100 айл орчмын замын ажил дөрөв хоног хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.30-нд нийтлэгдсэн

100 айл орчмын замын ажил дөрөв хоног хойшилжээ

100 айл орчмын замын ажил дөрөв хоног хойшилжээ

Нийслэл хотод бүтээн байгуулалт, зам засвар шинэчлэлтийн ажил ид өрнөж байна. Энэ жилийн хувьд  зам засвар, шинэчлэлтийн хэд хэдэн томоохон төсөл хэрэгжиж, ажлыг өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлүүлээд байгаа билээ.

Гэвч энэ зун хур бороо элбэгтэй байгаагаас шалтгаалан нийслэлд хийгдэж буй зам засварын ажлын явц удааширч буйг албаныхан хэлж байв. Жишээлбэл, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй томоохон төслийн хүрээнд Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн.

Уг замын ажлыг эхлүүлээд дөрвөн сар болж байгаа ч 34.74 хувьтайгаар гүйцэтгэж байна гэсэн мэдээллийг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас өгч байна. Одоогоор гурван нүхэн гарц, ус зайлуулах 38 ширхэг хоолойн ажил хийхээс 30 хоолой, нэг нүхэн гарцыг бүрэн хийж дуусчээ.

“БОРООНЫ УЛМААС АЛДСАН ХУГАЦААГАА НӨХӨХӨӨР АЖИЛЛАЖ БАЙНА”

Мөн энэ төслийн хүрээнд хийж буй Хөлийн голын гүүрний ажил 29 хувьтай, далангийн хөрс тэгшлэх болон далангийн дүүргэлтийн ажлууд 70 орчим хувьтайгаар үргэлжилж байгаа аж.

Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн А.Оргилсайхан мэдээлэл өгөхдөө “Ер нь зам барилгын ажлын явцад борооны ус шууд нөлөөлдөг. Жишээлбэл, Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км замын ажлын хүрээнд хийж буй Хөлийн голын гүүрний ажлыг хийхэд бороо зогсохыг хүлээх, зогссоны дараагаар усыг нь дахин соруулж, хатаасны дараа ажлаа үргэлжлүүлэн хийх гээд нэлээдгүй хүндрэл гарч байна. Тийм учраас хоног хугацаа, төлөвлөгөөтэй явж байгаа ажлын хугацааг хойшлуулахаас өөр аргагүй болдог. Учир нь зам барилгын ажил технологи, горимыг алдагдуулахгүй хийх ёстой байдгаас байгалийн давагдашгүй хүчин зүйлийг хүлээхээс өөр арга байхгүй.

Налайхын замын шинэчлэлийн ажлыг аль болох алдагдуулахгүйгээр төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Харин Хөлийн голын гүүрний ажил борооны улмаас яах аргагүй хугацаа алдсан. Алдсан хоног хугацаагаа хэрхэн нөхөх тал дээр төлөвлөгөө гаргаж, уртасгасан цагаар ажлаа үргэлжлүүлэх байдлаар дарга нар үүрэг даалгавар өгч байгаа” гэдгийг хэлж байлаа.

Энэ чиглэлийн авто замын шинэчлэлийн ажлын ерөнхий гүйцэтгэгч компаниар БНХАУ-ын “Синохайдро корпорэйшн лимитэд” компани ажиллаж байгаа бол Монголын Гашууны гол”, “Тэгш плант”, “Дардан говь” гэсэн гурван компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа ажээ.

100 АЙЛ ОРЧМЫН ЗАМЫН АЖИЛ ДӨРӨВ ХОНОГ ХОЙШИЛЖЭЭ

Бас нэг томоохон авто замын засвар, шинэчлэлийн ажил бол 100 айл орчмын зам. Цагдаагийн гудамж, 100 айлын замын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 км авто замыг гурван хэсэгт хуваан хэсэгчлэн хааж, засварын ажлыг хийж байгаа.

Эхний ээлжинд долдугаар сарын 1-нээс 10-ныг хүртэл 32-ын тойргоос Хангай хотхон хүртэлх 0.3 км зам, Хангай хотхоноос Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэлх 0.6 км замыг долдугаар сарын 15-наас 28-ныг хүртэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэлх 0.7 км замыг наймдугаар сарын 15-ныг хүртэл хааж, авто замыг шинэчилэхээр төлөвлөөд байна.

Гэвч эхний хаасан 0.3 км замыг наадмын дараагаар долдугаар сарын 15-нд хүлээлгэж өгөхөөр график төлөвлөгөө гаргасан боловч үргэлжилсэн борооны улмаас дөрвөн хоног хойшилж, 300 метр замын хучилтыг бүрэн авч, замыг нээсэн байна.

Энэ чиглэлийн авто замын засвар, шинэчлэлийн ажлыг долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 15-ныг хүртэл хийнэ гэдгийг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээлсэн билээ.

ЦЭЦЭГ ТӨВИЙН УУЛЗВАРЫН АЖИЛ БОРООНЫ УЛМААС НЭГ ХОНОГООР ХОЙШИЛСОН

Хэд хоногийн өмнө Цэцэг төвийн уулзвар дээр дулааны шугамын шинэчлэлийн ажлыг хийсэн. Энэ ажлыг хоёр хоногийн хугацаанд хийхээр төлөвлөсөн байсан боловч бороо үргэлжлэн орсны улмаас нэг хоногоор хойшилжээ.

Чингэлтэй дүүргийн  нэгдүгээр хороо, Цэцэг төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг долдугаар сарын 16-ны 23.00 цагаас 18-ны өдрийн хооронд түр хааж, Хууль зүйн яамны захиалгаар “Дабль пирамид констракшн” компани дулааны  шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГҮҮРЭН ГАРЦНЫ АЖЛЫН ЯВЦ 65 ХУВЬТАЙ БАЙНА

Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц барих ажлын явц шахуу төлөвлөгөөтэйгөөр хийж байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. Нөхцөл байдал хүндрэхгүй бол ирэх аравдугаар сард үндсэн гүүрний замын хөдөлгөөнийг нээхээр төлөвлөөд байгаа аж.

“Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц барих” төсөл нь Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Төмөр замтай огтлолцсон зам, уулзварт томоохон төсөл юм.
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 470 метрийн урттай, төмөрбетон гүүр баригдаж үндсэн гүүрийг Нарны замтай холбох нийт 1077 метрийн урт гүүр ба налуу замууд, Их Монгол улсын гудамж, Олимпийн гудамжны өргөтгөж шинэчлэлтийн ажил хийгдэж байна.
Нийслэлийн өнгө үзэмжийг нэмсэн томоохон бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Хятадын Төмөр замын 20-р товчоо корпораци” ажиллаж байгаа бөгөөд Хятад, Монголын 300 гаруй инженер техникийн ажилчид есдүгээр сард үндсэн гүүр, B, C рампын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна. Долдугаар сарын эхний байдлаар нийт ажлын явц 65 хувьтай байгааг албаныхан хэлж байв.

ЦАГДААГИЙН ХОТХОНЫ 0.85 КМ ЗАМ 90 ГАРУЙ ХУВЬТАЙ БАЙНА

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр  хийгдэж буй тус авто зам нь 0.85 км урт, зургаан метр өргөн, хоёр талдаа явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөжээ. Энэ төслийн гүйцэтгэгч байгууллага “Рингроуд” компани нь 0.4 квт, 10 квт-ын агаарын шугам шилжүүлэх,  цахилгааны кабель шугамын ажил болон замын хөрс хуулалтын ажлуудыг графикийн дагуу хийж, ажлын явц 90 гаруй хувьтай байгаа ажээ. Баянзүрх дүүргийн аравдугаар хороонд байрлах тус авто зам нь 2019 оны арваннэгдүгээр сард дуусч, ашиглалтад орох гэнэ.

СОНСГОЛОНГИЙН ХУУЧИН ГҮҮРНИЙ ЗАСВАРЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭЭД БАЙНА

Туул гол дээгүүрх 289.4 у/м, 21.9 метр өргөнтэй хоёр эгнээ төмөр бетон гүүрийг барих ажлыг “Бээжин Юни-Констракшн Групп” компани барилгын ажлыг график төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж өнгөрсөн зургадугаар сард бүрэн дуусчээ. Одоо зорчих хэсэг болон явган замын ажлууд хийж байгаа аж. Хуучин гүүрийн засварын ажлыг долдугаар сарын 16-наас эхлүүлээд байгааг албаныхан дуулгалаа.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж