Монгол–Солонгосын эрчим хүчний ассоциацийн урилгаар БНСУ-ын Эрчим хүчний аюулгүй байдлын агентлагийн дарга Ли Сан Квон тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны долдугаар сарын 7-11-ний өдрүүдэд манай улсад айлчилж байна.
Төлөөлөгчдийг өнөөдөр Эрчим хүчний сайд Д.Зоригт хүлээн авч уулзаж, хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.
Уулзалтын дараа Монгол Улсын ЭХЯ, БНСУ-ын Эрчим хүчний аюулгүй байдлын агентлагийн хооронд “Цахилгаан хангамжийн аюулгүй байдлын талаар хамтран ажиллах Санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслол боллоо.
Солонгосын Эрчим хүчний аюулгүй байдлын агентлаг нь 2009 онд тухайн үеийн тухайн Эрдэс баялаг эрчим хүчний яамтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулж байсан юм. Энэ Санамж бичгийн хүрээнд ЭБЭХЯ-нд 12 сая воны тоног төхөөрөмжийн тусламж үзүүлж солонгосын мэргэжилтнүүд 2009 онд Улаанбаатар хотноо эрчим хүчний салбарын мэргэжилтнүүдэд аюулгүй байдлын оношлгоо хийх тоног төхөөрөмжийн талаар сургалт зохион байгуулсан бөгөөд мөн онд монголын талаас 4 албан хаагчийг БНСУ-д тоног төхөөрөмжийн сургалтад хамруулсан юм.
Түүнчлэн 2010 оны гуравдугаар сард Монгол улсын эрчим хүчний салбарын 50 албан хаагч эрчим хүчний аюулгүй байдлын тоног төхөөрөмжийн сургалтад хамрагдсан байна.
Л.ХАЛИУ