Хуучирсан мэдээ: 2019.07.30-нд нийтлэгдсэн

Ливерпүүл клуб
  • Цэнгэлдэх хүрээлэн: “Anfield” 53,394 хүний суудалтай
  • Дасгалжуулагч: Юрген Клопп
  • Багийн ахлагч: Жордан Хендерсон
  • Лигийн аварга: 18 удаа
  • Цомын аварга: 7 удаа
  • Холбоодын цом: 15 удаа
  • Лига кап цом: 8 удаа
  • Европын тавцанд үзүүлсэн амжилт: Аваргуудын лигт 6, Европа лигт 3, Супер цомд 3 удаа түрүүлсэн

Английн төдийгүй Европ, дэлхийн шилдэг клуб бол Ливерпүүл клуб юм. Тэд Английн хөлбөмбөгийн дээд лигт 18 удаа түрүүлсэн амжилтаар бүх цаг үеийн 2-рт Манчестер Юнайтед клубын ард, Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигт 6 удаа түрүүлсэн амжилтаар Европын ТОП багууд дундаас эхний 3-т бичигддэг арвин их түүх, намтартай баг юм. Өнгөрсөн улиралд Ливерпүүл клуб Аваргуудын лигт 6 дахь удаагаа түрүүлсэн.

Аваргуудын лигийн хэсгийн шатандаа тун хангалтгүй тоглолт үзүүлж хэсгээс хоёроор хасагдах шатанд шалгарсан ч хасагдах шатанд Бавари Мюнхен клубыг 3-1, Порто клубыг 6-1, Барселона клубыг 4-3 харьцаатай хожиж, аваргын төлөө Тоттенхэм Хотспур клубыг 2-0 харьцаатай хожиж, зургаа дахь удаагаа “дэлдэн чихт” цомыг өргөсөн. Гэхдээ Ливерпүүл клубт хамгийн гол нь Английн премьер лигийн цом хэрэгтэй байлаа.

Ливерпүүл клуб 1990 оноос хойш Английн дээд лигт, ялангуяа нэрээ өөрчлөн премьер лиг нэртэй болсноос хойш лигтээ түрүүлж үзээгүй 19 жилийг өнгөрүүлээд байна. Уг нь улирлын турш гайхалтай тоглолт үзүүлж 38 тоглолтоос 30 хожил байгуулж, 7 тэнцэж, 1 хожигдсон. Гэвч тэднээс лигийн цом нүүр буруулсан. Лигийн 7 тэнцээнүүдээс Вест Хэм Юнайтед, Лейстер Сити клубуудтэй тэнцэж боломжит оноогоо авч чадаагүй нь Ливерпүүл клубыг лигийн дэд байранд орох шалтгаан болсон.

1990 оноос хойш таван удаа лигийн аварга болох боломжоо алдаж дэд байранд шалгарсан. Лигийн цомыг хүртэж чадаагүй нь харамсалтай ч багийн төвийн хамгаалагч Виржил Ван Дейк лигийн болон тоглогчдын холбооны оны шилдгээр шалгарч, хаалгач А.Бекер 21 удаа хаалгаа хуурай манаж лигийн шилдэг хаалгач болсон гээд яриад байвал амжилт арвинтай улирлыг үдсэн. Ямартаа ч Ю.Клопп дасгалжуулагчтай Ливерпүүл клубт лигийн цом тийм ч хол биш байгааг өнгөрсөн улирал харуулаад байна.

Улирал эхлэхээс өмнө Ливерпүүл клуб дотооддоо холбоодын цомын төлөө Манчестер Сити клубтэй, Европын супер цомын төлөө Челси клубтэй тус тус тоглох бөгөөд улирлыг цомтой эхлүүлэх боломж бий. Одоогоор клуб Бельги довтлогч Д.Оригитой гэрээгээ сунгаад байгаа бол Нидерланд хамгаалагч ван ден Бергийг Зволле клубээс авчраад байна. Харин Д.Ингс, Р.Камачо, А.Морено, М.Гружич болон Д.Старриж нар багийг орхисон.

Багт хийгдээд байгаа солилцоо болон бүрэлдэхүүнээс үзвэл тактикт өөрчлөлт орохгүй болов уу? Ю.Клопп урдаа 3 довтлогчтой тоглодог хувилбараараа тоглох нь гарцаагүй. Хэдийгээр улирлын өмнөх тоглолтуудад амжилт муутай оролцож байгаа ч довтолгооны гурвал байхгүй байгааг санах хэрэгтэй. Мөн хаалгач А.Бекер дөнгөж багтайгаа нэгдээд байгаа билээ. Харин ч энэ хожигдол багт алдаагаа харж засах таатай боломж юм. Ирэх улиралд амжилтаа ахиулахын төлөө тоглоно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж