БНӨСУ-д НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэнхэр дуулгатнууд иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх хүмүүнлэгийн ажлаа хийсэн байна. Тэд Бентью хотын төвд орших доктор Жон Грангийн нэрэмжит “Спорт цогцолбор”-ыг тэдний чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх, спортоор хичээллэх цогц талбайг нь засч тохижуулан Африкийн хүүхдүүдэд бэлэг барьсан талаар бид өмнө мэдээлсэн.
Нээлтийн арга хэмжээнд UNMISS ажиллагааны мужийн зохицуулагч, мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэргийн багийн захирагч, БНӨСУ-ын залуучуудын хөгжил, мэдээлэл спортын яамны Хойд Лиеч муж болон эрүүл мэнд хариуцсан дарга нар, мужийн хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөгийн холбоодуудын дасгалжуулагч, баг тамирчид, НҮБ-ын, орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилчид, иргэд, хүүхэд, багачууд оролцсон байна.
Хүндэт зочид, орон нутгийн удирдлага, хуран цугласан хүүхэд, залуус шинэхэн засварласан спорт талбайгаа сэтгэл бахдам хүлээн авч баярлаж талархсанаа илэрхийлсэн нь цэнхэр дуулгатан бүтээлч залуусын маань урам зоригийг улам өөдөө бадраалаа.
Мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэргийн багийн Иргэн цэргийн харилцааны офицер, ахмад н.Ням: Бид энэ удаагийн хүмүүнлэгийн үйлсээ Хойд Лиеч мужийн “Бентью” хотын хүүхэд залууст хэрэгтэй зүйлийг нь хийж өгөхөөр шийдвэрлэн батальоны дотоод нөөц бололцоонд тулгуурлан богино хугацаанд, бага хүчээр энэ том ажлын ард гарлаа. Хүмүүнлэгийн энэ удаагийн үйлст оролцсон залуус бид олон улсын стандартад нийцэхүйц хөл бөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөгийн талбайг будаж засварлан хөл бөмбөгийн талбайд 2 ширхэг сүүдрэвч, гар бөмбөг болон сагсан бөмбөгийн талбайн шийдийг шинэчлэж, биеийн тамирын савлуур, дүүжин, цогцолборын эргэн тойронд 30 ширхэг урт сандлыг хийж байршууллаа. Өнөөдрийн нээлтийн арга хэмжээнд оролцохоор олноор хуран цугласан орон нутгийн хүүхэд, залууст шинэхэн засварласан спорт тоглоомын цогцолбороо хүлээлгэн өглөө. Орон нутгийн удирдлага болоод хүүхэд залуус сэтгэл өндөр талархаж байгааг нь сонсох сайхан байна. Энэ бол Монгол Улсын VIII мотобуудлагын батальоны цэнхэр дуулгатан хөдөлмөрч авьяаслаг залуусын нөр их хөдөлмөр билээ. Бид нөхөрсөг тоглолтоор талбайн нээлтээ хийж оролцсон бүх баг, тамирчдад дурсгалын медаль, спортын иж бүрэн хэрэгсэл болох сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөгийн торнууд, бөмбөг тус бүрээс 5 ширхэгийг, хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад хичээлийн хэрэгсэл, тоглоомын хамт бэлэглэсэн.
НҮБ-ын UNMISS ажиллагааны мужийн зохицуулагч, хатагтай Хироко Хирахора: Энэ сайхан арга хэмжээнд оролцож байгаадаа туйлын их баяртай байна. Монгол Улсын батальон орон нутгийн иргэд рүү хандсан хүмүүнлэгийн олон сайхан үйл ажиллагааг явуулж байгаа. Өнөөдрийн энэ үйл Судан Улсын хүүхэд залууст нэн хэрэгтэй байсан нь энд хуран цугласан олныг харахад нь маш тодорхой харагдаж байна. Монгол Улсын батальоны залуус үнэхээрийн ач холбогдолтой чухал үйлийг сэтгэл зүрхнээсээ хийлээ. Монгол Улсын VIII мотобуудлагын батальон мандатад заагдсан үүргээ маш сайн гүйцэтгэж байгаагаас гадна энэ улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудын боловсролд анхаарч байгаад маш баяртай байна. Тийм болохоор Монгол Улсын батальон НҮБ-ын чухал нэг хэсэг гэдгийг дахин харуулж байна.
БНӨСУ-ын залуучуудын хөгжил, мэдээлэл, спортын яамны Хойд Лиеч муж хариуцсан дарга, ноён Лаам: Өнөөдөр “Бентью” хотын Доктор Жон Грангийн нэрэмжит спорт тоглоомын талбайн нээлтийн арга хэмжээ болж байна. МОНБАТТ-ын цэргийн алба хаагчид манай иргэдэд маш сайхан зүйлсийг бүтээж өглөө. Тэдний энэхүү ажлыг хийхэд тусалсан UNMISS ажиллагааны Мужийн зохицуулагчийн албанд талархаж байгаагаа дахин илэрхийлье. Ялангуяа Монгол цэргүүд маш ухаалгаар гарын доорх материалыг ашиглан бүтээлчээр ажиллан энэхүү өнгөлөг сайхан стандартад нийцсэн цогцолборыг хийж бүтээсэнд маш их баярлаж байгаагаа дахин хэлье. Та бүхний гэгээн үйлс дардан байг.
“Бентью” хотын хөл бөмбөгийн холбооны дарга, ноён Филлиф: Монбаттын залуучууд бидэнд хөл бөмбөгийн талбайг хийж өгөхөөс гадна сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбайг тохижуулж өгсөнд маш их баярлаж байна. Тэдний ажилд манай хөл бөмбөгийн холбооны хүүхэд багачууд боломжоороо тусалж дэмжиж бидний зүгээс гар бие оролцсондоо баяртай байна. Энэ ажил тэдний сүүлийн ажил биш гэж бодож байна. Дараа дараагийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хамтран ажиллахдаа баяртай байх болно.
Хөл бөмбөгийн багийн ахлагч, Жан Жоүк: Та бүхэнтэй уулзаж байгаадаа мөн ийм сайхан талбайг засварлаж өгсөнд баяртай байна. Өнөөдөр талбайн нээлтийн арга хэмжээний нөхөрсөг тоглолтод Монгол Улсын хөл бөмбөгийн багтай анх удаа тоглолоо. Дараагийн удаа дахин тоглоно гэж найдаж байна.
Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ
Холбоотой мэдээ