Монголын шинэ үеийн репперүүдийн төлөөлөл болсон Д.Мөнхтулгатай ярилцлаа. Залуус түүнийг Don Dior гэх уран бүтээлчийн нэрээр нь илүү сайн таних биз. Тэрбээр одоо 23 настай. Монголын орчин үеийн хөгжмийн урлагт эмо реп урсгалыг анхлан хөгжүүлж яваа залуу уран бүтээлч ажээ.
УРЛАГИЙГ ОЙЛГОЖ, МЭДЭРСЭН ХҮН ЗААВАЛ ИХ СУРГУУЛЬД СУРАХ АЛБАГҮЙ
-Залуусын дунд реппер Don Dior нэрээрээ илүү танигдаад байгаа. Бидэнд өөрийгөө танилцуулаач?
-Намайг Д.Мөнхтулга гэдэг. Одоо 23 настай.
–Don Dior гэж ямар утгатай үг вэ?
-Миний уран бүтээлчийн нэрийг дотны найз маань өгсөн. “Don” гэдэг нь удирдагч гэсэн үг. Би өөрөө арслангийн ордных учраас өөрт маань тодорхой хэмжээний удирдагч зан чанар байдаг гэж боддог. Харин “Dior” бол миний дуртай брэндийн нэр.
-Ямар мэргэжлээр суралцдаг вэ?
-Би хоёр ч их, дээд сургуульд сурч байсан. Монголдоо мэргэжил эзэмшихээр их сургуульд суралцахад өөрийн үзэл бодол маань таараагүй гэж ойлгож болно. Би хөгжмийн продюсер мэргэжлээр суралцаж байсан. Энэ мэргэжлээрээ Соёл урлагийн их сургуульд сурч болох байсан л даа. Гэхдээ урлагаар явахын тулд заавал тэр сургуульд сурах албагүй шүү дээ. Миний бодлоор урлагийг ойлгож, мэдэрсэн хүн заавал их сургуульд сурах шаардлагагүй гэж боддог. Тийм болохоор би одоо их сургуульд суралцалгүйгээр зөвхөн уран бүтээлдээ ихэнх цагийг зарцуулж байна.
-Багадаа ямар хүүхэд байв. Хэзээнээс энэ урлагийг сонирхох болсон тухайгаа ярихгүй юу?
-Би багадаа бусдын л адил хүүхэд байсан. Мэдээж эрэгтэй хүүхэд учраас хөдөлгөөнтэй дэггүй хүү байлаа. Би 2013 онд нийслэлийн 77 дугаар сургуулийг төгссөн. Арван жилийн сургуулиа төгсөх үеэрээ өөрийн дууны авьяасаа мэдэрч эхэлсэн гэх үү дээ. Тэр цагаас хойш таван жил реп хийж байна.
Монголынхоо залууст реп урлагийг таниулж, хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүрхээ зориулан уран бүтээл хийхийг хичээдэг. Залуусыг орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, хөгжмийн соёлыг мэдрээсэй гэж бүхий л цаг хугацаа, хөрөнгө мөнгөө зарцуулж байна.
АНХНЫ ЦОМГООРОО ЭМО РЕПИЙГ МОНГОЛД ТАНИЛЦУУЛАХЫГ ХИЧЭЭСЭН
-Сүүлд ямар уран бүтээл дээр ажиллав. Уран бүтээлийн сонин сайхнаас дуулгавал?
-Хамгийн сүүлд “Desire”, “Хар нүх”, “Хэл ам” зэрэг дуунуудыг ковер зурагтай аудио хэлбэрээр сошиалд цацсан. Миний төрсөн өдөр наймдугаар сарын 15-нд болно. Төрсөн өдрөөсөө өмнө шинэ дууны клип хийхээр “Монстар” продакшнтай хамтран ажиллаж байна. Ерөнхийдөө дуу нь бэлэн болчихсон. Хараахан клипний зураг авалтыг эхлээгүй байна. Төрсөн өдрөөрөө сонсогч залуустайгаа илүү ойр дотно байхын тулд эвент зохион байгуулна. Тэр өдрийг сонирхож байгаа хүмүүсийг хүрэлцэн ирэхийг урья.
-Анхны “Lost it” цомгийнхоо талаар танилцуулаач?
-Дэлхий нийтэд трэп /trap/ чиглэлийн хөгжмийн эмо реп урсгалыг анх XXXtentacion нэрээрээ алдартай АНУ-ын реппер залуу танилцуулсан байдаг. Одоо тэр реппер нас барсан л даа. Миний хувьд тэр урсгалыг Монголд хөгжүүлэхээр анхны найман дуутай “Lost it” цомгоо гаргасан. Цомгийн маань хөгжим, аялгуу, орчин гээд бүх зүйлийг манай “Fibonacci music” ‘продакшны Том гэдэг монгол залуутай хамтран хийсэн. Мэдэх хүмүүс нь мэдэж байгаа байх. Анхны цомгоороо эмо репийг Монголд танилцуулахыг хичээсэн гэж ойлгож болно.
-Дууныхаа үгийг өөрөө бичдэг үү?
-Тийм. Бүх дууныхаа үгийг өөрөө бичдэг. Аяыг нь бас өөрөө хайж олно. Ямар орчин бүрдүүлж, шинэлэг стиль хэв маягийг хэрхэн харуулах вэ гээд бүгдийг өөрөө хийдэг.
-Уран бүтээлээрээ дамжуулан нийгэмд юу өгүүлэхийг хүсдэг вэ?
-Уран бүтээлч хүмүүс нэг дуу хийхийн тулд нэлээдгүй цаг хугацаа, хөдөлмөрийг зарцуулдаг. Алдарт Леонардо Да Винчи “Мона Лиза” хөргөө зурахын тулд хэр хугацааг зарцуулсан бол. Миний хувьд анхны “Lost it” цомгоо гаргахын тулд бараг гурван сар студид амьдарсан байдаг. Бас л амьдралынхаа цагийг үрж, бүх зүйлээ уран бүтээлдээ зориулж байгаа. Тийм учраас залуус уран бүтээлийг маань хүлээн авахдаа нэг нэгнээ хүндлээсэй гэж хүсдэг. Монголд өнөөдөр зарим ухамсар дорой залуус байна. Реппер гэхээр хараал урсгаж, нийгмийн муу муухайг дуулах ёсгүй шүү дээ. Орчин цагийн реппер “gangster” гэхээсээ илүү гоё мэдрэмж, сэтгэл ханамж, бизнес талаас нь энэ урлагийг хардаг болсон юм болов уу. Бид ганц дуу хийх гэж тэр уран бүтээлээрээ амьдардаг учраас илүү хүндэтгэлтэй хандаж, цомгийг нь мөнгө зарцуулж худалдан авдаг байгаасай гэж хүсдэг.
-Өөр уран бүтээлчидтэй хамтран уран бүтээл хийх үү?
-Хамгийн сүүлд реппер Цэцэ ахтай хамтран уран бүтээл дээр ажилласан. Хамтран уран бүтээл хийх дуучид олон бий. Хэрвээ надтай санал нийлж, тохирч чадвал уран бүтээл хийхэд нээлттэй хүлээж авна.
ШИВЭЭС БОЛ МИНИЙ АМЬДРАЛЫН САЛШГҮЙ ХЭСЭГ
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цагаараа ном уншина. Бас цагийг найз нөхөдтэйгөө хамт зугаатай өнгөрүүлэх дуртай. Хамгийн сүүлд “Гүн ухаан” гэдэг ном уншсан. Би ихэвчлэн үгийн баялагтай, толгой сүүл холбосон яруу найргийн ном уншдаг. Ер нь ихэвчлэн хар хавтастай ном уншдаг.
-Найз охинтой юу?
-Үерхдэг охин бий. Энэ талаар дэлгэрэнгүй ярьмааргүй байна.
-Ямар нэгэн хорт зуршил бий юу?
-Өмнө нь хорт зуршилтай байсан. Одоо ямар нэгэн хорт зуршил байхгүй.
-Хувцаслалтандаа хэр анхаардаг вэ. Ямар стиль имижээр хувцасладаг вэ?
-Би өнөөдөр найзынхаа брэндийн малгайтай цамц өмссөн байна. Сүүлд реппер Цэцэ ахын гаргасан “SOYO” хувцасны брэнд болон монголынхоо бусад брэндийг дэмжиж, хувцаслахыг хичээдэг дээ.
-Нүүрний шивээс анхаарал татаж байна. Ер нь биедээ хэчнээн шивээстэй вэ?
-Шивээс бол миний амьдралын салшгүй нэг хэсэг. Хүн өөрийн сонирхож байгаа зүйлээ хийж амьдарч, өөрийн ертөнцтэй байх ёстой. Хэрвээ хэн нэгэнд миний шивээс таалагдахгүй байгаа бол тэр л биз. Би өнөөдөр хамгийн сайхнаараа байна. Шивээсээ тоолж үзээгүй. Гэхдээ биеийн 40-50 хувь шивээстэй. Гүн утга агуулгатай шивээс биш ч биедээ олон шивээс хийлгэсэн.
-Хар тамхины хэргээр шалгагдаж, шүүхээс ял авсан гээд нэг хэсэг л шуугиан тарьж байв. Энэ талаар…?
-Нийгэмд асуудалтай зүйл зөндөө л байгаа. Би залуу хүн. Аль болох Монголынхоо хүүхэд, залуучуудад зөв үлгэр дууриалал болохыг хичээж явахад зарим хэвлэл мэдээллээр тиймэрхүү мэдээлэл цацсан нь надад таалагдаагүй. Хүн болгонд тэр мэдээлэл таалагдаагүй байх. Би олон залууст зөв үлгэр дууриалал болж, амьдралдаа битгий алдаасай гэж уриалдаг. Залуу хүн алдсан ч гэсэн алдаагаа давтахгүй байгаасай гэж хүсдэг. Хүн алдааг чин сэтгэлээсээ хийдэг гэж үү. Хүн болгон амьдралдаа ямар нэгэн алдаа гаргадаг шүү дээ. Би энэ асуудал дээр үнэн эсвэл худлаа гэсэн хариултыг өгмөөргүй байна. Үнэн байсан ч заавал хүний мууд дурлаад байх шаардлага байна уу.
Гэрэл зургийг: Г.БИЛГҮҮН