“Г.Өсөхбаяр зүүнийг магнайлна”

Хуучирсан мэдээ: 2015.07.08-нд нийтлэгдсэн

“Г.Өсөхбаяр зүүнийг магнайлна”

Энэ жилийн үндэсний их баяр наадмаар зүүний магнайд Г.Өсөхбаяр, А.Сүхбат аваргын хэн нь гарах вэ гэдэг дээр маргаан үүссэн. Тэгвэл энэ асуудалд Монголын үндэсний бөхийн холбооноос албан ёсоор мэдээлэл хүргэлээ. Тэдний хэлж буйгаар зүүнийг манлайлах асуудал аль өнгөрсөн жил шийдэгдсэн гэв. Өнгөрсөн жил амжилтаараа Г.Өсөхбаяр аварга зүүнийг манлайлах шийдвэр гаргасан ч тухайн үед А.Сүхбат аварга зүтгэсээр зүүний магнайд гарсан. Г.Өсөхбаяр аваргын хувьд тухайн үед ард түмнээ хүндлээд баруун жигүүрт гарсан гэв. Харин энэ жил хууль дүрэм, ёс журмынхаа дагуу явна хэмээн Үндэсний бөхийн холбооноос мэдээлж байна. Тиймээс энэ жил зүүний магнайг Г.Өсөхбаяр манлайлах нь тодорхой болжээ. Тэд шийдвэрээ ийм заалтаар тайлбарлав.

-Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 3.6.1: Ижил цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо олон биелүүлснийг, энэхүү нөхцөл ижил байвал доод давааг олон давсныг эхэнд нь… эрэмбэлнэ”

Энэ хүрээнд тооцвол Г.Өсөхбаяр даян аварга цолтой байхдаа Г.Сүхбатын өмнө эрэмбэлэгддэг байсан гэв. Амжилтын хувьд Г.Өсөхбаяр гурван удаа найм давсан нь Г.Сүхбатын өмнө эрэмбэлэгдэх нь тодорхой хэмээн мэдээлсэн юм.

“Ийм маргаан гарч байгаагүй”

Өнөөдрийн энэ нөхцөл өмнө нь 2004 онд үүсч байжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч 2004 онд зарлиг буулган улсын харцага, гарьд цолны болзлыг 2003 оноос өмнө хангасан бөхчүүдэд эдгээр цолыг нөхөн олгожээ. Шинээр цол нөхөн авсан дөрвөн гарьд, 25 харцагыг дээрх дүрмийн заалтаар амжилтаар нь эрэмбэлж байсан аж. Тухайн үед 2000 онд болзол хангасан Б.Гантогтох гарьдуудыг толгойж, 1990 онд уг болзлыг хамгийн эхэнд хангасан Д.Баяраа амжилтаараа сүүлд эрэмбэлэгдсэн байна. Энэ талаар Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан “Эдгээр бөхчүүдээс хэн нь ч ийм маргаан үүсгэж байгаагүй. Дүрмээ хүндэтгээд тогтоосон эрэмбээр барилдаж байсан. Өөрөөр хэлбэл энэ асуудал 10 гаруй жилийн өмнө шийдэгдэж нэг мөр болсоор ирсэн” гэв.

“Дархан аваргуудыг эрэмбэлэхгүй”

Үүнээс гадна дархан аваргуудыг эрэмбэлдэггүй талаар тодорхой мэдээлэв. 2003 онд гарсан хуульд дархан аварга цолтой болж нэгэнт дархлагдсан бөхчүүдийн хуучин эрэмбийг хэвээр үлдээхээр заажээ. Хоёр бөх нэг өдөр дархан аварга болсон энэ удаагийн нөхцөлд тэднийг эрэмбэлэх нь зүйн хэрэг. Харин тус хоёр бөх цаашид барилдан амжилт нь ямар ч байдлаар өөрчлөгдсөн энэ удаад тогтоосон эрэмбийг дахин өөрчлөх ёсгүй байдаг аж. Иймээс тэднийг 1966 онд дархан аварга болсон Ж.Мөнхбат, 1971 онд дархан аварга болсон Х.Баянмөнх нартай адилтган ярих нь утгагүй хэрэг гэдгийг хэлэв.

Б.ЗАЯА

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж