Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлигаар жүдо бөхийн ОУХМ С.Мияарагчаа Гавьяат тамирчин цолоор шагнагдсан юм.
Тэрээр дэлхийн шилдэг 16 бөх уригдаж барилддаг "World Masters" тэмцээнд хоёр жил дараалан дэлхийн шилдгүүдийг сөхрүүлсэн шилдэг жүдоч. Эрэгтэйчүүдийн -66кг-д чансаагаараа нэгдүгээрт Х.Цагаанбаатар, аман хүзүүнд С.Мияарагчаа бичигдэж явсан гайхалтай амжилт түүнд бий.
МУГТ С.Мияарагчаа: "Маш их баяртай байна. Миний амжилтыг үнэлснээс гадна манай тамирчдын шагнал шүү. Та бүгдийн минь хүч хөдөлмөр шүү. 17 жил жүдо бөхөөр хичээллэсэн. Энэ хугацаанд бас чамгүй амжилт гаргасан. Монголын хүчтэй тамирчдад хүчтэй өрсөлдөгч байж, ард нь бэлдэж өгч байсныг минь үнэлж энэ шагналыг өгсөн болов уу." гэсэн юм.
Д.ЖАРГАЛ