Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам сурын харваагаар эхэллээ. Энэ жилийн үндэсний сурын харваа өчигдөр урианхай харваагаар эхэлсэн бол өнөөдөр буриад харваагаар үргэлжилж байна.
Буриад сурын харваанд Улаанбаатар хот болон Ховд, Баян-Өлгий Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Хэнтий, Дорнод зэрэг аймгуудаас эрэгтэй, эмэгтэй нийт 160 харваач цэц мэргэнээ сорьж байна. Мөн ОХУ-ын Буриад улсаас Баясгалан, Болд нарын харваачид иржээ. Буриад сурын харвааны дүн өнөөдөр гарна.
Буриад сурын харваа нь 40 буюу 30 метр нум, 30 буюу 20 метр нум гэсэн хоёр зайнаас харвадаг. Сураа өргөж харвадаг талбайг зураахай гэнэ. Зураахай нь 4х4 метрийн хэмжээтэй байх бөгөөд сурыг сайн шахаж өгдгөөрөө онцлогтой. Сур өрөх шугамаас хоёр тийш хоёр метрийн зайд газрыг зураахай талдаа эгц эрмэгтэй, зураахайн гадна талаас налуугаар дөрвөн метр урттай, 15 см орчим гүн ухах бөгөөд энэ ухсан газрыг харвах талынхыг “урт ганга”, нөгөө талынхыг нь “арын ганга” гэдэг. Буриад сурын багийн харваанд зураахайн хоёр талаас “урд эхэн”, “хойд эхэн” гарч харвадаг учраас нэг зураахайд 80х4метрээс багагүй тэгш гадаргуутай, хайрга чулуугүй талбай шаардагддаг байна. Манай улсад Буриад харваагаар Дорнодчууд хамгийн олон амжилтыг гаргасан байдаг ажээ.
Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, МУ-ын мэргэн, буриад сурын харвааны Дархан мэргэн Б.Цэцэгтэй хийсэн ярилцлагыг удахгүй хүргэнэ.
Ч.БОЛОР