийн албан хаагчид сайтар санаж байгаа бөгөөд 2012-2014 оны хооронд төрийн албан хаагчдыг халж солих асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн гэдэг дүгнэлтийг холбогдох байгууллагууд гаргаад байна.

Төрөө самарч, гэрээ нураах ажлыг явцуу ашиг сонирхлын үүднээс эхлүүлсэн Ардчилсан нам улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн цаашид үүсэх аливаа хариуцлагыг дангаараа үүрэх ёстойг хатуу анхааруулж байна.

Монгол Улсынхаа тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн ачааг үүрч ирсэн Монгол Ардын нам албан тушаалтай зууралдалгүй, аливаа асуудалд зөвд зөөлөн, бурууд хатуу зарчмыг баримтлан, ард түмэн, улс орныхоо эрх ашгийг эрхэмлэн ажиллана гэдгээ дахин мэдэгдэж байна.

МОНГОЛ АРДЫН НАМ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж