Нүхэн жорлонгийн аюул | News.MN

Нүхэн жорлонгийн аюул

Нүхэн жорлонгийн аюул

Ойрын өдрүүдэд нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас гэр хорооллуудын нүхэн жорлонгоос үүдэлтэй төрөл бүрийн нян үржих, өвчин үүсэх нөхцөл бүрдээд байна. Гэр хороололд 800 мянга гаруй оршин суугч амьдарч байгаагийн 95 хувь нь нүхэн жорлон ашигладаг. Энэ нь хөрсний бохирдлын нэг гол эх үүсвэр болоод зогсохгүй газрын гүний усыг бохирдуулах хэмжээнд хүрээд байгааг албаныхан хэлж буй. Үүний уршигаар агаар дуслын замаар дамжин хүний эрүүл мэндэд шууд нөлөөлж буй тод илрэл нь гэдэсний халдварт өвчин юм. Төрөл бүрийн халдварт өвчтэй иргэдийг хүлээн авч, эмчилдэг ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар өдөрт гэдэсний халдварт өвчнөөр 20 хүн хандаж байна. Энэ нь ердийн дундаж үзүүлэлт гэнэ. Одоогоор халдаврын улмаас эмнэлэгт хандах иргэдийн тоо бага байгаа ч  бороо, үерийн улмаас хөрсний бохирдол нэмэгддэг нь халдварт өвчний нян үржих таатай нөхцөл болдог гэж ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлж байв.

Энэхүү халдвар нь аравдугаар сар хүртэл үргэлжилдэг. Тэр тусмаа бага насны хүүхдийг гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь чухал болохыг эмч мэргэжилтнүүд сануулж буй. Яагаад гэвэл урин дулааны цагт сэдэрдэг уг өвчин нь хүүхдүүд тэр дундаа тав хүртэлх насны багачуудад хамгийн халгаатай  аж. Тиймээс хүүхдийг бага наснаас нь эхлэн зөв дарааллын дагуу гараа угааж хэвшүүлэх, ил задгай зарж буй бүтээгдэхүүн авахаас татгалзах, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн хугацаа, хаяг шошгын бүрэн бүтэн байдлыг шалгах, амархан муудах хүнсийг гэртээ зөв хадгалах нь хоолны хордлого, гэдэсний халдвараас сэргийлэх энгийн арга юм байна.

Хэрэв гүйлгэх, суулгах, халуурах, өтгөн цус залхагтай, ногоон өнгөтэй гарах, олон давтамжтай бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандаж, зөв эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Дур мэдэж эмийн эмчилгээ, уламжлалт болон домын аргаар эмчлэх биш гэдэсний халдварт өвчин эсэхийг нарийн мэргэжлийн эмчид хандаж оношлуулах нь зүйтэй аж. Хэдийгээр гэдэсний халдварт өвчнөөр нас барсан хүн одоогоор байхгүй ч хоруу чанар ихтэй, амархан тамирдуулдаг, шингэн дутагдах аюултай учраас шинж тэмдэг илэрсэн даруйд мэргэжлийн эмчид хандах нь чухал гэж эмч мэргэжилтнүүд зөвлөж буй.

Гэр хорооллын нүхэн жорлон хөрс, гүний усанд нэвчээд зогсохгүй урин дулааны улиралд ялгарах өмхий үнэр шивтрийн хий нь амьсгалын замаар болон хоол хүнсээр дамжин халдварлаж буй элдэв янзын халдварт өвчний нян бактерийн гол эх үүсвэр болж байна.

2018 онд Нийслэлийн байгаль орчны газрынхан Улаанбаатар хотын хөрснөөс дээж аван судлахад 88 хувьд нь нянгийн бохирдолтой, хөрс маш их хэмжээгээр бохирдсон нь тогтоогдсон байна. Мөн өнгөрсөн онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан Улаанбаатар хотын 74 цэгээс дээж аван хар тугалга, мөнгөн ус, цацрагийн бохирдлыг судлахад нийт нутаг дэвсгэрийн 50 гаруй хувь нь их, дунд зэргийн бохирдолтой байжээ.

Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд хоёрдугаарт бичигдсэн бол удахгүй хөрсний бохирдлоороо таагүй рекорд тогтооход ойрхон болжээ. Хотын хөрсөнд хамгийн их бохирдол илрэх дундаж гүн нь 2.8 метр байгаа нь нүхэн жорлонгийн дундаж гүнтэй ойролцоо байсан нь судалгаагаар тогтоогдсон байна. Ерөнхийдөө нийслэлчүүд улирлын чанартай гамшгийн хэмжээний бохирдолтой тэмцэж аж төрж байна. Өвөл нь утаатай тэмцэж, урь ормогц хөрсний бохирдлын асуудалтай нүүр тулах болоод олон арван жилийг ардаа өнгөрөөж буй гэхэд хилсдэхгүй.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-31 49.0.212.126

АРГАА ЯДЛАА ГЭХЭД ХЛОРМИНИЙ УУСМАЛ ЦАЦААД СУРЧИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА, ХАЛУУН ДУЛААН ЦАГТ НЯН БАКТЕРИ БҮҮ ХЭЛ ЯЗГАНАЖ ШААГИСАН ИХ ӨТӨӨР ДҮҮРЧИХДЭГ ШҮҮ ДЭЭ

Avatar

Дэвшилтэт технологи ашиглаачээ 2019-07-31 103.14.38.137

Нүхэн жорлонгийн бохирыг багасгах, бактери, вирусыг устгах, үнэргүй болгох шинэ технологи бүхий бактери Монголд ашиглагдаад удаж байна. Олигтойхон шийд гаргаад жилд ядаж нэг удаа энэ бактерийг дулааны улиралд хийчихвэл маш их сайн дүн гарна шүү дээ.

Avatar

Утас 2019-07-31 66.181.190.245

Утас хаяг ???

Avatar

Зочин 2019-07-31 202.9.42.144

Мэддэг бол утас хаягийг нь биччихээч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж