Бурхан шашны гурван зулын нэг, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн ойд зориулсан Даншиг наадам өнгөрөгч амралтын өдөр Баянхонгор аймгийн төвд болсон. Ламын гэгээний ойг тэмдэглэх баяр наадамд ойр, холын олон зочин хонгор нутгийг зорин очсон ч нээлтийн арга хэмжээг догшин сарлаг үймүүлж "олны танил" болов. Хэдийгээр нээлтийн үйл ажиллагааг багагүй хугацаанд саатуулсан сарлагийг олны хүчээр талбайгаас гаргасан ч олон түмэн сайнаар угтан авчээ.
Энэ талаар Ардын уран зохиолч Тангадын Галсан “Ламын гэгээний цамын бүжигт сарлагийн бүжиг гэж байдаг. Энэ удаад Хонгор нутгийнхан маань цамын бүжигтээ сарлагийн бүжиг гэж гаргаагүй болохоор сарлаг өөрөө цамын бүжгээ жинхэнэ ёсоор нь хийчихлээ” гэсэн тайлбар олон нийтэд өгсөн. Энэ хэрээр олон хутагт хувилгаадын өлгий нутаг, сарлаг үхрийн орон гэж нэрлэгддэг Завхан нутгийн найрагч бүсгүй ч эерэг сайхан тайлбар өгсөн билээ.
Тэрбээр “Наадмын нээлтийн үеэр талбайд сарлаг орж ирсэн нь нэгэн алдартай наадамчин олныг хүндэтгээд ороод ирж байгаа мэт сэтгэгдлийг олон төрүүлсэн. Сарлагийн үйлдэл маш их омог бишрэл, гайхал төрүүлсэн үзэгдэл боллоо. Хутагтын нутгийн хүний хувьд сайхан бэлгэшээж Ламын гэгээний өндөр ойн хүрээнд тэр хүний газарт хүмүүс дунд, хүн ард дундаа бууж ирж байгаа тийм сайхан үзэгдэл болж өнгөрлөө гэж санагдсан” хэмээн сэтгэлийн үгээ хэлсэн юм.
Оюун санааны их гэгээрэлд хүрсэн, оюун соёлыг түгээн дэлгэрүүлэгч, соён гэгээрүүлэгч, номын соёлын их мэргэдүүд үнэн аугаа хүчтэй байдаг хууч домог бидэнд бий. Тиймээс энэ жил Ламын гэгээний ойг хонгор нутгийнхан өргөн дэлгэр тэмдэглэж, Даншиг наадмын хэмжээнд зохион байгуулжээ.
“Таван түмэн сарлаг” баяр наадмаараа хол, ойрын зочдын хөлд дарагдаж байдаг баянхонгорчуудын Даншиг наадмын нээлтэд олны танил болсон сарлагийн үйлдлийг ийнхүү сайнаар магтав.
Ч.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ