Үзэгчиддээ Ааяа нэрээр танил болсон жүжигчин Ш.Алтанцэцэг өнөөдөр Монгол Улсын гавъяат жүжигчин цолоор шагнууллаа. Түүнийг шагналаа авч Төрийн ордноос гарч ирэх үед үе үеийн хошин урлагийн салбарын төлөөлөл угтан авлаа.
Шинэхэн гавъяат Ш.Алтанцэцэг "Урлагт 23 жил зүтгэж гавъяат жүжигчин хэмээх цол тэмдгээр шагнуулж байгаадаа туйлын их баяртай байна. 1985 онд Багшийн дээдийн Кино драмын ангийг төгсөж байлаа. Урлагийн замд хөтлөн оруулсан Ц.Доржсамбуу багшдаа баярласнаа хэлмээр байна. Багш минь бурхны орноос харж байгаа болов уу. “Мрөдөөлийн театр”-ийнхаа залуучуудтай 21 аймгийг тойрон аялах үед монголын ард түмэн минь намайг ямар их хүндэлдэг вэ гэдгийг мэдэрч явлаа” гэсэн юм.
Ш.Алтанцэцэгт баяр хүргэхээр ирсэн хамт олноос нь дараах сэтгэгдлийг сонслоо.
“Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг “Монголын хошин урлагийн залуу үе болох бид Ааяа эгчдээ баяр хүргэхээр түүнийг тэсэн ядан хүлээж байлаа. Ааяа эч маань ард түмний хайртай жүжигчин шүү дээ. Тайзан дээр төдийгүй хамт байхад хүртэл өөрийн эрхгүй хайр хүндэтгэл төрөхөөр тийм л жүжигчин. Бид Ааяа эгчээрээ бахархаж байна. Мэдээж хошин урлаг тэр чигтээ өнөөдөр баярлаж байна”.
“Эмоци” продакшны жүжигчин С.Тэмүүжин “Олон жил театрын урлагт ажилласан мундаг жүжигчин шүү дээ. Бид Ш.Алтанцэцэг эгчтэй өмнө нь “Гурван найз” төсөл дээр ажилласан. Ирээдүйд олон сайхан бүтээл дээр хамтран ажиллаж, Ааяа эгчийг олон сайхан дүр бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.Хошин урлаг мандтугай” гэлээ.
Д.ЖАРГАЛ