АТГ зарим дуулиант хэргийг прокурорт шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.31-нд нийтлэгдсэн

АТГ зарим дуулиант хэргийг прокурорт шилжүүлжээ

АТГ зарим дуулиант хэргийг прокурорт шилжүүлжээ

АТГ-аас цацсан мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтжуулсан их хэмжээнийи авлига авсан гэх хоёр ч бичлэгийг дэлгэсэн нь нийгэмд шуугиан тарив. Гэхдээ АТГ энэ удаад зорилготой буюу хэн нэгнийг айлгах гэж цацав уу эсвэл гэдэг асуулт ч нийгэмд талцал үүсгээд буй. Ингэхдээ АТГ айлгааад байна уу эсвэл "авлаад" байна уу гэх асуултыг ч олон нийтийн дунд хариултгүй үлдээв. Тиймээс АТГ-д дуудагдсан, олны анхааралд буй хэргүүдийн талаарх мэдээллийг  хүргэе.


ЕРӨНХИЙ САЙД НАРЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛНЭ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийг шалгаад дөрвөн жил болж байна. Тэднийг Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутгаж байгаа юм. Тэгвэл АТГ-аас Ерөнхий сайд нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ хэргийн шалгалтын явцад олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага үүссэн. Удаашралтай байгаа нь ганцхан АТГ -тай холбоотой асуудал биш юм. Одоо хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон гэдгийг тодотгосон юм.

ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖСӨН ШҮҮГЧ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛНЭ

УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа Салхитын мөнгөний орд дээр өөрийн биеэр очиж, хуулийн байгууллагын ажлыг хийснээс хойш багагүй хугацаа өнгөрч, энэ хэрэгтэй холбоотой дуулиан өнөөдөр ч тасраагүй байна. Салхитын мөнгөний орд газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн хооронд шилжүүлсэн хувьцаа худалдах, худалдан авах гэрээтэй холбогдсон, мөн эрх шилжүүлэх гэрээний маргаантай холбоотой асуудлыг шийдвэрлэх явцад Иргэний хэргийн анхан шатны болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч тал нэр бүхий шүүгч нарт хахуул өгсөн хэрэгт АТГ-аас мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа.

Зарим нөхцөл байдлыг ҮАБЗ-д танилцуулсны үр дүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Үүнээс гадна Улсын дээд шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн захиргааны анхан шатны шүүх, дүүргийн шүүгч нарын 2012-2017 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах явцад нэр бүхий шүүгч, тэдний гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэгдсэн хөрөнгө орлогын эх үүсвэр хууль ёсны болох үндэслэлээ тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй. Шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг мөн холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

ЖДҮХС-ГИЙНХНЫ ХЭРГИЙГ УДАХГҮЙ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛНЭ

ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг тэргүүтэй УИХ-ын гишүүд, ЖДҮХС-гийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг шалгаж дуусаад, удахгүй яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэхээр бэлтгэж байгаа гэх мэдээлэл байна. Тус газраас Б.Батзоригийг эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлж, дээрх сангаас хөнгөлөлттэй зээл олгохдоо албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгож, нэр бүхий УИХ-ын гишүүд, эрх бүхий албан тушаал хашиж буй хүмүүсийн хүсэлтээр тэдний хамаарал бүхий болон өөрийнхөө гэр бүлийнхний аж ахуйн нэгжүүдэд 700 саяас тэрбум гаруй төгрөгийн үнэтэй мөнгө шилжүүлсэн хэмээн буруутгаж буй юм. Түүнтэй хамт ЖДҮХС-д эрх бүхий албан тушаал хашиж байсан хүмүүсийг ч шалгаж байгаа билээ.

Д.ГАНТУЛГАД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭВ

Хэнтийн аймгаас УИХ-д сонгогдсон Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож, улмаар УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн. Түүнд холбогдох хэргийг өнгөрсөн намар шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. Хоёр хоногийн өмнө УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийг дахин прокурорт шилжүүлжээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт хохирогч гэх Ч.Наранзаяагийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцсанаар хэрэг прокурорт шилжсэн байна.

Д.Гантулгад холбогдох хэргийг урт хугацаагаар шалгасан нь өөр шалтгаантай байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, хүчингийн хэргийг шалгах хугацаанд гишүүн асан Д.Гантулга дахин хүчингийн хэрэгт холбогдсон байж болзошгүй аж. Өөрөөр хэлбэл, өнгөрөгч оны арваннэгдүгээр сард "Вива сити" хотхонд нэгэн эмэгтэйг хүчирхийлсэн гэх хэргээр энэ хугацаанд давхар шалгасан тухай мэдээлэл бий юм. Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн 12.1.1-р заалтаар зүйлчилсэн бөгөөд энэ зүйчлэлээр 1-5 жилийн хорих ялтай байдаг аж.

АВЛИГЫН ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС УЧИРСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛНЭ

АТГ-аас Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан, бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шүүхэд шилжүүлсэн билээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны долдугаар сарын 24-ний өдөр уг хэргийг хянан хэлэлцээд М.Сономпилыг авлигын гэмт хэрэгт гэм буруутайд тооцон дөрвөн жилийн хорих ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Дээрх хэрэг нь Монгол улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг мөрдөн шалгах явцад илэрч шалгагдсан бөгөөд Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрт хамаарах төрийн эрх ашигт хохирол учруулсан гэх хэргүүд мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх дээр хянагдаж байна. АТГ-аас цаашид авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг улсын орлого болгож, улсын төсөвт төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлэх ажээ.

ЖАСТ-ЫН Ш.БАТХҮҮД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУСААГҮЙ ГЭВ

Одоогоос хэдэн жилийн өмнө “Жаст” компанийн захирал Ш.Батхүү нь 2010-2012 онд “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалан, үйлдвэрийн тамга тэмдэг, захирал, ТУЗ-ийн даргын гарын үсгийг “ашиглан” Английн “Стандарт” банкнаас авсан нийт 109 сая долларын зээл авсан байдаг. Тус зээлийг хугацаанд нь төлөөгүй маргаан арбитрын шүүх хуралдаанд “Стандарт” банк ялсан. Тус банкинд төлөх ёстой байсан дээрх мөнгийг өнгөрсөн дөрөвдүгээр сард “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сангаас "Стандарт" банкинд 40 сая доллар төлсөн талаар мэдээлэл хийж байсан билээ.

Тэгвэл Ш.Батхүүд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж буй талаар хэвлэлүүд онцолж байна. Үүний дагуу АТГ-ын Олон нийттэй харилцах ахлах мэргэжилтэн Т.Баярхүүгээс тодруулахад, Жастын Ш.Батхүүгийн “Эрдэнэт” үйлдвэртэй хуурамч гэрээ байгуулсан, байгуулаагүй гэх хэргийг манайхаас мөрдөн шалгах арга хэмжээ явуулаад прокурорт шилжүүлсэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс буцаасан гэсэн мэдээлэл өчигдөр /2019.07.29/ надад ирсэн. Энэ бол нэмэлт шалгалт хийх шаардлагатай буцаагаад хариу өгөх байх. Энэ хэрэг шүүхийн шатанд хянагдаж байгаа. Гэх мэтчилэн хэргүүд тодорхой хэмжээний цаг хугацаатайгаар шийдэгдэнэ” хэмээн тайлбарлажээ.

 

 Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж