"Монголын түүхийг булаалдах нь утгагүй зүйл гэж жинхэнэ түүхчид үздэг"

Хуучирсан мэдээ: 2019.07.31-нд нийтлэгдсэн

"Монголын түүхийг булаалдах нь утгагүй зүйл гэж жинхэнэ түүхчид үздэг"

"Монголын түүхийг булаалдах нь утгагүй зүйл гэж жинхэнэ түүхчид үздэг"

“Монгол хувцасны нууц товчоо” баримтат кино бүтээж буй найруулагч Б.Баяртай ярилцлаа.


-Таныг “Монгол хувцасны нууц товчоо” баримтат кино бүтээхээр зураг авалтаа олон улсад хийж байгаа талаар дууллаа. Тус баримтат киног бүтээх санаачилга анх хаанаас гарав. Энэ тухай ярилцлагаа эхэлье?

“Монгол хувцасны нууц товчоо” хэмээх төслийг анх "Монгол костюмс" төвөөс санаачилж, хэрэгжүүлж эхэлсэн. “Монгол костюмс” төв байгуулагдсан цагаасаа эхлэн монгол хувцасны соёл, түүхийг олон нийтэд таниулах, сурталчлах тал дээр анхаарч, ажиллаж ирсний нэг тод жишээ бол “Монгол хувцасны нууц товчоо” төсөл байгаа юм. Энэхүү төслийнхөө хүрээнд археологийн олдвороос олдсон хувцасны загварыг дуурайлган дахин урлаж, эртний хувцсаар театрчилсан шоу тоглолт хийж байгаа. Тус төвийн захирал Б.Сувд монгол хувцасны талаарх судалгааг олон улсад хийж, түүгээрээ гурван боть ном хүртэл гаргасан байдаг. Энэ төслийн хүрээнд маш олон ажил хийгдсэн, цаашид хийгдэх ёстой ажлын нэгээхэн хэсэг бол баримтат кино юм. Төсөл төлөвлөгөөнийхөө дагуу явагдаж байгаа гэж ойлгож болно.

-Яагаад заавал хувцас хэмээх энэ эд зүйлийг сонгох болов. Монголчуудын өмсч ирсэн энэ уламжлалт хувцасны нууц нь юунд оршиж байна вэ?

Хувцас бол түүхэн цаг хугацааны хувьд өөрчлөгддөг боловч язгуур элементээ авч үлдэж байгаа нь маш олон судалгаагаар нотлогдож байгааг бид өнөөдөр харж байна. Монгол хувцасны түүх, соёл гэдэг бол монголчуудын түүх. Монголын түүх бол дэлхийн түүх гэдгийг хувцасны соёл, түүхээс илхэн харж болно. Үүнийг үгүйсгэдэг хүмүүс Монголд ч бий. Бид хувцас гэдэг зүйлээр дамжуулан үр хойчдоо Монголын түүхийг өгүүлэх, сурталчлах, дэлхий нийтэд таниулахыг зорьж байна. Манай судлаачид архивын материалаа ухаад суух биш, тэр ажлаа түр хойш тавиад очиж үзэх хэрэгтэй. Олон газраар явж, нүдээрээ харах хэрэгтэй гэж хэлмээр байна.

-Киноныхоо зураг авалтыг ОХУ-ын Казань хотод хийсэн талаар цахим хуудастаа бичжээ. ОХУ-ыг сонгосон нь учиртай байх?

-Киноны зураг авалтыг зөвхөн ОХУ-д биш, олон оронд хийж байгаа. Зураг авалтаар явахаасаа өмнө бид маш их судалгаа хийж, төлөвлөгөө гаргасан. Үүнийхээ дагуу, бид хамгийн эхэнд БНХАУ-ын Шанхай хотын урлагийн их сургуулийг зорьсон. Түүний дараагаар Ил Хаадын нутаг болох Иран, Катар, Узбекистан зэрэг улсыг зорьсон. Мөн Энэтхэгийн монгол угсаатай хаадын байгуулсан Их Могул улс, Тува, Буриад, Өвөрмонголд зураг авсан.

Мөн хуучин Алтан ордон улс байсан ОХУ-ын Казань хотод очиж, зураг авлаа. Судалгааны явцад, зураг авалтын үед юм үзээд, уншаад ирэхээр зураг авах ёстой улсууд нэмэгдэж байна. Тухайлбал, Азербайжан, Якут, Манжуур, Халимаг, Непал гэх мэт улсад зайлшгүй зураг авах шаардлага нь судалгааны явцад гарч ирж байна. Бид өмнө нь Халимагт зураг авч байсан. Гэхдээ дахин зураг авах шаардлага бий болсон.

Төлөвлөгөөнийхөө дагуу киноныхоо зураг авалтыг хийгээд явж байх үед бидний хэвлүүлсэн номд дурдагдаагүй, мөн судалгаанд ч байхгүй олон шинэ баримт олдож байна. Баримтат кино бол уран сайхны кино шиг нарийн төлөвлөгөө, зохиол, зохион байгуулалтын дагуу хийгддэггүй. Учир нь, баримтат кино баримт дээр тулгуурладаг учраас цаг тухай бүрт шинэ баримт гарч ирэх, баримт өөрчлөгдөх, өмнөх баримтууд няцаагдах зүйл маш их гарч ирж байна.

Хамгийн сүүлд Ил хаадын үеийн хувцас, хэрэглэлийг бид судалгааны баримтдаа нэмж оруулсан.

-Баримтат киноны зураг авах явцад та бүхний судалгаа, төлөвлөгөөнд тусгагдаагүй маш олон шинэ баримт олдож байна гэж та хэллээ шүү дээ. Олон орноор яваад киноныхоо зургийг авч байхад яг ямар шинэ баримтууд олдож байна вэ? Ямар сэтгэгдэл төрж байв?

-Бидний өвөг дээдэс уламжлалт болсон хувцсыг урлахдаа түүхэн соёл, ёс заншлаа түүнд шингээж үлдээсэн байгаа нь олон баримтаар нотлогдож байна. Бид өдөр тутамдаа хувцсыг харж байгаа болохоор анзаарахгүй байж магад. Гэхдээ Катарын болон Татарстанд байгаа Алтан ордон улсын музейд өнөөдрийн бидний өмсч буй хувцсыг дэлгэн тавьсан байх жишээтэй. Тус үзэсгэлэн гаргасан хүмүүст хандан, өнөөдөр монголчууд энэ эд зүйлийг хэрэглэж байгаа гэдгийг хэлээд, зураг үзүүлтэл тэд дуу алдаж, гайхалтай хэмээн хүлээн авч байсан.

Харамсалтай нь, бидэнд маркетинг сул байгаа учраас монгол хувцас, бидний өвөг дээдсийн урласан хувцсыг дэлхий нийт мэдэхгүй байна. Мэдэх нэг нь дуу алдан хүлээн авч байна. БНХАУ-ны Шанхайн урлагийн их сургуулийн доктор, профессор хүн монгол хувцасны соёлыг биширч, ярилцлага өгсөн юм. Тэрбээр ярихдаа “Монголчууд бол гайхамшигтай ард түмэн, түүх соёл нь хувцсандаа шингэсэн. Хятадын хувцсанд бол түүх, соёл гээд байхаар зүйл байхгүй. Орчин үед Хятадын зарим түүхч манж хувцсыг хятад хувцас гээд байна. Үүнийг би маш буруу гэж боддог. Энэ чинь манж хувцас. Манж хувцас өөрөө Монголын эртний хувцаснаас улбаатай” гэж хэлсэн.

-Таныг сая Казаньд очиход Алтан ордон улс байгуулагдсаны 750 жилийн ойн баяр давхацлаа. Энэ хүрээнд тус хотод гарсан үзэсгэлэнгээр ороод гарсан байх?

-Тэгэлгүй яахав. Алтан ордон улс байгуулагдсаны 750 жилийн ойн хүрээнд маш сайн үзэсгэлэн гарсан байна лээ. Бидний зорьж очсон үзэсгэлэн бол “Богтаган” малгай байсан. Маш сайн хадгалагдаж үлдсэн байсан. “Богтаган” малгай бол үнэт олдвор. Манай улсад  тус малгай олдож байсан, харамсалтай нь, маш муу хадгалагдсан байдаг. Тайваньд “Богтаган” малгайг зурсан зураг нь бий. Харин Алтан ордон улсын үзэсгэлэнд “Богтаган” малгай жинхэнэ утгаараа, бодитоороо хадгалагдаж үлдсэн байгааг олж харлаа. Энэ бол гайхамшиг. Өмнө нь би яаж ийм малгайтай байлдаад, нүүдэл суудал хийгээд явж байдаг байсан юм бэ гэж боддог байсан. Гэтэл “Богтаган” малгай нь ихэс дээдсийн, язгууртнуудын, зэрэг зиндааг илэрхийлдэг малгай байсан гэдгийг олж мэдсэн. Мөн урьд өмнө нь үзэж харж байгаагүй маш олон малгай байсан.

Бид Казаньд очоод түүхийн хүрээлэнгийн хүмүүстэй нь уулзаж, "Монгол хувцасны нууц товчоо" хэмээх номоо бэлэглэсэн. Тэд бидний номыг үзээд “Та нар ядаж долоо хоногийн өмнө энэ тухайгаа мэдэгдэхгүй яав аа. Энэ үзэсгэлэнд байгаа үзмэрүүд биеллээ олчихсон бодит ийм шоу тоглолт болчихсон байна ш дээ. Яагаад бид одоо л мэдэж байна вэ. Даанч бидний бүх төлөвлөгөө гарчихсан, юмыг яаж мэдхэв гээд урилга өгч байсан. Гаднынхан биднийг маш их үнэлж, биширч байна шүү дээ.

-Алтан ордон улс гэснээс саяхан Боловсрол телевизээр "Алтан ордон улс" уран сайхны кино монголчуудад хүрсэн. Кино гарах үед монголчууд хувцсыг нь ихэд шүүмжиллээ. Түүхчид тухайн цаг үеийн хувцас сайтар судлагдаагүй гэдгийг ч хэлж байсан. Таны хувьд энэ тал дээр юу хэлэх вэ?

-Тэр кино бол уран сайхны кино. Уран сайхны киноны нэг онцлог бол тухайн киног бүтээж байгаа найруулагч өөрийн үзэл бодлоо шингээх, зохиомол дүр бий болгох, тэр байтугай хувцсыг өөрчлөх боломжтой.

Хэрвээ би уран сайхны киноны найруулагч байсан бол миний хувьд яг түүхэн үйл явдлыг тиймэрхүү өөрчлөгдсөн байдлаар харуулж болохгүй гэж бодож явдаг. Яах вэ, хайр сэтгэлийн асуудал, хувь хүний асуудлыг гаргаж ирэхдээ тухайн найруулагч зохиомол дүр бий болгох үүднээс өөрийн санаа бодлоороо явж болно уу гэхээс биш ийм дээлтэй байсан, XIII зуунд жанжин малгайтай байсан юм аа гээд л энэ бол уран сайхны шийдэл юмаа гэвэл энэ бол миний хувьд утгагүй зүйл гэж үздэг.

Түүхэн баримтуудаас харах юм бол XIII зуунд монголчууд үсээ задгай тавьдаггүй байсан. Оршуулга эсвэл гашуудлын үед монголчууд үсээ задгай тавьдаг байсан байгаа юм. Монгол нутгаар аялсан гаднын түүхчид хүртэл энэ тухай бичсэн байдаг. Гэтэл Монголын ч юм уу, гаднын кинонууд сүр оруулах гээд үсээ задгай тавьсан баатрууд байлдаад яваад байна.

Энэ үүднээс миний хувийн бодлоор түүхэн кинонд яг түүхийн баримтаар нь л хийх ёстой. Энэ бол миний хувийн бодол гэдгийг онцолж хэлмээр байна. Энэ чинь эргээд хойч үедээ болон олон улсад Монголын түүх соёлыг сурталчлах нөлөөтэй шүү дээ. Энэ кинонд яагаад ийм алдаа гаргав гээд шүүгээд эхлэхээр энэ чинь уран сайхны кино шүү дээ гээд л ам таглачихна.

-Алтан ордон улсын судалгааг Казанийн их сургууль маш сайн хийдэг гэж түүхчид хэлж байсан. Таны хувьд тэрхүү сургуулиар ороод гарсан байсан шүү дээ?

-Казанийн их сургууль таны яриад байгаа шиг Алтан ордон улсын судалгаа байхгүй гэж би хувьдаа дүгнэж байна. Тус сургууль 200 гаруй жилийн түүхтэй сургууль гэдгээрээ маш онцлог. Тодруулбал, 1898 онд тус сургууль ардын язгуур урлагийн факультет байсан байгаа юм. Тухайн үедээ оюутнуудад зориулсан үзмэр тавихын тулд Германаас захиалгаар манекен авчран, америк, Африкийн индианчууд, Австралийн аборигенуудын хэрэглэж байсан бодит хувцсыг үзмэр болгоод тавьчихсан нь өнөөг хүртэл хадгалагдаж байгаа нь гайхамшигтай. Үнэт олдворууд Казанийн их сургуульд байна. Тус сургуульд монгол бөөгийн хувцас хүртэл байна. “1904 онд долоон рублиэр худалдаж авав” гээд биччихсэн. Он цаг өнгөрөх тусам тэрхүү үзмэрүүд асар үнэтэй болно. Тэр бол музей биш сургуулийн архив. Хэрвээ музей байсан бол миний тооцоолсноор манай түүхий музейг дүүргэх хэмжээний үзмэр тэнд байна. Алтан ордон улсын үзэсгэлэнд 600 орны үзмэр, ОХУ-ын арван музейн цуглуулга, хувь хүмүүсээс авсан үзмэр дэлгэгдсэн байна лээ.

-Өнөөдөр дэлхийн олон улс кино урлагаар дамжуулан түүх, соёл, урлагаа сурталчилж байна. Үүний нэг тод жишээ бол Өмнөд Солонгос улс байна. Мөн Парисын дарь эхийн сүмийг дэлхий нийт "Нортдам сүмийн бөгтөр" хэмээх хүүхэлдэйн киногоор нь мэддэг. Гэтэл манай улсад түүхэн баримт дээр тулгуурласан кино хийх гэхээр дэмжлэг муу гэж түүхчид хэлдэг юм байна лээ. Таны хувьд үүнтэй санал нийлэх үү?

Миний хувьд бол хадны зургаар дагнан баримтат кино бүтээж ирсэн. Түүхэн кинонд санхүүжилт их орно. Тэр утгаар нь хүмүүс цааргалдаг байж мэдэх юм. Гэхдээ төр засаг түүх соёлоо ирээдүй хойч үедээ танин мэдүүлэх, сурталчлах ёстой гэдгээ ойлгох юм бол маш сайн дэмжлэг үзүүлдэг гэдгийг өнгөрсөн хугацаанд олж харсан. Миний хувьд монгол тамганы түүхийг өгүүлэх “Рашаан хад” гээд баримтат кино хийсэн. Энэ киног хийх явцад тухайн үеийн Соёлын сайд байсан Ц.Оюунгэрэл маш санаандгүй байдлаар бидний кинонд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын талыг нь гаргасан байдаг юм. Үүнээс гадна, тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан П.Цагаан миний дөрвөн киноны хөрөнгө оруулалтыг нь шийдэж өгсөн. “Рашаан хад” баримтат кино Болгарын олон улсын кино наадамд “Алтан сарнай” шагналыг хүртсэн. Үүнд би маш их баярладаг. Тэр хадыг хамгаалах ёстой, хойч үедээ таниулах хэрэгтэй, сурталчлах ёстой гэдгийг тухайн үеийн манай төр засаг маш сайн ойлгож, дэмжиж ирсэн байдаг юм. Түүнээс хойш түүх, соёлоо сурталчлан таниулах чиглэлд төр засгийг хийж байгаа хөрөнгө оруулалтыг одоогоор би хараагүй байна.

-Одоо та бүхний бүтээж буй “Монгол хувцасны нууц товчоо” баримтат кино ирээдүй хойч үе, дэлхий дахинд монголын түүх, соёл, урлагийн сурталчлахад тодорхой хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. Кино хэдийгээр үзэгчдэд хүртээл болох бол?

-Киноны зураг авалт дуусаагүй байна. Би дээр хэлсэнчлэн баримтат киноны зураг авч байх үед төлөвлөгөөнд тусгагдаагүй, судалгаанд дурдагдаагүй маш олон шинэ баримт гарч ирдэг, өмнөх баримтууд няцаагддаг, эсвэл баримт өөрчлөгдөх тохиолдол бий гэж. Энэ ч үүднээс бид олон газраар явж зураг авах шаардлага бий. Зураг авсан газраараа дахиад явах ч тохиолдол гарч байна.

Бидний бүтээж буй “Монгол хувцасны нууц товчоо” баримтат кино Монголын түүх, соёлыг ирээдүй хойч үе, дэлхий нийтэд өөр өнцгөөс нь таниулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэг маш их итгэлтэй байгаа.

Монголын түүх, уламжлалыг сурталчлан, таниулахад Санчир маш их судалгаа хийсэн байдаг. Гэхдээ бид “хувцас” гэдгээрээ дагнаж байгаа нь онцлог гэж хэлмээр байна. Монголын түүхийг хувцасны урлаг, соёлоор нь дагнан судлахад маш олон шинэ мэдээлэл гарч ирж байна. Жишээлбэл, Ираны Марага хотод “Ил хаад”-ын музей байна. Тус музейд Ил хаадын үеийн мөнгөн зоос байх жишээтэй. Үүнээс гадна, шаазан эдлэл дээр монгол хувцас, монгол хэв маягийн үс засалт, гутал, дээл малгайтай хүмүүсийг дүрсэлсэн байсан маш сонин гайхалтай үзмэр байсан. Тус үзэсгэлэнг сонирхоод явж байхдаа археологич, түүхчидтэй таарч, ярилцах завшаан тохиосон. Тэр түүхч ярихдаа “Ташуу энгэртэй дээл монголчуудыг энэ нутагт ирэхээс өмнө огт байгаагүй. Энэ бол монголчуудын үлдээсэн соёл. Мөн хүний нүүрийг шаазан эдлэл дээр буулгах ойлголт байдаггүй байсан. Мөн л монголчуудын үлдээсэн соёл” гэж байсан гэх мэтчилэн олон зүйл байна. Шанхайн их сургуулийн доктор эмэгтэй ярихдаа монголчууд IX-X зуунд таван хуруутай бээлий өмсч байсан баримт бий гэж байсан. Тэрхүү бээлий нь Катарын музейд хадгалагдаж байгаатай таарсан. Тэдгээр үзмэрүүд үнэт олдвор. Энэ бол бидний гавьяа биш. Бидний өвөг дээдсийн гавьяа. Кино маань үзэгчдэд хүрэхэд монголчууд өвөг дээдсээрээ бахархах болно гэдэгт итгэлтэй байгаа.

Аливаа улс гүрэн орчин цагт хүчирхэг улс байхыг ихэд хичээх болжээ. Хүчирхэг улс байхын тулд хүчтэй эдийн засагтай, мөн гоё түүхтэй байх ёстой гэсэн зарчим байдаг. Энэ ч үүднээс Монгол Улсын түүхийн нэгээхэн хэсэг болох Алтан ордон улсын түүхийг Татарстан, Казахстанууд их булаацалдах боллоо. Алтан ордон улс бол Оросын түүх юм аа. Оросууд бол Алтан ордон улсын залгамжлагчид юм аа гэх ярилцлага саяхнаас олон нийтэд нэгийг бодогдуулсан байх гэж бодож байна. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг юм вэ?

-Энэ асуудалд би тань шиг эмзэг ханддаг байсан үе бий. Одоо бол би асуудлыг өөр өнцгөөс хардаг болсон.

Холбоотой мэдээ

НЭГ СЭДЭВ, НАЙМАН ЭХ СУРВАЛЖ: ЗҮЧИЙН УЛС БУЮУ АЛТАН ОРДОН

НЭГ СЭДЭВ, НАЙМАН ЭХ СУРВАЛЖ: ЗҮЧИЙН УЛС БУЮУ АЛТАН ОРДОН

Баримтат киноныхоо зургийг аваад явж байхад бидний өвөг дээдсийн үлдээсэн өв соёл гэдгийг дэлхий нийт мэдэж байна. Үзэсгэлэнгээр нь зочлоход монголчуудынх гээд тэмдэглэчихсэн байна. Катарын музейд “Богтаган” малгай, таван хурууны бээлий, дээл байна. Тус музейд дэлгэгдсэн XIII зууны үеийн дээлний он ижил хувилбар манай улсын Дорноговь аймгийн музейд хүртэл байна. Олон эрдэмтэд Монголынх гээд баталчихсан байна. Баримтууд ил болж байна. Харин ч тэдгээр улс бидний түүх, өв соёлыг үнэгүй сурталчлаад өгч байна. Бидний дэлгэрүүлж чадахгүй байгаа тэр түүхийг үнэгүй сурталчилж байна гэж хардаг болсон. Яах вэ, хасагууд Чингис хаан бидний өвөг дээдэс, бид Чингисийн үр сад гээд ярьж байгаа. Энэ тэдний буруу биш. Яагаад гэвэл, тэнд Зүчийн удам явж байна. Чингисийн овог, омгийн удам явж байна. Энэ утгаар нь харах юм бол тэгж хэлж болох ч юм шиг. Гэхдээ монголчуудын түүхийг өөрсдөдөө хамаатуулах гэж оролдох гэж юм бол яваандаа тэр улс өөрсдөө л шившигт орно. ОХУ хүртэл саяхан сурах бичигт монголчуудын талаар буруу ойлголттой бичигдсэн зүйлээ залруулах захирамж гаргасан. Сонин содон, олны анхааралд өртчих гэсэн, энтертаймент судлаач, түүхчид бий. Мөн дэлхийгээр дүүрэн кино зохиол, ном байна. Гэхдээ жинхэнэ академик, мэргэжлийн байгууллагууд бодит баримт ярьж байна. Узбекистанд бид очсон. Тус улсын Түүхийн хүрээлэнгийн захирал, эрдэм шинжилгээний ажилтнуудтай уулзаж, ярилцлага авлаа. Түүхийн хүрээлэнгийнхэн эрдэм шинжилгээний ахлах ажилтан хүртэл Төмөр бол монгол хүн юм аа гээд хэлж байна. Үүнээс илүү яах юм вэ. Казахстаны 1000 тенге дээр Монголын нируны үетэй холбогдох хадны зургийг тавьчихсан байсан. Үүнийгээ саяхан залруулаад шинээр хэвлэсэн. Бидний гол зорилго бол энэ бүх юм монголчуудынх юмаа гэж харуулахыг зориогүй. Бид монгол хувцасны соёл яаж дэлгэрсэн байна, яаж бусдад нөлөөлсөн байна. Өмнө нь яг ямар байдлаар бий болсон байна. Энэ түүх бол бидэнд, бидний үр хойчид, хүн төрөлхтөнд хэрэгтэй. Үүнийг мэдэж байх хэрэгтэй гэдгийг харуулахыг зорьж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж