Монгол Улсын Их Хурлын 2015 оны зургадугаар сарын 19-ны хуралдаанаар “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг”, “Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”, “Сэргээгдэх эрчим хүчний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль” батлагдан гарсантай холбогдуулан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Т.Тлейхан, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, тус яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж болон албаны бусад хүмүүс эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын удирдлагуудад дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
“Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг” батлагдсанаар эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа бэрхшээл, нөөц боломжийг дүгнэн, 3 тэргүүлэх чиглэлийн хүрээнд, 6 стратегийн зорилго, 26 зорилтыг тодорхойлж, тэдгээрийг 2015-2023 он, 2024-2030 он гэсэн 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэж байгаа юм.
Хууль эрхзүйн баримт бичиг танилцуулах уулзалтын эхэнд Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ “Эдгээр баримт бичгийн зорилго нь улс орны эрчим хүчний тогтвортой найдвартай хангамж, аюулгүй байдлыг хангах, үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх, эрчим хүчний салбарын хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих хүрээнд ирээдүйд гарах шийдвэр, хэрэгжүүлэх арга хэмжээг чиглүүлсэн, эрчим хүчний бодлогын тэргүүлэх чиглэл, стратегийн зорилго, зорилтыг тодорхойлоход орших ба эрчим хүчний салбарын хөгжлийг төлөвлөх, анхдагч эрчим хүчний олборлолт, түлшний нөөц бүрдүүлэлт, цахилгаан дулааны үйлдвэрлэл, хангалтын үйл ажиллагаа, үр ашгийг дээшлүүлэх, эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, салбарыг чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжүүлэх, эрх зүйн орчин, удирдлага, зохион байгуулалт, бүтцийг боловсронгуй болгох, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх зэрэг арга хэмжээг төлөвлөхөд эрх зүйн гол үндэслэл болох юм” гээд баримт бичгийг УИХ-аар хэлэлцэн батлуулахад УИХ-ын гишүүн А.Тлейханаар ахлуулсан Ажлын хэсэг маш сайн ажиллаж, ихээхэн чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэхийг хүсч байна гэв.
УИХ-ын гишүүн Т.Тлейхан хэлэхдээ “Бодлогын баримт бичгийг боловсруулахдаа Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжлийг эрх зүй, бүтэц, дэд бүтцийн бодлогын хамт цогцоор нь авч үзэж, Монгол Улсын Их Хурлаас баталсан “Ногоон хөгжлийн үзэл баримтлал”, “Ногоон хөгжлийн бодлого”-той уялдуулсан юм. Ингэснээр, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад эерэг нөлөө үзүүлэх бөгөөд хамгийн гол нь олон жил алдагдалтай явж ирсэн энэ салбар зах зээлийн жинхэнэ харилцаанд орох үндэс суурь тавигдах юм. Үнэ чөлөөлөх талаар бид олон жил ярьсан. УИХ-ын гишүүн Д.Зоригтыг Эрчим хүчний сайдаар томилж байсан тэр чуулганы хурал дээр биний бие “Та бол нэртэй эдийн засагч,тулхтай улстөрч хүн. Эрчим хчүний сайдаар томилогдсоны дараа хамгийн түрүүнд хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч ажиллаарай. Олон жил яригдаж байгаа “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг”, Эрчим хүчний тухай болон Сэргээгдэх эрчим хүчний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг яаралтай УИХ-д оруулж хэлэлцүүлээрэй. Хэрэв та энэ бүхнийг үлдэж байгаа нэг жил 6 сарын дотор хийж чадвал энэ салбарын түүхэнд мөнхөд дурсагдах гавьяа болно шүү гэж хэлж байсан. Харин Эрчим хүчний сайд Д.Зоригт зургаахан сарын дотор хийж чадлаа. Танд баяр хүргэе” гэв.
Дараа нь ЭХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж УИХ-аас батлагдан гарсан дээр дурдсан хууль эрхзүйн баримт бичгүүдийг үзэл баримтлал, онцлог шинж, хэрэгжүүлэх арга замын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
Хууль эрхзүйн баримт бичиг танилцуулах уулзалтын төгсгөлд ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт “Эдгээр баримт бичгүүд бол бид бүхний хувьд өдөр тутам сахиж мөрдөж явах ёстой зүйл юм. Бидэнд боломж нөхцөл олгосон, үүрэг хариуцлага хүлээлгэсэн, алс хэтийг харсан баримт бичиг юм” гэв.
Л.ХАЛИУ