Авлигатай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр, Салхитын мөнгөний орд газарт ашигт малтмалын лиценз эзэмшигч хятадуудын маргаанд Монголын хуулийн байгууллагын ажилтнууд, нэр бүхий 17 шүүгч холбогдон, тус газарт шалгагдаж буй хэргийн талаар товч мэдээлэл өгөв.
Дээрх хэрэгт холбогдсон, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбат гэр бүлийн хамт биедээ их хэмжээний ам.доллартай АНУ-ын хилээр нэвтрэх гэж байгаад тус улсын хилийн албаныханд баригдан саатуулагдсан. Түүнийг АНУ-аас цагаачлал хүссэн гэх мэдээлэл ч бий юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн зургадугаар сарын 26-нд нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Тэр орой шүүгч асан С.Төмөрбат Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор хил гарч, ОХУ-аар дамжин далайн чанадад очсоныг хууль, хяналтын байгууллагынхан тогтоожээ.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүүгийн мэдээлснээр, шүүгч асан С.Төмөрбатыг авчрахаар хуулийн дагуу боломжит бүх аргыг ашиглаж байгаа ч шүүгч асныг эрүүгийн хэрэгт татаагүй, сэжигтэн гэж үзэж буй нь багагүй хүндрэл учруулж буй аж.
С.Төмөрбатыг АНУ руу зугтахаас өмнө түүний аав С нь БНХАУ-аар дамжин далайн чанадын орон руу явсан гэх мэдээллийг эх сурвалж өгч буй юм.
Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа нас барсан, гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү С.Төмөрбатыг АТГ-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгч хэмээн шалгаж байв. Ээжийгээ нас барсны дараа "Энэ хэргийн талаарх үнэн мөнийг олно" хэмээн мэдээлэл хийж байсан тэрбээр яагаад хилээр гарч, АНУ-аас цагаачлал хүсэх болов гэдэг анхаарал татаж буй юм.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ