Сүүлийн жилүүдэд иргэдийн зүгээс баяр наадмын үеэр болон дараа үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдааны талаарх санал шүүмжлэл тасрахаа больсон гэж хэлж болно.
Яагаад Эрийн гурван наадмын маань бөх, морь хоёрт маргаан тасрахгүй мөртлөө сурын харваанд маргаан гарахгүй байна вэ гэж бүгдээрээ тунгаан бодоцгооё.
Төрийн шагнал ч мөн адил яагаад энэ хүн шагнагдаж байхад би шагнагдахгүй байна вэ гэсэн гомдол их байдаг.
Хамгийн шударга шагнал бол Алдарт эхийн одон гэдэг. Дөрвөөс дээш хүүхэд төрүүлэн, өсгөж хүмүүжүүлсэн эхэд Алдарт эхийн 2 дугаар одон, 6-аас дээш хүүхэд төрүүлж өсгөсөн бол Алдарт эхийн 1 дүгээр одон.
Сурын харвааны тухайд оносон л бол оноо нэмэгдэнэ. Хамгийн олон оносон нь түрүүлнэ.
Тэгэхээр хэмжигдэхүйц зүйлээр дүгнэдэг спортын төрлүүдэд маргаан багатай, харин шүүгч итгэл үнэмшлээрээ шийдвэрлэдэг төрөлд маргаан гарах нь илүү байгаад байдаг.
Хурдан морины уралдаанд бол монгол адуу, эрлийз адуу гэсэн маргаан хамгийн их нь. Мэдээж уралдаанч хүүхэд худлаа уралдана гэж лав байхгүй.
Тэгвэл бөхчүүдийг найраа хийдэг худлаа унаж өгдөг гэх шүүмжлэлийг олон жил ярилаа. Тэгвэл сурын харваанд энэ харваач, тэр харваач албаар оносонгүй гэж ярихыг би л лав сонсоогүй.
Мөн түрүүлсэн бөхөд байр орон сууц, автомашин унаа өгч, түрүүлсэн хурдан морины эзнийг үнэтэй том жийпээр шагнаж байснаас сур харваачыг байр, автомашинаар шагнаж байна гэж лав сонсоогүй.
Тамирчид ч тэр, шүүгч нар ч тэр, хурдан морины уралдаан зохион байгуулах комиссынхон ч тэр хүний хүчин зүйл нөлөөлөөд байгааг бүгд мэдсээр байгаа мөртлөө шийдвэрлэж чадахгүй байгаадаа бид өөрсдөдөө дүгнэлт хийцгээе.
Олимпийн спортод Монголчуудын амжилт үзүүлдэг жудо, бокс гэх мэт төрлүүдийг хэрхэн шүүдэг, хэрхэн зохион байгуулдаг талаар тэргүүн туршлага, ололтыг эрийн гурван наадамдаа нэвтрүүлье.
Үндэсний их баяр цэнгэл наадмынхаа үнэ цэнэ, аугаа их соёлоо дээдлэн хүндэлцгээе. Бид өөрсдөө л хичээж цаг үетэйгээ нийцүүлэн үндсэн уламжлалаа хадгалаад энэ цаг үед гараад байгаа алдааг засаж, залруулаад, сайжруулаад явах ёстой.
Сүүлдээ Ардын хувьсгалаа мандуулж, эрх чөлөөгөө олж авсан баяраа хотол олноороо тэмдэглэдэг уламжлалт наадмаараа баярлах биш нэг хэсэг нь гомдол тээж стресст ордог боллоо шүү дээ.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийг шинэчилж, эсхүл нэлээд сайн нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна.
Аймаг, сум бүрийн бөх, морины комиссууд өөр өөрийнхөөрөө шийдвэр гаргаж, бөхийн барилдааныг хаалттай нээлттэй хийнэ л гэнэ, хурдан морийг монгол эрлийзээр нь ялгана, ялгахгүй уралдуулна л гэнэ, нэг бол зөвхөн сэрвээний өндрөөр нь л хэмжиж уралдуулна л гэнэ. Тэр аймагт, тэр суманд бөхийн барилдаанд зөвхөн тухайн аймгийнхаа бөхчүүдийг л барилдуулж байхад манайх адилхан л байх хэрэгтэй гэх мэтээр ханддаг боллоо.
Үүнийг шийдвэрлэхийн тулд зоригтойгоор хуулиа шинэчилж, улс орон даяар нэг л дүрмээр зохицуулж, түүнийгээ мөрдүүлэх учиртай.
Мөн улсын болон аймаг сумдын баяр наадмыг зөвхөн 07 дугаар сарын 11, 12-ний өдрүүддээ нэгэн зэрэг хийж байцгаая. Иргэд болон хүчит бөхчүүд, уяачид, харваачид маань өөрсдийн сонголтоороо оролцож байг. Яагаад гэвэл жилд нэг л удаа улсын болон аймаг, сумын цол олгож байгаа баяр наадам маань юм.
Хэдийгээр оройтож байгаа ч гэсэн миний хувьд лав Монгол улсын Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу Үндэсний их баяр наадмын тухай хуулинд тусгуулах саналаа боловсруулж хүргэх болно. Та бүхэн маань ч үнэтэй санал бодлоо ирүүлнэ гэж хүсэж байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг дээ.
Одоо л засахгүй бол оройтсоор байна.
Бидэнд үнэт өв соёл маань, үндэсний эв нэгдэл маань хамгаас чухал юм шүү.
Холбоотой мэдээ