Зүүн хойд Азийн бүс нутгийн Засаг захиргааны харилцаа, хамтын ажиллагааны дээд хэмжээний ээлжит уулзалт “Саммит-2019” "Холидэй инн” зочид буудалд үргэлжилж байна.
Зүүн хойд Азийн бүс нутгуудын Засаг захиргааны харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улсаас Төв аймаг, ОХУ-ын Приморын хязгаар, БНХАУ-ын Жилинь муж, БНСУ-ын Ганвон муж, Японы Тоттори мужууд орж байгаа юм. Жил бүр уулзаж, хамтын ажиллагааны талаар хэлэлцдэг дээрх улсуудын мужуудын төлөөллийг энэ удаа Төв аймгийн удирдлагууд эх орондоо хүлээн авч, дээд хэмжээний 24 дэх уулзалтыг зохион байгуулж байна.
Энэхүү уулзалтын үеэр Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал тус аймаг ХАА-н боловсруулах салбарын үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэхэд анхаарч байгааг илэрхийлээд, “Бид ноос, ноолуур, арьс шир, мах, газар тариалангийн бүтээгдэхүүнээ өндөр технологиор боловсруулж, экспортлох бодлого барьж, ноосон пальто үйлдвэрлэн Унгар улсад гаргаж байна. Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж БНХАУ, ОХУ, АНЭУ-д, гурвалжин будааг Японд, чацарганы гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнийг АНУ, БНСУ, БНХАУ, Герман, Япон, Тайваньд экспортолж байна" хэмээв.
Тэрбээр Төв аймгийн нутаг Хөшигийн хөндийд гурван сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад орж, түүнийг дагаад шинэ хот, үйлдвэрлэл үйлчилгээ, тээвэр, ложистикийн сүлжээ байгуулж буй нь энэ бүс нутагт бизнес, үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжих таатай боломж гэдгийг дуулгалаа.
“Саммит-2019” уулзалтын үеэр дээр нэр дурдсан таван улсын таван муж амтран ажиллах тунхаг бичигт гарын үсэг зурсан юм. Тунхаг бичигт бүс нутгийг дамжсан авто болон агаарын тээврийг хөгжүүлэх, тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээ байгуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг ажлыг тусгажээ.
Б.ЖАРГАЛ