Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт: Намуудын байр суурь

Хуучирсан мэдээ: 2019.07.30-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт: Намуудын байр суурь

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт: Намуудын байр суурь

УИХ-ын дарга Г.Занданшатар 17 намын төлөөлөлтэй уулзаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал солилцов. Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаарх намуудын байр суурийг хүргэж байна.


Монгол үндэсний ардчилсан намын дарга Б.ЦОГТГЭРЭЛ:

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал нийлэх, нийлэхгүй заалтын  аль аль нь бий. Гэхдээ зарчмын гол асуудлууддаа төвлөрч, сайн ярилцаж нягтлаад Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Өнгөрсөн долоо хоногт болсон хэлэлцүүлгүүдээс ч ийм дүр зураг харагдсан.

Хөдөлмөрийн Үндэсний намын Удирдах зөвлөлийн дарга Т.ДОРЖХАНД:

-Өмнөх 30 жилийн алдаагаа илүү их хараад байх шиг байна. Тэгэхээр хөгжлийн ямар загвар дээр тулгуурлан,  ирэх 30 жил ямар хөгжлийн харж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй юм. Бодлого ярьдаг парламент, хүчтэй, хэрэгжүүлэгч Засгийн газар байх нь зүйтэй юм. Хүчтэй Засгийн газартай байхын тулд Засгийн газрын тогтвортой байдал маш чухал. Үндсэн хуулийн өөрчлөлтийг  дэмжиж байгаа. Манай нам сонгуулийн тогтолцооны хувьд 100 хувь пропорционал байх нь зүйтэй гэсэн саналтай байна. Ингэснээр бодлого ярьдаг төртэй болж парламент нь ч, улс төрийн намууд нь ч төлөвшинө, бодлогыг хэрэгжүүлэх чадвартай хүчтэй Засгийн газар, Ерөнхий сайдтай ч болж чадна. Харин энэ удаагийн төсөлд эдийн засгийн асуудлуудыг дорвитой  оруулж ирж чадсангүй. Ядахдаа төсвийн алдагдлыг хоёр хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг заалтыг Үндсэн хуульдаа суулгаж өгөх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Иргэний Зориг-Ногоон намын дарга Ц.ГАНХУЯГ:

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар ерөнхий шүүмжлэлүүд байгаа ч нэгэнт Ерөнхийлөгч төсөл, саналаа өргөн барьж, бас улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэд өргөн хүрээтэй оролцон байр сууриа илэрхийлж байгаа учраас энэ удаад Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв гэж үзэж байна. Харин байгалийн баялгийн асуудалтай холбоотой Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг ард түмний өмч гэж өөрчлөх саналтай байгаа. Манай намаас сошиал сүлжээгээр иргэдээс авсан санал асуулгад оролцогчдын 99 хувь нь ийм саналтай байгаагаа илэрхийлсэн.

Ард түмнээ хайрлая намын дарга Д.ГҮНДАЛАЙ:

-Парламентын олонхыг бүрдүүлж, эрх барьж байгаа МАН зоригтой алхам хийж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг бодит ажил хэрэг болгох хэрэгтэй. Тийм цаг үе нь нэгэнт ирсэн. Харин байгалийн баялгийн өмчлөл, хуваарилалтын асуудал тунхаглалын чанартай байж таарахгүй, ард түмэн баялгийнхаа эзэн байх ёстой. Иймээс эдийн засгийн шударга бус хуваарилалтын асуудлыг хуучин хэвээр нь үлдээж болохгүй. Энэ талаар анхаарах нь чухал. Мөн Сонгуулийн хуулийг нэг талд нь гаргах хэрэгтэй. Сонгуулийн хуульд хэд хэдэн удаа өөрчлөлт хийж байгаа ч үр дүнд хүрэхгүй байгаа учраас эцэг хуульд яс зааж өгөх хэрэгтэй. Ер нь бол 100 хувь пропорционал байсан дээр гэж боддог. 65 гишүүнтэй Үндсэн хуулийг өөрчлөх эрх мэдэлтэй МАН зоригтой хийх нь зөв байх. Хангалттай хэлэлцүүлэг хийж, намуудтай санал солилцлоо.

Хүний төлөө намын дарга Х.БАТ-ЯЛАЛТ:

-Манай намын хувьд сонгогч-хянагч статусыг хуульчилж өгөх замаар иргэдийн хяналтыг нэмэгдүүлж, төрийн эрх, иргэний эрх хоёрыг тэнцвэржүүлэх асуудлыг тусгах шаардлагатай гэсэн байр суурьтай байна. Мөн шүүхэд хөндлөнгийн оролцоог хангаж шүүх бүрэлдэхүүнд ардын төлөөлөгчдийг оролцуулдаг болох, прокурорыг хяналтын байгууллага болгох зэрэг арга замаар хүний эрх, эрх чөлөөг хангах шаардлагатай гэж үзэж байгаа.

Эх орон намын дэд дарга И.ЭРДЭНЭБААТАР:

-Өнгөрсөн өдрүүдэд болсон хэлэлцүүлгүүд нь үзэл бодол, байр суурь, ойлголтын зөрүүг арилгах, мэдлэг мэдээллээ хуваалцах, цаашдын зүг чиг хандлагаа ойлгож мэдрэхэд их ач холбогдолтой болсон. Тиймээс энэ удаад шинэ Үндсэн хуулийн тухай асуудлыг хойш тавьж, одоо яригдаж байгаа төсөл, саналуудаа нэгтгэн боловсруулж нухацтай хандах замаар Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад явах нь зүйтэй юм байна гэж үзэж байна. Ерөнхийлөгч төсөл, саналаа өргөн мэдүүлж, улс төрийн гол намууд ойлгож зөвшилцөхийн төлөө ажиллаж, бусад намуудын саналыг сонсож, өргөн хүрээнд ярилцаж байгаа нь зөв эхлэл гэж бодож байна.

Монгол консерватив намын дарга Н.ДАШДАВАА:

-Үндсэн хуулийн олон зүйл, заалтыг хөндөх нь буруу. Тиймээс Үндсэн хуулийн 35 хувиас хэтрүүлж болохгүй гэсэн хуулийн зарчмаа барьж, цөөн хэдэн гол асуудалд төвлөрч ажиллах нь зүйтэй юм. Нийгэмд нэгэнт хүлээлт үүсгээд байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг шуурхай хийж, олон жил хуримтлагдсан алдаа, гажуудлыг засах шаардлагатай. Ганц зүйлийг хэлэхэд, байгалийн баялгийн хувьд улсын өмч байхаар томьёолоод эзэмшигч нь хөрөнгө оруулалтаа хийгээд татвараа төлөөд явдаг байх нь зөв юм. Түүнээс биш төрийн өмч, нийтийн өмч гэх зэргээр эрсдэл үүсгэх, эзэнгүйдүүлэх байдал руу оруулж болохгүй.

Иргэний Хөдөлгөөн намын дэд дарга Д.СҮХЖАРГАЛМАА:

-Манай намын хувьд сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байгаа, мөн эмэгтэйчүүдийн квотыг зааж өгөх нь чухал гэж үзэж байгаа. Төрөө хүчтэй болгож, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулахад Үндсэн хуулийн амин сүнс оршдог. Тиймээс өмнө нь бид тодорхой зүйл, заалтууд дээр төвлөрч нэлээд ярилцсан бол дараагийн удаад Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалыг тодорхой болгох чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй гэж бодож байна.

Бүгд Найрамдах намын дарга Б.ЖАРГАЛСАЙХАН:

-Юуны төлөө Үндсэн хуулиа өөрчлөх гэж байгаа юм бэ гэдгээ эхлээд сайн бодох хэрэгтэй. Энэ бол гэнэт яригдаж байгаа асуудал биш, өнгөрсөн 27 жилийн алдаа, гажуудлаас үүдэлтэй юм. Ер нь нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа олон зүйл улс төрийн намуудаас эхлэлтэй гэдгийг бид хаана хаанаа анхаарах ёстой. Намуудын хоосон амлалтаас л болж төрийн нэр хүнд унасан. Одоо юмыг бодитой харах цаг болсон. Хүний эрх, эрх чөлөө гэж их ярьдаг атлаа үүрэг хариуцлагын тухай огт ярихаа байсан. Тиймээс нийгмийн өмнө хүлээх иргэн бүрийн үүргийг Үндсэн хуульдаа зааж өгмөөр байна. Ядахдаа сонгуулийн насанд хүрсэн бол заавал саналаа өгдөг, татвараа төлдөг, баялаг бүтээж амьдардаг байх зэргийг зааж өгөх ёстой. Тэгж байж улс орон хөгжинө, иргэд ч ажилтай, орлоготой сайн сайхан амьдарна, насаараа тэжээлгэх сэтгэлгээнээсээ сална гэж үзэж буйгаа хэллээ.

Дэлхийн монголчуудын намын дарга Г.ТЭМҮҮЖИН:

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах цаг нь болсон уу гэвэл болсон. Юуны түрүүнд байгалийн баялгийн жинхэнэ эзэн нь ард түмэн байх боломж, гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд, гишүүдийн хариуцлагатай холбоотой буюу нийт гишүүдийн олонх хууль тогтоомж батлах зэрэг ач холбогдолтой чухал заалтууд байна. Тиймээс нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж