“Хөөрхөн булдруу” Өсөх-Ирээдүйн эгч А.Түмэнхишигтэй ярилцлаа | News.MN

“Хөөрхөн булдруу” Өсөх-Ирээдүйн эгч А.Түмэнхишигтэй ярилцлаа

“Хөөрхөн булдруу” Өсөх-Ирээдүйн эгч А.Түмэнхишигтэй ярилцлаа

КУДС-ийн жүжигчний гуравдугаар дамжааны оюутан, монгол түмний өхөөрдөн дууддаг “хөөрхөн булдруу” буюу А.Өсөх-Ирээдүйн эгч Амарсайханы Түмэнхишигтэй ярилцлаа. Түүний ээжийг Оюунцэцэг гэдэг. Увс аймгийн уугуул А.Түмэнхишиг айлын том охин бөгөөд доороо гурван дүүтэй юм.

-Орчлонгийн бүх зүйл аав, ээжээс эхлэлтэй учраас энэ сэдвээр яриагаа эхэлье гэж бодлоо. Таны аав, ээж хаана, ямар ажил эрхэлдэг вэ?

-Маш сайхан асуулт байна. Би хаана ч аав, ээжийнхээ тухай ярих дуртай. Миний аав, ээж Увс аймгийн энгийн малчид. 1999 онд малчин болоод одоог хүртэл малаа малласаар л байна. Хүүхдүүдээ хэзээ ч өлсгөж, дааруулаагүй. Аав минь хувийн бизнес эрхэлдэг. Хүүхдийн эмээл, хар эмээл, мөнгөн тоногтой эмээл гээд төрөл бүрийн эмээл хийдэг. Харин ээж минь эмээлийг тоногыг гараараа оёж урладаг. Өөрсдийн хөлсөө дуслуулан байж хийсэн зүйлийнхээ үр шимээр дөрвөн хүүхдээ тэжээж сургаж байна. Би аав, ээжийгээ маш мундаг хүмүүс гэж боддог. Хүүхдүүдтэйгээ байнга ярилцдаг. Ээж маань үргэлж надтай ярилцдаг. Бие нь өвдсөн ч өвдлөө гэж хэлдэггүй. Тийм л мундаг монгол эмэгтэй байдаг.

-Яагаад жүжигчний мэргэжил сонгон суралцах болсон бэ?

-Би багаасаа дуулдаг байсан болохоор урлагт их хайртай. Хүүхэд байхдаа дуучин болно гэж мөрөөддөг байлаа. Харин ахлах сургуульд ороод тэр бодол минь өөрчлөгдөж, жүжигчний мэргэжил сонгосон доо. Жүжигчин хүн төрөл бүрийн авьяастай байх хэрэгтэй. Тийм болохоор мэргэжлээрээ сурахын хажуугаар дууныхаа урлагийг хөгжүүлээд явж болно шүү дээ.

-Хэдэн наснаасаа дуулж эхэлсэн бэ?

-Манай аавын талын удамд дуулдаг хүн маш их байдаг. Би таван настайгаасаа л дуулдаг байсан. Түүнээс хойш одоог хүртэл жүжигчний мэргэжлээр сурахын хажуугаар дуугаа дуулсаар байна.

-Жүжигчин мэргэжлээр суралцахын хэцүү бөгөөд сайхан зүйл нь юу байдаг вэ?

Урлаг гэдэг өөрөө хэцүү зүйл гэдгийг би оюутан болоод л мэдэрсэн. Яагаад гэвэл бие махбод, оюун санааны хувьд ч шантрах зүйл маш их гардаг. Хүмүүс жүжигчний мэргэжлийг маш амархан мэргэжил гэж боддог. Үгүй шүү дээ, би хэдий их зүйл үзэж мэдрээгүй ч гэлээ жүжигчний мэргэжлээр суралцаж эхлээд маш их зүйлийг ойлгож авсан. Жүжигчин гэдэг мэргэжил нь өөрөө ард түмэндээ эерэг, сөрөг бүх мессэж хүргэж, тэднийгээ соён гэгээрүүлдэг мэргэжил гэж боддог. Энэ нь л энэ мэргэжлийн сайхан нь юм болов уу гэж боддог.

-Хамгийн анхны тайзныхаа тухай яриач. Анх ямар тайзан дээр дуулж байсан бэ?

-Тэр үеэ бодохоор их инээд хүрдэг юм. Хамгийн анх гуравдугаар ангидаа аймгийнхаа Хүүхдийн төлөө төвийн тайзан дээр гарч байсан. Микрофон ч барьж үзээгүй охин тайзан дээр гараад, “Үерхэл чамайг нандигнана” гэж дуулж билээ. Насандаа тохироогүй дуу дууллаа гэж шүүгч нар маш их шүүмжилж билээ. Энэ л миний хамгийн анхны хөгжилтэй, дурсамж үлдсэн тайз байсан.

-Танай аавын талын удмын хүмүүс бүгдээрээ сайхан дуулдаг хүмүүс байдаг гэсэн. Ийм мундаг хүмүүсийн үргэлжлэл болон суралцаж байгаагийн хувьд юу хэлэх вэ?

-Мөн л сайхан асуулт байна. Аав маань өөрөө айлын 14 хүүхдийн арав дахь хүүхэд. Манай аавын удамд мундаг дуучин хүмүүс байдаг. Аавын минь төрсөн дүү Ардын дуучин, МУСТА Даваагын Бурмаа, миний үеэл эгч Олзодын Гансувд, Бадарчийн Уранзаяа гээд үлгэр жишээ авмаар дуучид зөндөө бий. Хэрвээ урлаг хөөсөн бол өөр олон гавьяат төрөх байсан биз. Гэхдээ манай аавын ах, дүү нар бүгд малчин, хувиараа бизнес эрхэлдэг. Яг Дууч удмын хүмүүс гээд яриад явахад маш сайхан байдаг. Манай дүү нар Өсөх-Ирээдүйг хүмүүс “Булдруу” гэж дууддаг, ах нь Өлзий буян гээд мундаг дуулдаг хүүхэд бий.

-Хоёр дүүтэйгээ “Удам залгасан аялгуу” нэртэй тоглолт хийж байсан. Одоогоор ямар ямар газруудаар тойрон аялаад байгаа вэ? Мэдээж айлын том охин дүү нарынхаа эгчийн хувьд зааж зөвлөх зүйл их л байдаг байх?

-Тийм зүйл байлгүй яах вэ. Айлын том охин гэдэг утгаараа маш их хариуцлага надад ноогддог. Би ямар хүмүүжлээр хүмүүжнэ дүү нар маань тийм л хүн болно гэж боддог. Тэр утгаараа зөв хүн байхыг хичээдэг. Бид гурав хамгийн анх намайг ахлах сургуулиа төгсдөг жил 2017 онд Увс аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрт “Удам залгасан аялгуу” тоглолтоо хийж байсан. Түүний дараа аавынхаа төрсөн нутаг болох Увс аймгийн Тэс суманд очиж тоглосон. Мөн нийт 10-аад суманд аялан тоглолт хийсэн.

-Цаашдаа Улаанбаатар хотдоо тоглолт хийх бодол байгаа юу?

-Байлгүй яах вэ. Бид гурвын мөрөөдөл бол UB palace-ийн тайзан дээр дуулаад хүмүүсийн алга ташилтыг сонсох юм.

-Энэ их тоглолт хичээлийн хажуугаар та гурвын ард хамгийн бат зогсож чаддаг хамтрагч, туслагч хэн бэ?

-Мэдээж би ээжийгээ гэж хэлмээр байна. Ээж маань маш мундаг эмэгтэй. Бид гурвыг тоглолт хийх хугацаанд хоол, хувцас, дууны понаграм гээд бүх зүйлийг ээж маань зохицуулж өгдөг. Манай аав бас тоглолтод оролцдог, бид дөрвийн менежер гэж хэлэхэд болно доо. Хичээж буй хүний дэргэд дэмжиж буй хүн байвал хамгийн гайхалтай.

-Одоо Түмэнхишиг гэдэг хувь хүн талаас илүү их ярилцмаар санагдлаа. Яг ямар үедээ өөрийнхөөрөө байж чаддаг вэ?

-Би өөрөө маш их нээлттэй хүн. Гэхдээ хэний хажууд нээлттэй, хэний хажууд даруухан байх вэ? гэдгээ би маш сайн боддог. Би яг тайзан дээр байх үедээ өөрийнхөөрөө байж чаддаг. Ямар нэгэн тайзан дээр дуулж байхдаа Түмэнхишиг гэж яг ямар хүн болох нь дотроосоо ургаж эхэлдэг.

-Хамгийн аз жаргалтай үеэ дурсахгүй юу?

Хүний амьдрал их баялаг шүү дээ. Аз жаргалтай зүйл зөндөө тохиолдоно. Гэхдээ би бага охин дүүгээ төрж байхад хамгийн аз жаргалтай байсан. Яагаад гэхээр энэ хорвоод надад хань болох намайг түших охин дүү байна гэж бодохоор үнэхээр аз жаргалтай болдог. Аз жаргалтай үе олон байсан ч сэтгэлд энэ л тодхон үлджээ.

-Амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэрээ юу гэж боддог вэ?

-Яагаад ч юм жүжигчний мэргэжил сонгоод, хажуугаар нь дуулаад, өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд яваа минь л хамгийн зөв шийдвэр. Зөндөө хүмүүс надад урлаг дэмий, чи урлагийн хүн болж чадахгүй гэж хэлдэг байсан. Гэхдээ шантрахгүй сурч байгаа минь хамгийн зөв шийдвэр байсан.

-Ирээдүйн зорилго, мөрөөдлөөсөө бидэнтэй хуваалцахгүй юу?

-Би зорилго, мөрөөдлөө хүнд хэлж үзээгүй юм байна. Найзууддаа л хааяа багахан ярьдаг. Яг үнэндээ миний хамгийн том зорилго бол УДЭТ-т "Ромьео, Жульетта", бас “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрд тоглоод, аав ээжийгээ танхимын голд суулгаад үзүүлэхийг мөрөөддөг. Эсвэл ямар нэгэн бүтээл хийгээд, тэрийгээ дэлхийн хэмжээнд хүртэл хөгжүүлээд, хүмүүст хүргэх л миний хамгийн том зорилго, бас мөрөөдөл дөө. Энгийн малчин айлын охин дэлхийн хүн боллоо гэж хүмүүс ярихыг аав, ээждээ харуулахын тулд улам илүү хичээх хэрэгтэй.

-Хүний сайн найз гэж хэн бэ?

-Гэр бүлийн дараа тавигдах зүйл гэвэл хамгийн эхэнд найзууд байдаг. Найз нөхөдгүйгээр хорвоо ертөнцийг төсөөлөшгүй. Хүн хичнээн мөнгөтэй, баян байлаа ч найз нөхөдгүй бол ядуу санагддаг. Жаргалтай, зовлонтой бүх үеийг найзуудтайгаа л хуваалцдаг болов уу гэж боддог. Би ойр дотны цөөхөн хэдхэн найзтай. Хүнд найз олон байгаад дэмий юм шиг, цөөхөн байх тусмаа илүү үнэ цэнтэй нөхөрлөл байх болов уу гэж боддог. Найз гэж хэлэх хүмүүс бий, амьдралын найз гэж хэлэх хүмүүс гарын таван хуруунаас хэтрэхгүй.

-Эгч хүний хувьд дүү нараа ямар хүн байгаасай, ямар хүн болоосой гэж хүсдэг вэ?

-Би дүү нараа урлагаар яваасай гэж боддог. Яагаад нэг гэр бүлийн дөрвөн хүүхэд урлагийн хүн болж болохгүй гэж. Гэхдээ энэ миний нууцхан мөрөөдөл л дөө. Дүү нараа би "Чи заавал эмч, цагдаа бол" гэж шахахгүй ээ. Өөрсдийнхөө дуртай зүйлээ хийгээд явбал тэр миний хүсэл. Хамгийн гол нь зөв хүн байх ёстой.

-Өөрийгөө ямар үед би яг эцэг эхийнхээ ачийг хариулчихлаа гэж бодож эхлэх вэ?

-Эцэг эхийнхээ ачийг хариулж яаж барах билээ. Хүн гэдэг өөрөө сэтгэлийн амьтан. Хүний эцэг, эх гэдэг сэтгэлээрээ баярладаг хүмүүс. Үр хүүхдээ сурч боловсорч, аз жаргалтай байхыг хараад сэтгэл нь уужирч баярладаг болов уу гэж боддог. Хэрвээ би шоу цэнгээн хөөгөөд, дэмий сэлгүүцээд байвал аав, ээж минь надад урам нь хугарна. Тийм болохоор би одоогоор аав, ээжийгээ дагуулаад дэлхийг тойрч чадахгүй ч чадах хүртлээ өөрийгөө хөгжүүлээд, чаддаг зүйл дээрээ амжилт гаргаад явбал эцэг эх минь баярлах байх.

-Эгч хүний хувьд дүү нартаа юу гэж захидаг вэ?

-Би гурван дүүдээ хүний муухай аашнаас биш сайхан аашнаас хүн айдаг шүү гэж байнга хэлдэг. Яагаад гэхээр хүн хүнээрээ байх сайхан шүү дээ. Баян ч бай, ядуу ч бай хүн болгонтой тэгш харьцах ёстой гэдгийг аав минь миний яс маханд тултал ойлгуулж чадсан.

-Жүжигчний мэргэжлээр суралцах дүү нартаа юу гэж зөвлөмөөр байна вэ?

-Би одоо хүнд зөвлөх хэмжээний мундаг биш болохоор хэцүү юм аа. Гэхдээ миний багшийн хэлсэн үг байдаг. “Чи энэ мэргэжлийг хүсэж орж ирсэн үү, сонирхож орж ирсэн үү” өөрөөсөө асуугаарай, хариултаа ч өөрөө олоорой гэж хэлсэн байдаг. Бүх мэргэжилд хэцүү зүйл бий. Тэр болгонд шантралгүй өөртөө итгэлтэй байгаарай” гэж хэлье.

Ч.НАНДИНЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ТҮМЭНХИШИГ 2019-07-30 202.126.89.24

Баярлалаа. Сайхан ярилцлага болсон шүү.

Avatar

Зочин 2019-07-30 202.126.88.197

Mundag ymaa amjilt hvsiy

Avatar

Эска 2019-07-30 202.126.88.32

Амжилт

Avatar

Зочин 2019-07-30 82.81.98.71

Mundag shvv mni nz

Avatar

Зочин 2019-07-30 112.72.11.108

Namaig tumenkhishig gedgiish d

Avatar

э 2019-07-30 192.82.65.168

Myндаг л охин ийм жоохноосоо ийм зүйл бодож байна гэдэг чинь амжилт хүсье

Avatar

b 2019-07-30 103.229.123.53

uvsiinh geheeree urgelj zovhu ni uuduu sergelen tsovoo huuhduud baidgiin, hachin yum shuu, busad ni ataarhaad uzej chaddggui ni buur hachin

Avatar

Зочин 2019-07-30 202.126.88.137

Юм хий капитал бүтээ зүгээр хнгалүаад амархан амьдрахнуу бас нэг урлагчин увс ядаж монгол гээд.зөв хэлж ярьжсур

Avatar

Зочин 2019-07-30 66.181.188.99

Өөрөө зөв аятайхан бичиж сурчихаад бусдад зөв хэлэхийн заагаасай билээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж