Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Монхиндэр Пратап Синхтэй уулзалт хийлээ.
Уулзалтын хүрээнд хоёр орны Гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах тухай болон алба хаагчдыг суралцуулах талаар санал солилцсон юм.
Онцгой байдлын ерөнхий газрын хувьд БНЭУ-ын Гамшгийн удирдлагын газартай Гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар ажиллаж байна. Энэхүү санамж бичиг байгуулагдсанаар хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны эхлэл тавигдаж, цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой болох юм.
Дашрамд дурдахад Бүгд Найрамдах Энэтхэг Улсад 2017- 2018 онд Онцгой байдлын байгууллагын 20 алба хаагч БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлэгтэйгээр Англи хэлний анхан шатны сургалтад хамрагдсан юм. Уулзалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал БНЭУ-ын Элчин сайдын яамнаас тус сургалтыг цаашид уламжлал болгон зохион байгуулж, дунд, ахисан шатны сургалтуудад манай алба хаагчдыг хамруулна гэдэгт найдаж буйгаа уламжилсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.