Уран дархчуудын өлгий нутаг Сүхбаатар аймгаас төрөн гарсан зураач, урчуудын бүтээлийн “Тал нутгийн өнгө” үзэсгэлэн өчигдөр Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Энэ удаагийн үзэсгэлэнд Ардын зураач Д.Амгалангийн “Натур”, О.Дашбалбар агсны зээгийн бүтээлээс эхлээд нүд хужирлам, сэтгэл баясам, дахин давтагдашгүй цор ганц бүтээлүүдийг дэлгэн тавьжээ.
“Тал нутгийн өнгө” үзэсгэлэнд Ардын зураач Д.Амгалан, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Д.Дамдимаа, Х.Цэгмэд, зураач Я.Оюунчимэг, Дарьгангын алдарт уран дархан М.Балдан-Очир, М.Зундуй гээд нутаг усныхаа нэр алдрыг дуурсгасан олон арван авьяастануудын бүтээл багтжээ.
Ахмад зураач Ч.Бадарч, Б.Гантулга, Б.Буд, Я.Адьяа, Ж.Дүүрэнтөгс, уран дархан Ш.Даваадорж, Баатарчулуун болон одоо ид бүтээн туурвиж байгаа залуу үеийн төлөөлөл болсон Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхтайван, Монголын урчуудын эвлэлийн шагналтн зураач М.Эрдэнэбаяр, Д.Булгантуяа, Д.Батзориг, Н.Амарсайхан, Д.Амараа зэрэг 40 гаруй авьяаслаг уран бүтээлч шилдэг бүтээлүүдээ дэлгэжээ. Уран зураг, уран баримал, монгол зураг, ваар урлал, сийлбэр, уран дархан, уран бичлэг, чимэглэх урлагийн төрлөөр туурвисан нийт 60 орчим бүтээлийг үзэсгэлэнд дэлгэсэн байна.
Энэхүү үзэсгэлэнгийн үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, сэтгүүлч, зураач Ай.Төмөр-Очирын шударга ёсны ташуурын дайлалттай шүлэг, найраглалын түүвэр болох “Морин шуурга” шинэ номын нээлт болсон юм. Тэрбээр “Монголчуудын 30 жилийн амьдрал морин шуургатай байлаа. Нэг өдөр амсхийж жаргасангүй, гэхдээ нүдгүй шуурганд төөрсөнгүй. Явган шуурганаар хүн тавтай сууж чадахгүй, морин шуурганаар бүр осолтой. Нүдгүй шуурганд бол осгох, эндэх аюул бий. Гэхдээ морин шуурга түүнээс арай дээр. Би Монголын улс төрийн 30 жилийн үйл амьдралыг яруу найраг, гоозүйн хэлээр, яруу найрагчийн энэлэн шаналанг нэгтгэж бичсэн.” хэмээн зохиогч маань хэлсэн юм.
Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд зураач, урчуудын бүтээлтэй хамтатган “Морин шуурга” номын нээлт болж, зураг, найргаар хөглөгдсөн үдэш болов.
Сүхбаатар аймгийн зураач, урлаачид анх 2011 онд тус аймгийн соёл, урлагийн өдрүүдээр нийслэлчүүдэд уран бүтээлээ танилцуулж байжээ. Түүнээс хойш найман жилийн дараа ийнхүү тус аймгаас төрөн гарсан авьяастнуудын бүтээлийн дээжийг нийслэлчүүд таалан соёрхох боломж нээгдлээ. “Тал нутгийн өнгө” үзэсгэлэн ирэх наймдугаар сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Гэрэл зургийг Г.БИЛГҮҮН
Холбоотой мэдээ