Нийслэлд ойрын үед үргэлжилсэн их бороо орсоор байна. Газар тариалангийн бүс нутгаар хур бороо орж байгаа эсэх, ургацын явц ямар байгааг сонирхлоо. ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун хэлэхдээ “Газар, тариалангийн бүс нутгаар хур бороо элбэгтэй байна. Яг одоо ургацын явц ид дундаа явж байгаа учир ямар нэгэн мэдээлэл өгөх боломж алга. Энэ жил хэдэн центнер ургац авах төлөвлөгөө ярихад ч эрт байна. Наймдугаар сарын 20 гараад эхний байдлаар мэдээлэл тодорхой болох байх. Одоогоор тариаланчдаас ямар нэгэн асуудал, гомдол ярьсан зүйл алга” гэв.
Харин зөгийчдийн хувьд үргэлжилсэн бороо бэрхшээл учруулж буй аж. Зөгийн балаа хураагаад эхэлсэн тэд нэг хэсэгтээ хүлээж таарах нь. Зөгийн аж ахуй эрхэлдэг иргэний ярьснаар “Дөнгөж балаа хураагаад, эхний хэдэн кг болоод л бороо цутгачихлаа. Бидний ажил цаг агаар, байгаль орчноос хамааралтай учир хүлээхээс өөр аргагүй боллоо” гэсэн юм.
Ус, цаг уур, орчны газрын цаг уурч Э.Доржпүрэв “Цаг агаарын урьдчилсан мэдээгээр наймдугаар сард нийслэл хот болон Хөвсгөл, Увс, Архангай, Булган, Хэнтий, Дорнод, Сүхбаатар зэрэг аймгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна. Мөн газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ, Булган, Төв аймгуудаар бороо хур элбэгтэй байна” хэмээн мэдээллээ.
Ц.АРИУНЗАЯА
Холбоотой мэдээ