АНУ-д ажиллаж амьдарч буй, Эх дэлхийн элч төлөөлөгч, мисс Оюундалайн Цацралтай ярилцлаа. Хүмүүс Tsatsral Anjila инстаграм хуудас, Youtube-д Tsatsral Dalaijargal-аар нь илүүтэй мэдэх бөгөөд түүнийг радио сонсогчид, ойр дотныхон нь Анжила гэж дууддаг.
-Хоёулаа ярилцлагаа таны эрхэлж буй ажлаас эхэлье?
-Монголын шилдэг сайтын нэг “News.mn” сайтын хамт олонд намайг хүндэтгэн урьсанд баярлалаа. Одоогоор Америкийн нэгдсэн улсад суралцаж амьдарч байна.
-АНУ-д хэзээнээс амьдарч эхэлсэн бэ? Ямар учраас тус улсыг зорих болов?
-Монголд радиод 13 жил ажиллаж байгаад, монгол залуустаа англи хэл дээр шинэлэг хөтөлбөрүүд хүргэхийг хүссэн болохоор дөрвөн жилийн өмнө АНУ-д оюутан болж ирсэн.
-Харвардын их сургуульд хэрхэн элссэн тухайгаа ярихгүй юу. Ямар шалгуурууд хангасан байх ёстой байдаг вэ?
-Hi, Bye хоёр үгнээс өөрийг мэдэхгүй хэл сурах гэж ирсэн надад Харвард алс холын зүйл санагддаг байлаа. Гэсэн ч энэ миний хүүхэд насны мөрөөдлүүдийн нэг байсан болохоор идэх хоолгүй хонодог байсан хүнд хэцүү өдрүүдэд ч би мөрөөдсөөр л байсан нь магадгүй миний жижигхэн амжилтыг бүтээсэн байх.
-Энэ мундаг сургуульд ороод шантрах үе байсан байх. Тэр болгоныг яаж давдаг байсан бэ?
-Шантрах гэхээс илүү намайг улам хурцалж хүчтэй болгодог. Одоогоор би Харвардын их сургуулийн хагас цагийн оюутан. Учир нь анх Лос Анжелес, Калифорниагийн UCLA англи хэлний сургуулиа төгсөөд, Лос Анжелес хотын коллеж программ дуусах үетэй зэрэгцэн надад маш сайхан боломж олдсон. 100 хувь тэтгэлэгтэй магистрын зэрэг хамгаалах боломж тохиосон юм. Одоо Лос Анжелес хотдоо Бизнес удирдлагын магистр зэрэг хамгаалахаар бүтэн цагаар суралцаж байна.
-Та “Эх Дэлхийн Элч Төлөөлөгч Мисс” титмийн эзэн болсон түүхээсээ хуваалцахгүй юу?
-2018 оны арваннэгдүгээр сард “Мисс Азиа Америка” 30 жилийн ойн төсөлд Монгол Улсаа төлөөлж оролцсон. “Miss Global Ambassadors” буюу Эх Дэлхийн Элч Төлөөлөгч Мисс гэсэн нэр хүндтэй өргөмжлөл титмийг эх орноо төлөөлөн хүртсэндээ үнэхээр баяртай байдаг.
-Энэ тэмцээнд оролцох болсон зорилго, хамгийн сайхан мэдрэмж юунд байв?
-Энэ тэмцээнд оролцох болсон зорилго бол монгол эмэгтэйчүүдийнхээ үзэсгэлэн гоо, дайчин, ажилсаг тэр бүх сайхан зан чанаруудыг дэлхий нийтэд харуулахыг хүссэн. Мөн дэлхий нийтэд мисс гэдэг зөвхөн гадаад гоо үзэсгэлэнгээрээ төгс байх ёстой гэсэн ойлголт байдаг. Тийм биш. Мисс хүн гэдэг зөвхөн гадна талаасаа биш дотроосоо гэрэлтэж, хийж бүтээсэн зүйлтэй, бусдын төлөө чадах бүхнээ гар сунган хийж чаддаг байх, түүнийг бусдад ойлгуулж байх хэрэгтэй. Ийм л зүйлийг би харуулахыг зорьсон. Монгол Улсын оролцогч Оюундалайн Цацрал гээд ааваараа болон эх орноороо овоглуулаад дуудуулах үнэхээр гайхалтай сайхан мэдрэмж байсан. Амьдралын минь хамгийн сайхан мөчүүдийн нэг байсан.
-Та залуучууд, бүсгүйчүүдэд хандаж юу гэж хэлэхийг хүсдэг вэ?
-Би боловсрол, хүсэл эрмэлзэлтэй, нинжин сайхан сэтгэлтэй, бусдадаа тус дэм болдог хүмүүс хамтдаа энэ дэлхийг сайхан зүйлийн төлөө илүү их өөрчилж, өөдөлж дэвшихэд нь хувь нэмрээ оруулж чадна гэж итгэдэг. Тийм учраас эмэгтэйчүүд эрдэм боловсролд шамдан суралцаж, байж болох бүх нөөцөө гаргаад сайн сурах хэрэгтэй. Үеийн бүсгүйчүүд болон дүү нартаа бүгдэд нь үргэлж нэгэндээ тусалж, дэм болж байгаарай гэж хэлэхийг хүсч байна.
-Англи хэлнээс гадна өөр ямар нэгэн хэл сурч байна уу?
-Хэлний авьяастай, авьяасгүй гэж байдаг шүү дээ. Би яг үнэндээ хэлэхэд хэлний авьяасгүй төрлийн хүн шиг байгаа юм. Тийм болохоор улсад нь очиж суръя гээд АНУ-ыг орныг зорьсон. Анх зөвхөн “Hi, Bye”-тай байсан бол одоо харьцангуй сайжирч байна. Мөн цаашдаа үргэлжлүүлээд илүү олон хэл сурахыг хичээж байна. Солонгос, Орос хэлийг багахан ярианы түвшинд ойлгодог болж байна.
-Залуучууд гадаадад очоод юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Хамгийн түрүүнд залуучууд гадаадад ирээд хэсэгхэн ч гэсэн амьдарч үзээсэй гэж хүсдэг. Яагаад гэвэл гадны орны, дэлхийн хэмжээний мундаг залуучуудтай мөр зэрэгцээд суралцаад явахаар оюун бодол маш их тэлэгдэж, аливаа зүйлийг харах өнцөг эрс өөр болдог. Түүнээс гадна гадаадад байх хугацаандаа илүү тэмцэгч, амьдралынхаа төлөө дайчин болох болов уу гэж боддог. Анхаарах хэрэгтэй зүйл гэвэл давхар гадны ёс заншилд суралцах хэрэгтэй, маш их үр өгөөжтэй зүйл гэж хэлж болно.
–Youtube Channel сувгаа хэзээ нээсэн бэ? Бичлэгийнхээ санааг анх яаж олсон бэ?
-Яг одоогоор хийж эхлээд удаагүй байна. Дөнгөж хоёр сар болох гэж байгаа хэдий ч багахан хугацаанд маш олон залуучуудаас эерэг сайхан сэтгэгдэл авч байна. Эцэг эхчүүд маань ч гэсэн маш сайхан сэтгэгдэл, санал хүсэлт илгээж, маш их урам хайрладаг. Цаашдаа илүү их хэрэгцээтэй хэрэгтэй мэдээллийг залуучууддаа түгээж, залуучууддаа туслахын төлөө чадах бүхнээ хийсээр байх болно. Миний Youtube Channel сувгийн маань нэр Tsatsral Anjila юм.
–Youtube дэх бичлэг тань одоогийн байдлаар хэр их хандалттай байна вэ?
-Одоо хоёр сарын дотор нийтдээ 2,100 subscribe-тай болсон. Залуучууд, ялангуяа дунд сургуулиа төгсөж буй дүү нар, их сургуулиа төгсөж байгаа залуучууд гээд маш олон хүнээс зөндөө хандалт ирж байна. Цаашдаа энэ сувгаараа олон хүнд хэрэгцээтэй мэдээ мэдээллүүд хүргэж байх болно.
-Орчин үеийн залуусын нийгмийн сүлжээнд хандах хандлагын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Одоо сошиал медиа гэдэг хувь хүний өөрийн нэрийн хуудас болоод байна. Яг тэр хүний хэн бэ гэдгийг илтгэх, ажлын ярилцлагад ч гэсэн тухайн байгууллага нь хүмүүсээ ямар хүн бэ гэдгийг нь сошиал медиа буюу фейсбүүк, инстаграм хуудсаас нь хараад мэддэг болох жишээтэй. Гэхдээ амьд ертөнцөөс хэтэрхий тасраад, хэтэрхий сошиал медиад донтчихсон залуучууд байдаг. Бодит амьдралтайгаа ойр байж, сошиал медиа гэдэг зүйлийг өөртөө зөв ашиглаасай гэж бодож байна. Ерөнхийдөө гол санаа нь сошиал медиаг зөв ашиглавал таньд маш олон боломж нээж өгөх боломжтой. Дэлхийн хаана ч байсан дэргэдээ байгаа юм шиг хамтдаа нэгнээсээ суралцаж, нэгнээ дэмжих хамтрах боломжуудыг бидэнд сошиал медиа олгож байна. Тийм учраас энэ зүйлийг зөвөөр ашиглавал маш их хэрэгтэй зүйл шүү гэдгийг анхааруулж байна.
-Та яг ямар үедээ өөртөө илүү их таалагддаг вэ?
-Би нэг тийм сэтгэлдээ хүрсэн сайхан зүйл, сайн үйл хийгээд хэн нэгнийг баярлуулсныхаа дараа хамгийн гоё мэдрэмж авдаг. Ялангуяа өндөр настай хүмүүс, эцэг эхгүй байгаа өнчин хүүхдүүд ч юм уу баярлуулаад баярлаж байгаа төрхийг нь хараад хамгийн их аз жаргал мэдэрдэг.
-Таны хамгийн аз жаргалтай үе гэвэл?
-Жаахан охин байхад манай гэр бүлийн амьдрал хэцүү байлаа. Айл болгонд амьдралд нь тийм хэцүү үе байдаг байх гэж бодож байна. Манай гэр бүлийн үед хамгийн их уналтад орсон байсан үе. Идэх хоолгүй болсон байхдаа хэдэн долоо хоног өлссөн, маш хэцүү. Маш их ажиллаж хичээсний эцэст гэр бүлээрээ ширээ тойрч суугаад халуун хоол идэж байж билээ. Ирээдүйн мөрөөдлөө ярьж суусан хайр дүүрэн мөчийг би хэзээ ч мартдаггүй. Яг энэ сэдвээр би анх АНУ-д хэлний сургууль төгсөхдөө илтгэл тавьж байсан. Багш, оюутнуудын өмнө сэтгэл, зүрхний гүнээс энэ түүхээ яриад уйлж байсан. Дөрвөн долоо хоногийн турш олигтой хоол идээгүй байж байгаад маш их ажиллаж тэмцсэний эцэст гэр бүлээрээ аз жаргалтайгаар хонины гэдэс чанаж идэж байж билээ.
-Сайн найз гэж таны бодлоор хэнийг хэлэх вэ? Бидэнд сайн найзынхаа тухай ярихгүй юу?
-Сайн найз гэдэг бол бурхнаас өгсөн бэлэг гэж боддог. Мөн бидний амьдралдаа сонгож авах ганцхан гэр бүл найзууд. Тийм учраас өөрийнхөө хажууд хэнийг найзаар байлгах вэ? Яг өөрөө түүн шигээ найз байх хэрэгтэй гэж би боддог. Энэ тал дээр би маш их азтай. Надад найз шиг найзууд байдаг. Бид дэлхийн олон тивд амьдарч, өөрийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлж байна. Итали, Австрали, Сингапур, Хятад, Америк гээд бүгд өөр өөр улс оронд суралцаад, өөрийгөө улам хөгжүүлээд, Монголынхоо ирээдүйн залуустаа тус дэм болно гээд зориод сайхан нөхөрлөж байна. Одоо АНУ-д мөн адил гайхалтай сайхан найзуудтай болсон. Яг жинхэнэ найз гэж хэлж болох эдгээр хүмүүсийнхээ зан чанарыг бодохоор маш хөдөлмөрч, шударга, миний амьдралдаа туулсан хүнд хэцүү цагт гараас тавиагүй, миний бүх амжилтад алга ташаад зогсож байсан бүх хүн миний найз.
-Энэ их амжилт, завгүй амьдралын тань цаана үргэлж тулж түшиж байдаг хүн хэн бэ?
-Энэ амжилтыг би л гаргасан юм шиг харагдаж байгаа боловч энэ бүхний ард өөр хүмүүс байсан. Хэзээ ч өөрийгөө ил гаргадаггүй л болохоос биш миний гэр бүл, хайртай найзууд, төрснөөс дутуугүй ах эгч нар минь, үргэлж түшиж тулдаг найз залуу минь гээд дурдаад байвал дуусашгүй ээ.
-Таны бодлоор амжилт гэж юу вэ?
-Миний хувьд амжилт гэдэг зүйлийг хэмжээшгүй том зүйлээр ч юм уу, хэдэн жилийн дараагийн зүйлсээс илүүтэйгээр яг одоо яг өнөөдөр та юу хүсч, зорьж, ямар зорилго тавьсан бэ? Магадгүй зөвхөн би өнөөдөр хэтэрхий их кофе уугаад байна. Кофе уухаа болино гээд хэлсэндээ хүрээд, түүндээ тууштай байх амжилтын нэг юм болов уу гэж бодож байна. Тэгэхээр амжилт гэж дан ганц жижигхэн зүйлийг хэлж болохгүй л дээ. Бидний хүсэл мөрөөдөл, зорилго маань жижгээс эхлээд бүр том алс хэтийн зүйлсэд байдаг. Зорилготой, хүсэл тэмүүлэлтэй байж чадаж байгаа нь бас нэгэн амжилт юм шиг санагддаг. Дуртай зүйлээ олж, түүнийгээ хийх нь хүнд баяр баясгалан өгч, амжилт дагуулдаг гэж боддог, бас тууштай хөдөлмөрч зан. Жишээ нь, эгч нь радиод хөтлөгч байхдаа цалин маш бага, шөнө эфирт ажиллана, их ядардаг. Тэгсэн ч үнэхээр дурласан ажил минь байсан учраас шөнө гурав, дөрвөн цагт ч би баяртайгаар ажлаа хийдэг байсан. Нийт 13 жил ажиллаад, сүүлийн найман жилд 99.7, 105.5 радиогийн захирлаар ажиллаж одоо АНУ-ын Лос Анжелес хотод 90.7 фм радиод дадлагажиж байгаа юм. Энэ нь дуртай зүйл тууштай байдал хоёр нийлээд өнөөдрийн багахан амжилтад нөлөөлсөн.
-Таны ойрын зорилгыг сонирхъё?
-Би АНУ-д хэлээ сайжруулж, боловсролоо дээшлүүлж, сурч мэдэх гэж ирсэн. Багагүй хугацааг энд өнгөрөөсөн байна. Ирэх жил магистрын зэргээ хамгаалж дуусна. Сургуулиа төгсөөд, практик хийж байгаад, Монголдоо буцаж очоод, сурч мэдсэн бүх зүйлээ чадлынхаа хэрээр залуустаа хүргэхийг чин сэтгэлээсээ хүсч байна. Мэдээж дотроо бодсон маш том хүсэл мөрөөдөл бий. Ойрын зорилго бол сургуулиа амжилттай төгсөөд, улс эх орондоо сурсан мэдсэнээ нутагшуулж, ихийг хийж бүтээхийг хүсч байна.
-Эх орондоо ирээд хамгийн түрүүнд ямар ажил хийх вэ?
-Гадны улс оронд, ялангуяа хөгжингүй улс орнуудад ирж орон орны хүмүүсийн ёс заншлыг сурч мэдэж, амжилтуудынх нь нууц юу байгааг чадахаараа сурч мэдэх гэж энд байгаа. Мэдээж Монголдоо амьдарна, Монголдоо очно. Очоод хамгийн түрүүнд миний хийхийг хүсч байгаа зүйл бол жижигхэн төв нээгээд, тухайн төвдөө залуучууд болон өндөр настай хүмүүст зориулсан үнэ төлбөргүй сургалт явуулахыг хүсч байна.
-Ярилцлагынхаа сүүлийн хормыг таны мэдэлд үлдээе?
-Миний хувьд залуу хүн, дараагийн 10, 20 жилийн зорилгууд толгойд минь бий. Түүнийхээ төлөө тэмцсээр байна. Өнөөдрийн багахан амжилтад хүрснийг маань үнэлээд хүндэтгэн урьсан танай сайтын хамт олонд баярлалаа. Залуучууддаа хэлэхэд би боломжгүй айлын хүүхэд гэж битгий өөрийгөө голоорой. Хүсэл мөрөөдөл байгаа бол түүндээ заавал хүрч чадна. Бидэнд маш олон боломж байгаа гэж хэлмээр байна. Энэ ярилцлагын төгсгөлд залуучууд өөрсдийгөө яг байгаагаар нь хайрлаад, өөрийнхөө төлөө чадах бүх зүйлээ хийн тэмцэж, өөрийгөө маш сайн дайчилж чадвал мөрөөдөл бүхэн биелэх боломжтой. Хэзээ ч биелэхгүй гэж бодож байсан тэр алс холын зүйл таны яг хажууд чинь байгаа. Бидэнд олдож байгаа 24 цаг дахиж хэзээ ч олдохгүй. Нэг өдөр өнгөрсөн л бол тэр өнгөрсөн цаг болж хувирна. Тийм болохоор өөртөө байгаа цаг хугацааг өөртөө хэрэгтэй зүйлсдээ зарцуулах хэрэгтэй. Өөрөө өөрийгөө байгаа чигээр нь брэнд болгох хэрэгтэй гэж хэлмээр байна.
Ч.НАНДИНЦЭЦЭГ
Холбоотой мэдээ