"Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд анх удаа “Учиртай гурван толгой” дуурийг анх удаа задгай талбайд тоглоно. Үндэсний, ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурь 65 дахь жилдээ үзэгч түмэндээ хүрч байгаа бөгөөд анх 1934 онд драмын жүжиг, 1942 онд хөгжимт жүжиг, 1950 онд дуурь болсноосоо хойш 2415 дахь удаагаа тоглогдох гэж байна.
“Чингисийн талбайд” тоглох “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрүүдийн сонгон шалгаруулалтыг НЗДТГ-ын санаачлагаар 2015 оны 06-р сарын 24, 25-ны өдрүүдэд УДБЭТ-ын тайзнаа нээлтэй зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтаар Б.Дамдинсүрэн Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнд: УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин, Нансалмаад: СТА Ш.Наранчимэг, Хоролмаад: МУГЖ С.Мөнгөнцэцэг, Балганд: СТА Ж.Бямбажав нар тоглож, симфони найрал хөгжмийг МУГЗ Ж.Бүрэнбэх удирдахаар болжээ. Тайзны уран бүтээлийг задгай талбайд тоглох хүндтэй бөгөөд хэцүү үүргийг биелүүлэхээр УДБЭТ-ын хамт олон бэлтгэл ажилдаа шамдан ороод байна.
Зохион байгуулагчдын зүгээс Үндэсний их баяр наадмын үеэр тоглох тус тоглолтод оролцогчид болон үзэгчид нь үндэсний хувцас монгол дээлтэй, гадаадын иргэн бол Монголын үндэсний хувцасны хэрэглэгдэхүүн орсон хувцастай, эсвэл өөрийн орны үндэсний хувцастай хүрэлцэх ирэхийг уриалж байгаа юм. Тоглолт 2015 оны 07-р сарын 10-ны өдрийн 21:00 цагт “Чингисийн талбайд” болно. Энэ үеэр Чингисийн талбай орчмын байгууллагуудын өмнөх авто зогсоолуудыг үнэ төлбөргүй болгож чөлөөлнө гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.