Увс аймгийн Баруунтуруун сум үүсэн байгуулагдсаны түүхт 60 жил, Турууны үржил шимт хөндийд газар тариалангийн үйлдвэрлэл үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 25-наас 26-нд өргөн дэлгэр болжээ.
Тус сумын наадмын үндэсний бөхийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат, Улсын заан Д.Бумбаяр, Улсын харцага Т.Баасанхүү, Улсын начин С.Батсуурь нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх хүч чадлаа сорьсон байна.
Барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, "Хилчин" Спорт хороо, Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар, "Увс нуур" бөхийн дэвжээ, "Эрдэнэс монгол" группын бөх Монгол Улсын аварга Сүхбаатарын Мөнхбат түрүүлж, Баруунтуруун сумын харьяат, ТЕГ-ын "Эрч" спорт хорооны бөх, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, аймгийн арслан Хашбаатарын Цагаанбаатар үзүүрлэжээ.
Улсын заан Д.Бумбаяр зургаагаас долоон настай "Хууринан шуугагч" хүүхдийн үндэсний бөхийн барилдааныг ивээн тэтгэж, Өндөрхангай сумын харьяат, Баруунтуруун сумын төгсөгч, улсын начин С.Дангаасүрэн шөвгийн дөрөвт үлдсэн бөхийн бай шагналыг даасан байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ