Шөнийн нээлт, сарлагийн үймээн, аваргыг буцаасан наадмууд

Хуучирсан мэдээ: 2019.07.30-нд нийтлэгдсэн

НААДАМ -2019

Шөнийн нээлт, сарлагийн үймээн, аваргыг буцаасан наадмууд

Шөнийн нээлт, сарлагийн үймээн, аваргыг буцаасан наадмууд

Мөрөн хотын 210 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морины уралдаан “Хотгойдын хурд 4” даншиг наадам, Бурхны шашны гурван зулын нэг, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн ойд зориулсан Даншиг наадам болон “Говь шанх-6” говийн бүсийн даншиг наадам, Дорнод аймгийн 88 жилийн ойн баяр наадам, “Зүүн бүсийн хурд 2019” хурдан морины уралдаан өнгөрөгч долоо хоногт болсон билээ. Даншиг наадмуудын сонин хачнаас хүргэе.

ХӨВСГӨЛ

Мөрөн хотын 210 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морины уралдаан “Хотгойдын хурд 4” нэртэйгээр Даншиг наадмын хүрээнд боллоо. Наадмын арга хэмжээ эхлэхээс өмнө шөнө нээлт болно гэсэн мэдээлэл олонд тарсан. Тиймээс хоймор нутгийн наадмын нээлт эртнээс анхаарал татаж байсан юм. Энэхүү түүхэн нээлтийг хөвсгөлчүүд эхлүүлж чаджээ. Аймгийн төв талбайд орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан байгуулсан цамхагийн гэрэлтүүлэг нь эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй эко гэрэлтүүлэг аж. Шинэлэг өнгө аястай нээлтийн арга хэмжээ шөнө болсон ч хөвсгөлчүүд наадмын нээлтийг шөнө хийсэн тохиолдлоор анхдагч боллоо. “Хотгойдын хурд” Даншиг наадам болж байгаатай холбогдуулан нутгийн ард иргэдээс гадна дотоод, гадаадын зочид Хөвсгөл нутгийг зорьсон.

Аймгуудын түүхэн ойд Улсын цолтой бөхчүүд түрүүлэх нь ховор байдаг. Энэхүү даншиг наадмын бөхийн барилдаанд Улсын арслан Ц.Содномдорж түрүүлж, Улсын заан Б.Батмөнх үзүүрлэн, Улсын начин Ч.Хөхчирэнгэр, Б.Даваа-Очир нар их шөвөгт үлдсэн юм.

Хөвсгөлчүүд баяр наадмаараа Онцгой байдлын байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж, 182 хүний амь насыг аварсан, Үйлчилгээний Гавьяат ажилтан Х.Мөнхбатыг гурван өрөө байраар шагнан урамшуулсан нь сайн мэдээллийн нэг байлаа. Түүний онцгой байдлын албанд үзүүлсэн аврах ажиллагаанууд олон бий.

“Хотгойдын хурд 4” уралдааны уламжлалт зургаан насны морьдын уралдааны бай шагнал өндөр байлаа. Энэ удаа хурдан морины эхний таван байрыг 1-10 сая төгрөгөөр шагнажээ.

 

БАЯНХОНГОР

Бурхны шашны гурван зулын нэг, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн ойд зориулсан Даншиг наадам олны анхааралд байлаа. “Мянган мутарт Жанрайсаг бурханы авшиг”, “Цэнд-Аюуш бурханы насны авшиг” хүртээх шашин номын үйл ажиллагаа, Ламын гэгээтний VIII дүр Данзанжамбалчойжишинэн хутагтад Бат оршил өргөх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа наадмын гол арга хэмжээний нэг байсан юм. Гэхдээ үүнээс илүүтэй наадмын нээлтийн арга хэмжээнийн үеэр сарлаг зугтааж, Баянхонгорын наадмыг анхаарахаас аргагүй болсон.

Санамсаргүй үйлдэлтэй сахилгагүй сарлагийг цагдаагийн хамгаалалтад саатуулж чадсан ч энэ нь олон нийтэд хүрч чадсан. Энэ талаар Ардын уран зохиолч Тангадын Галсан “Ламын гэгээний цамын бүжигт сарлагийн бүжиг гэж байдаг. Энэ удаад Хонгор нутгийнхан маань цамын бүжигтээ сарлагийн бүжиг гэж гаргаагүй болохоор сарлаг өөрөө цамын бүжгээ жинхэнэ ёсоор нь хийчихлээ” гэсэн тайлбар олон нийтэд өгсөн юм. Нутгийн ард олон ч санамсаргүй үйлдэл гаргасан сарлагийг буруутгаагүй. Гэхдээ сарлаг Баянхонгорын Даншиг наадмын нээлтийн нэгэн чимэг болж чадсан.

ӨМНӨГОВЬ

1999 онд буюу одоогоос 20 жилийн ѳмнѳ говь шанхын хурдыг сэргээхээр “Говь шанхын хурд-6” наадмыг зохион байгуулж байсан түүхтэй. Анхны наадам говь шанхын хурдан адууны ѳлгий нутаг Цогтцэций сумын Цагаан Овоо хайрханы ар дээр Цагаан товог хэмээх газар зохион байгуулагдаж байжээ.

Жил ирэх бүр цар хүрээгээ ѳргѳжүүлж, Гурван сайхан уулын бэлд Монголын цуутай хурдан хүлгүүд уралдаж, эрдэм тѳгс уяачид, эрхий мэргэн харваачид, эрэмгий хүчит бѳхчүүд зорин ирдэг улсын хэмжээний том даншиг наадам болтлоо ѳргѳжиж, зургаа дахь удаагаа зохион байгуулжээ. Бусад аймгуудын Даншиг наадмыг бодвол говьчууд чимээ багатай өнгөрлөө.

Монгол Улсын нутаг дэвсгэрт анх удаа болсон “Торгоны зам” авто ралли Манлай, Цогтцэций, Ханхонгор, Даланзадгад, Ханбогд сумдаар дайран өнгөрөгч, наадамчин олон саатсан удаатай. Баяр наадмын өмнө авто раллигаар олны анхааралд байсан өмнөговьчууд “Говь шанх 6” наадмыг даруухан тэмдэглэжээ.

Наадмын үеэр болсон хүчит 128 бөхийн барилдаанд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, Улсын начин Ц.Одбаяр түрүүлж, Улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэсэн байна.

ДОРНОД

Дорнод аймгийн 88 жилийн ойн баяр наадам, “Зүүн бүсийн хурд 2019” хурдан морины уралдаан эхлэхээс өмнө зохион байгуулах хорооноос уралдааны талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж, логоны уралдаан зарласан. Уг уралдаанд Улаанбаатар хотын оролцогч, дизайнер Г.Баясалын бүтээл шалгарч байсныг олон нийтэд мэдээлж байсан билээ. Тиймээс энэ бүсийн уралдаан олны анхаарлыг эртнээс татаж эхэлсэн.

Мөн Зүүн бүсийн хурд наадам нь Дорнод аймагт дөрөв дэх удаагаа болж байгаа нь энэ. Тиймээс шинээр Улсын харцага цолтонтой болсон дорнодчууд баяраа өргөн дэлгэр тэмдэглэхээр эртнээс бэлтгэсэн нь наадмыг бэлтгэл ажлаас харагдсан билээ. Харамсалтай нь, энэ наадамд гадны бөхчүүд буюу зэргэлдээх нутгийн бөхчүүдийг барилдуулахгүй гэсэн шийдвэр гарсан нь том дуулиан болсон юм. Тэр дундаа Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд түрүүлж, Улсын аварга цолонд хүрсэн Э.Оюунболд наадмыг хүндэтгэн очсон ч зодоглож чадалгүй буцсан үйл явдал болсон.

Наадмыг зохион байгуулах Бөхийн салбар комиссоос бөхийн барилдаанд гадны гэх тодотголтой бөхчүүдийг барилдуулаагүй нь Улсын аварга Э.Оюунболд /Хэнтий/, Улсын харцага Ш.Мөнгөнбаатар /Сүхбаатар/, Улсын начин Б.Серик /Баян-Өлгий, Д.Анарын найз/ нарыг буцахад хүргэсэн юм. Энэ үйл явдал Зүүн бүсийн гэж нэрлэгдсэн наадмын уур амьсгалыг эвдэж, жалга довны үзэл гаргалаа гэх шүүмжлэлд хүргэсэн. Энэ хэрээр наадмаа хийгээд байх уу, эсвэл заавал шинэ цолтон төрүүлэхийн тулд Улсын цолтой бөхчүүдийг буцаах уу? Энэ асуулт Дорнод нутгийнханд үлдсэн. Зүүн бүсийн хэмээх тодотголтой энэ наадам иймэрхүү дүр зурагтай өндөрлөж, ирэх өдрүүдэд ярих сэдвийн нэг болж үлдлээ. Мэдээж энэ наадмаас аймгийн шинэ цолтнууд төрсөн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж