Б.Чимэд: Таньдаг мөөгөө л түү

Хуучирсан мэдээ: 2019.07.30-нд нийтлэгдсэн

Б.Чимэд: Таньдаг мөөгөө л түү

Мөөг сонирхогчид цахим орчноор дамжуулан нэгдэж, баг болон амралт чөлөөт цагаа хамт өнгөрүүлэхээр нийслэлийн ногоон бүс, хөдөө орон нутагт мөөг түүх аялалд гарах нь түгээмэл болжээ. Амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нь сайн боловч нөгөө талаас мөөг мэдэхгүйгээс болж хортой мөөг түүх эрсдэл их юм. Ойд ургах бор, хүрэн, шар гээд төрөл бүрийн мөөг болгоныг тэр бүр ялгахгүй учир самар, гүзээлзгэнэ шиг түүх нь ховор. Харин ойд ургах энэхүү баялгийг ашиглаж сурах хэрэгтэйг мөөгний мэргэжилтнүүд хэлж байна. Энэ талаар Байгаль орчны гавьяат ажилтан, Шинжлэх ухааны доктор, профессор Мөөг сонирхогч  Б.Чимэд гуайтай ярилцлаа.

-Хүнсний мөөг гэхээр бидний мэдэх цагаан мөөгнөөс өөр төрлийн мөөг санаанд ордоггүй. Манай оронд ургаж буй 400 гаруй төрлийн мөөгнөөс хэчнээн нь хүнсний зориулалттай байдаг вэ?

-Сүүлийн жилүүдэд хүмүүс мөөг, мөөгөнцөр гэдэг төрөл зүйлийг их сонирхож байна. Мөөг бол ургамал ч биш, амьтан ч биш. Мөөгөнд амьтны шинж бий. Нэг нэгээсээ тэжээл авдаг, нөгөө талаас ургамлын шинжийг ч агуулдаг. Судлаачдын үзэж буйгаар дэлхийд хоёр сая гаруй зүйлийн мөөг, мөөгөнцөр ургадаг. Жишээ нь, талхыг исэлдүүлж буй мөөгөнцөр, хөгц зэрэг бүгд л мөөг. Бидний иддэг мөөг бол малгайт буюу махлаг идтэй. Эрдэмтийн судалснаар манай улсад 60 зүйлийн идэх боломжтой малгайт мөөг бий. Үүнд, талын цагаан мөөг, дэрдгэр сархиа, болнушка зэрэг олон төрлийн мөөг багтана. Гэхдээ манай монголчууд талын цагаан мөөгнөөс өөр мөөг мэдэхгүй, танихгүй. Бас талын цагаан мөөгөө таньж, хоол хүнсэндээ хэрэглэхгүй, үндсээр нь булгалж, хананы толгойд өлгөж хатаан эмийн зориулалттай л ашиглаж байна. Зүй нь, дэлхий дахинд иддэг мөөгийг хүнсэндээ хэрэглэж байна шүү дээ.

-Ойд төрөл бүрийн мөөг ургадаг ч зориглож түүх нь ховор. Энэ нь хортой болон хоргүй гэдгээс шалтгаалдаг байх. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ хандлага өөрчлөгдөж, мөөг түүхээр ойд аялах хүмүүс ихэссэн юм биш үү. Мөөг түүхэд юуг анхаарах ёстой вэ?

Тал хээр ургадаг талын цагаан мөөгнөөс бусад нь ойд ургадаг. Маш олон зүйлийн мөөгийг хүмүүс таньж мэдэхгүйгээс идэхгүй байна. Ер нь мөөгийг хортой, хоргүй, иддэг, иддэггүй гэж ангилдаг. Хүмүүс мөөгөө танихгүй учраас л түүж идэхгүй, хортой юм шиг санагдаж байгаа юм. Тиймээс монголчууд мөөг таньж, түүдэг болох хэрэгтэй. Гэхдээ таньдаг мөөгөө л түү. Таньдаггүй мөөгөө бүү түү. Бас таньдаггүй, мөөг муухан мэддэг бол хүмүүст мөөг түүхийг бүү зааж өг. Хамгийн чухал нь мөөгийг хутгаар түүх ёстой. Монголчууд мөөг түүхдээ хөрсөөр нь булгалж авснаас болж мөөг ургах, төрөл зүйл ховордоход хүргэж байна. Бас сагсанд мөөг түүх ёстой. Мөөг түүхэд өглөө эрт байх тусмаа илүү сайн. Мөөг түүхдээ ядахдаа таван төрөл зүйлийг нь таньдаг байхад л хангалттай. Иддэг мөөгөө мэддэг байх нь л чухал. Ойд иддэг мөөгтэй андуурмаар хортой мөөг бий. Өндөр нарийн шилбэтэй, шүхэр шиг хэлбэртэй, цагираг бугуйвчтай эвгүй үнэртэй, бас богино бүдүүн шилбэтэй малгайн дээр цоохор, тод өнгөтэй байдаг.

-Хүнсний мөөгийг хэрхэн таних вэ. Ихэнх нь ямар шинжтэй байдаг бол?

-Хүнсний мөөг бол богино бүдүүн шилбэтэй, хурц тод биш өнгөтэй, махлаг ид сайтай, салбан болон гуурстай. Шилбэндээ цагираг багатай. Хоногт малгай нь ургаж томордог учраас өт иддэг. Иддэг мөөг бол өтсөн байдаг. Өт идэж буй төрлийн мөөг бол хүнсний зориулалттай л гэсэн үг. Гэхдээ өт идэхээс нь өмнө эрт түүх ёстой юм. Өт хэзээ ч хортой мөөг идэхгүй. Өглөө эрт мөөг түүхэд танигдах нь хялбар байдаг. Шүүдэр бууж гялтганаж сайхан харагддаг. Мөөг түүх нь нэг талаараа хобби. Мөөг огтолж сагсандаа хийнэ гэдэг бас аз жаргал. Гэхдээ намайг мөөг түүгээд явахад өөр мөөг түүж буй хүн огт тааралддаггүй. Би хувьдаа монголчууд мөөгний мэдлэг муу юм уу даа гэж хардаг.

-Анх удаа мөөг түүх гэж байгаа хүмүүст юуг анхааруулж зөвлөх вэ? 

-Мөөг түүх гэж байгаа бол мөөг мэддэг хүнтэй цуг явах хэрэгтэй. Мэддэггүй хортой мөөг түүсэн байхыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Тиймээс иддэг байж магадгүй гэсэн мөөгөө түүж мөөг мэддэг хүнээр таниулж, ялгуулах нь чухал. Бас мөөгний тухай ном уншиж судлах хэрэгтэй. Ер нь таван хошуу мал шиг таван төрлийн мөөг таньдаг байхад л хангалттай.

-Хортой мөөгний хүний биед үзүүлэх хор нөлөө гэвэл?

-Хортой мөөгний хор чанараас шалтгаална. Хор нөлөө их бол нүд сохрох, ухаан алдах, амь насаа алдах аюултай. Ялангуяа мөөгийг буруу дарснаас болж эрүүл мэнд, амь насаараа хохирдог байсан. Одоо бол хөргөгчинд хөлдөөхөд л хангалттай. Мөөгийг заавал даршлах шаардлагагүй.

-Тэнгэрийн дүлийг идэж болдоггүй гэж ярьдаг. Гэвч идэж болдог тухай зарим ном зохиолд бичсэн байдаг?

-Бороо орсны дараа тэнгэрийн дүлий цав цагаан буюу шинээрээ бол идэж болно. Энэ тухай Оросын ном зохиолд их дурдсан байдаг. Харин хөгшрөхөөрөө хамрын тамхи шиг пурхийсэн хар юм гардаг.

-Монголчуудын хэзээний танил цагаан мөөг ховордсон нь агаар орчны бохирдол, экологийн өөрчлөлттэй холбоотой юу? Эрт үед орос эмэгтэйчүүд манай цагаан мөөгийг олноор нь түүж, даршилж вагоноор нь зөөж байсан гэдэг яриа байдаг. Ер нь манайд ургадаг цагаан мөөг амт чанараараа урд, хойд хөршдөө алдартай гэдэг юм билээ?

-Цагаан мөөг ховордсон нь хуурайшилт цөлжилт, экологийн доройтлоос болж байна. Нөгөө талаар цагаан мөөгийг хэрчиж биш, булгалж түүсний улмаас ховордож байна. Монголд цагаан мөөг Дархадын хотгор, Булнайн нурууны ард гээд цөөн хэдэн газарт л ургаж байна гэдэг шүү дээ. Бусад газруудад байхгүй, ургахаа больсон. Орон нутагт зам дагуу мөөг зарж буй хүмүүс өөр төрлийн мөөг түүчихээд хүмүүст талын цагаан мөөг гэж хуураад л зарж байна. Хүмүүс ч итгээд өндөр үнээр авч байна. Энэ нь мөөгөө танихгүйгээс л болж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж