Интернет захиалга ба хулхидуулж ханадаггүй монголчууд

Хуучирсан мэдээ: 2019.07.31-нд нийтлэгдсэн

Интернет захиалга ба хулхидуулж ханадаггүй монголчууд

Интернет захиалга ба хулхидуулж ханадаггүй монголчууд

Зах, дэлгүүр гээд зөвхөн өөрийн биеэр худалдан авалт хийдэг байсан цаг ард хоцорч, гэртээ хүссэн бараагаа хүргүүлж, дэлхийн аль ч өнцгөөс хүссэн бараагаа авдаг болж. Гэхдээ энэ бүхний хажуугаар саар мэдээ ч байдаг талаар олон удаа сонсч байв. Учир нь интернет захиалга, худалдаа хийгээд хулхидуулсан талаарх гомдол сошиал орчинд олон гарах болжээ. Хамгийн харамсалтай нь интернет худалдаанд хулхидуулагчдын тоо олон болж байгаа нь монголчуудын хэнэггүй зантай нь ч холбоотой гэдгийг хэлэх хүн олон байдаг. Хаширдаггүй, хэнэггүй монголчуудыг хулхиддаг хүмүүсийн олонх нь ч монголчууд.

ИНТЕРНЕТЭЭР ЗАЛИЛАН ХИЙВЭЛ ЗААЛТААСАА ШАЛТГААЛАН 1-8 ЖИЛИЙН ЯЛ ОНООДОГ

Манай сайтын нэгэн уншигч интернетээр бараа захиалаад хулхидуулсан тухай мэдээллээ. Тэрбээр интернет дэлгүүрээс машины багц худалдан авахаар захиалга өгч. Хүргэлтийн төлбөр нэмээд 42 мянган төгрөг. Гэвч захиалгаар ирсэн бараагаа хэрэглэж чадсангүй. Дугуй хийлэгч нь хүний амнаас дор үлээх, олс татагч нь хүүхдийн дугуй хүртэл татаж дийлхээргүй хэврэг эд байжээ. “Хэрэв үүнийг анзааралгүй аялалд авч явсан бол замд машин эвдэрлээ гэхэд дугуйгаа нөхөж, шаварнаас татаж чадахгүй аюулд орох байлаа” хэмээн захиалагч халаглан ярив. Яг түүнтэй ижил халаглагчид фэйсбүүк хуудсаар дүүрэн бий.  “Манай машины багцад галын хор, ослын гурвалжин, аккумлятор холбогч, чирэгч олс, дугуй хийлэгч гээд жолооч нарт зориулсан бүх төрлийн багажууд байна. Захиалах хүмүүс дугаараа үлдээнэ үү!” гэсэн зарын дор 725 хүн дугаараа үлдээж, захиалжээ. Тэгэхээр ийм тооны хүмүүс чанарын шаардлага хангаагүй багц захиалж, хулхидуулсан байж болзошгүй юм. Тиймээс тус зарын доод хэсэгт байх дугаар луу утас цохиж захиалгын бараа хаанаас ирдэг, чанарын баталгаа өгч чадах эсэхийг тодруулахад харилцуур авсан эмэгтэй “Манай бараа Шинжанаас  ирдэг. Дансанд мөнгөө 100 хувь байрлуулбал бид өдөртөө захиалга нийлүүлнэ. Машины багцыг манайхаас олон хүн авдаг гомдол мэдүүлж байгаагүй, чанар гайгүй шүү дээ” гэв. Дээрх машины багцын интернет худалдааны хувьд залилан уу үгүй юу гэдгийг эхлээд тогтоох ёстой гэдгийг ЦЕГ-ийн хэвлэлийн төлөөлөгч, ахлах мэргэжилтэн, ахмад М.Мөнхшүр хэлж байв. Тэрбээр “Захиалгын бараа цаанаасаа ирэхдээ заримдаа нэг, хоёр гологдолтой ирэх тохиолдол байдаг. Тэр нь мэдэгдэлгүй тухайн үйлчлүүлэгчид очсон байж болно. Энэ тохиолдолд залилан гэмт хэргийн шинжтэй гэж үзэхгүй. Хэрэв энэ үйлдэл олон дахин давтагдаж, хохирсон иргэд нэгээр зогсохгүй байгаад цагдаагийн байгууллагад гомдол ирүүлбэл бид шаардлагатай арга хэмжээ авна. Иргэдийн итгэлийг олж, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-р бүлэгт зааснаар анх удаа, давтан, эсвэл энэ төрлийн гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан гэсэн заалтаасаа шалтгаалаад 1-8 жилийн ял шийтгэл оноодог. Давхар интернет ашиглаад залилан хийсэн бол цахим мэдээллийн аюулгүй байдлын хуулиар 1-3 жилийн ял өгнө. Нэг залилагч байлаа ч хоёр төрлийн гэмт хэргээр яллагдана гэсэн үг” гэв.

ИРГЭД ХЯМД ҮНЭТЭЙГ НЬ СОНГОДОГ

Хуучин цагт Нарантуул дээр хүний хоёр нүднээс бусад нь л байна гэдэг байсан бол өнөөдөр интернет худалдаанд ёстой л хүний хоёр нүднээс бусад нь бий.  Цаг заваа хэмнэж, сонголт худалдан авалт хийж буй нь сайшаалтай ч сайны хажуугаар саар нь ч бий.  Хувцас гэхэд будаг гардаг, материал муу, хэмжээ таарахгүй гээд асуудал их. Бүр захиалга аваад блок хийгээд алга болох тохиолдол ч бий. Уураа барсан иргэд гомдлоо цахим хуудастаа бичиж, зургийг нь оруулан, анхааруулга тавьсан харагддаг. Хамгийн гол нь иргэдээс урьдчилж төлбөрөө авдаг учраас ямар нэгэн асуудал гарлаа гэхэд зөвхөн иргэд л хохирч үлдэнэ.

Бас нэгэн жишээ татахад, иргэн Б гоо сайхны интернет дэлгүүрээс 35 мянгаар брэндийн крем захиалжээ. Гэтэл зураг дээрээсээ огт өөр савалгаатай, дотор нь шингэн крем порлонд шингээчихсэн байж. Түрхээд үзэхэд өө даралт, шингээлт, тогтоц муу байж. Үүгээр ч зогсохгүй хэсэг хормын дараа арьс бэржийж улайжээ. “Moon” нэртэй интернет дэлгүүрт хулхидуулсан хэрэглэгч уг дэлгүүрт гомдлоо илэрхийлэхэд хариу тайлбар өгөөгүй аж.  Үнэндээ иргэд их үнэтэй биш л бол чанаргүй, хулхи барааны араас гомдол мэдүүлэх нь ховор. Цагдаад мэдүүлэг өгч, хэл ам хийж, хамаг нервээ бараад яах вэ гэж боддог бололтой юм билээ. Ингэж зүгээр орхисны цаана дахиад олон үйлчлүүлэгч хохирох магадлалтай. Үүний оронд цаг тухайд нь цагдаагийн байгууллагад мэдээлснээр, хулхидаж байгаа, захиалга аваад блок хийж буй онлайн худалдаа, сайтын үйл ажиллагааг таслан зогсоох боломжтой юм. Нөгөө талдаа иргэдийн өөрсдийнх нь сонголт, хариуцлага маш чухал.

ЭНЭ ТӨРЛИЙН ХУДАЛДААГ ЗОХИЦУУЛАХ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИН БАЙХГҮЙ

Интернет дэлгүүрийн худалдаа ихэвчлэн фэйсбүүк орчинд явагддаг байна. Өнгөрсөн оны байдлаар манай улсад фэйсбүүк хэрэглэгчийн тоо хоёр сая давжээ. Эдгээрийн 20 хүн тутмын нэг нь жилд багадаа нэг удаа ямар нэгэн байдлаар худалдан авалт хийдэг гэсэн судалгаа байна. Тэгэхээр 100 гаруй мянган хүний эрх ашиг яригдаж байна гэсэн үг. Интернет захиалга хийгээд хулхидуулсан иргэд хэнд, хаана хандахаа мэддэггүй. Сайндаа л пост оруулж, захиалсан дэлгүүртээ онлайн гомдол үлдээдэг байна. ШӨХТГ-ын дарга Ш.Цэрэндулам нэгэн ярилцлагадаа “Он гарсаар цахим худалдааны төрлийн гомдол цөөнгүй ирсэн. Захиалсан барааных нь хэмжээ таараагүй, чанаргүй бүтээгдэхүүн ирүүлсэн гэсэн гомдлыг хуулийн дагуу зохицуулж, гомдолгүй болгосон. Гэхдээ манайд энэ төрлийн худалдааг зохицуулах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах тусгайлсан хууль, журам байхгүй. Бид гомдол хүлээн авч шийдвэрлэх үүрэгтэй боловч, цахим худалдаачдын олонх нь хувь хүн учир тэднийг нэгбүрчлэн олж, хариуцлага тооцох боломжгүй” гэжээ.

ИНТЕРНЕТ ХУДАЛДАА БА ГАРЦААГҮЙ БАРИМТ

Интернет дэлгүүрийн хувьд лангууны түрээс, худалдагчийн цалин, урсгал зардал гэж үгүй. Дэлгүүрийн лангуунаас илүү хямд борлуулдаг учир иргэд ч худалдан авалт их хийдэг. Мэдээж чанартай сайн бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг, хэрэглэгчдийн итгэлийг олсон интернет дэлгүүр олон байна. Үүний хажуугаар иргэдийн итгэл дээр “тоглолт” хийх нь ч бий. Үүнийг ялгахын тулд иргэд өөрсдөө анхааралтай байж, тухайн сайтын мэдээллийг нягтлан үзсэний үндсэн дээр захиалгаа өгөх, захиалга авагч нь баталгаатай эсэхийг нягтлах шаардлагатай. Ядаж мөнгөө гуйвуулж буй банк, дансны дугаар, эзэмшигчийн нэрийг хадгалж, мөнгө хийсэн баримтаа хуулж авах зэргээр дахин захиалагчтай холбоо тогтоох баримтаа авч үлдэх хэрэгтэй гэдгийг хуулийн байгууллагынхан сануулж байна.  Хэрэв залилуулсан бол цагдаад мэдэгдэж, иргэний үүргээ биелүүлэх шаардлагатай. Ингэснээр интернет захиалгаар иргэдийг хуурах явдал багасна гэдгийг энд тодотгоё.

Ц.АРИУНЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж