Өмнө нь бэртсэн хүүхдээр морь унуулахгүй

Хуучирсан мэдээ: 2015.07.08-нд нийтлэгдсэн

Өмнө нь бэртсэн хүүхдээр морь унуулахгүй

Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг үндэсний хэмжээнд  хамгаалж, ажиллахад бэлэн болсон тухай өнөөдөр Хүүхдийн төлөө үндэсний газар /ХТҮГ/-аас мэдээллээ.  ХТҮГ-т одоогоор найман мянган уралдаанч хүүхэд бүртгэлтэй байдаг.  Гэхдээ энэ жил хичнээн хүүхэд хурдан морих унах вэ гэдэг нь одоогоор тодорхой болоогүй байна. Маргааш буюу долдугаар сарын еснөөс 12 өдрийг хүртэл, өдөр бүр   08.00-22.00 цагийн хооронд хурдан морины салбар комисс  уралдаанд оролцогч хүүхдүүдийг бүртгэх ажил явагдахаар болжээ. Уралдаанч хүүхдүүдийг бүртгэхдээ хэд хэдэн шалгуурыг тавихаа ХТҮГ-аас мэдэгдсэн юм. Тодруулбал, уралдаанч хүүхдийн төрсний гэрчилгээ, Эрүүл мэндийн дэвтрийн дугаар, эрүүл мэндийн үзлэгт орсон бичиг, ослын даатгалын баталгаа болоод эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл зэргийг үндэслэж, бүртгэл хийнэ.

Мөн долоогоос дээш насны хүүхэд л энэ жил хурдан морь унана гэсэн хатуу шаардлагыг ХТҮГ-аас тавьж байна. Үүнээс гадна морь уралдааны үед уралдаанч хүүхдэд уяач нар заавал стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцсыг бүрэн өмсүүлсэн байх, гэнэтийн ослын даатгалд хамруулж, хураамжаа төлсөн байх зэрэгт давхар хянаж, шалгах юм. Гэхдээ өмнө нь ямар нэгэн шалтгаанаар мориноос унаж, бэртэж гэмтсэн хүүхдийг дахин хурдан морь унуулахгүй гэж ХТҮГ-ын дарга И.Нарантуяа мэдэгдлээ.

Уралдаанч хүүхдүүдийн  гэнэтийн ослын даатгалыг найман компани хариуцан хийнэ. Гэхдээ даатгалын компаниудаа төлөөлөөн Хүй долоо худагт "Дэвжин дэлгэрэх холдинг" даатгалын компани ажиллах юм байна. Уяачид уралдаанч хүүхдүүдээ доод тал нь таван сая хүртэлх төгрөгөөр даатгах ёстой. Үүний жил бүрийн хураамж нь 25 мянган төгрөг байх юм.

Өнгөрсөн жил улсын баяр наадмаар морь унахаар 511 уралдаанч хүүхэд бүртгүүлж, есөн насны 1751 морийг унаж, уралджээ. Харин уралдааны үеэр 19 хүүхэд мориноос унаж, гурван хүүхэд хүндэвтэр, найман хүүхэд хөнгөн гэмтэл авч, бусад нь гэмтэл аваагүй аж. Даатгалаас өнгөрсөн онд найман уралдаанч хүүхэд таван сая хүртэлх төгрөгийн нөхөн төлбөр авч байжээ.

Д.УЛАМБАЯР

 


 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж