Олон жил Монгол Улсад ажиллаж, амьдарч ирсэн турк багш нарын хувь заяа хаашаа эргэх нь тодорхойгүй байна. Тэд бол Энэс Узун, Исхак Илык, Айхан Алтындаг, Хажи Өмэр Айлдыз, Мустафа Варол, Ялчын Сандал, гэр бүлийн хоёр Фатих Авшар, Мэриэм Авшар нар юм.
Болсон үйл явдлыг тодруулбал, Туркийн Засгийн газрын зүгээс нэр бүхий найман багшийг террорист Фето бүлэглэлтэй холбоотой, тус бүлэглэлийн толгойлогч Фетхуллах Гюлений хамсаатан гэж үзэж байгаа бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард гадаад паспортыг нь хүчингүй болгосон ажээ. Үүний зэрэгцээ Монгол Улсад тэдгээр найман багшийн оршин суух хугацаа энэ долдугаар сард дууссан юм. Гадаад паспорт нь хүчингүй болсон тул тэдгээр багш оршин суух визний хугацаагаа сунгуулж чадахгүй, Монгол Улсын нутаг дэвсгэрийг орхин гарах ямар ч боломжгүй хүндхэн нөхцөл байдалд ороод даруй дөрвөн сар болж байна.
Гэхдээ тэдгээр багш зүгээр суусангүй. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд хандаж болох бүхий л байгууллагад хандаж, асуудлыг нь шийдвэрлэж өгөхийг хүсчээ. Гадны улсын иргэнд Монгол Улсын оршин суух эрх олгох, сунгах асуудлыг хариуцдаг байгууллага бол харьяаллаараа Гадаадын иргэн, харьяатын газар /ГИХГ/.
Тус газрын зүгээс тэдгээр найман багшийг Элчин сайдын яамандаа хандаж, хүчингүй болсон гадаад паспортын асуудлаа шийдвэрлэхийг зөвлөж байгаа ажээ. Учир нь, гадаад паспорт бол тухайн улсын өмч байдаг тул дээрх асуудлыг Элчин сайдын яам нь шийдвэрлэх ёстой аж. Гадаад паспортын асуудлаа шийдэж, зөрчилгүй бичиг баримттай болсон тохиолдолд ГИХГ-аас оршин суух визний хугацааг нь сунгаж өгөх, аль эсвэл гуравдагч орон руу гарахыг зөвлөв.
Энэ үеэр турк багш хосоос шинэ хүүхэд мэндэлсэн. Гэсэн ч тэд гадаад паспортын асуудлаа шийдвэрлэх ч байтугай шинэ хүүхэддээ төрсний гэрчилгээ авах аль аль асуудлаар нь Элчин сайдын яамандаа огт хандаагүй байгаа бөгөөд Элчин сайдын яам энэ талаар ямар ч мэдээлэлгүй байгаагаа бидэнд тайлбарласан юм.
Монгол дахь Эмпати сургуулийн багш нар Элчин сайдын яамандаа хандахгүй байх нь аргагүй. Учир нь, Турк улсад 2016 оны долдугаар сард Фето бүлэглэл нь цэргийн хүчээр төрийн эрхийг булаах гэж оролдсон ч бүтэлгүйтсэн билээ. Иймээс Туркийн Засгийн газар дэлхий даяар Фето бүлэглэл болон түүний хамсаатнуудыг баривчлах ажиллагааг эхлүүлээд байгаа аж.
Энэ үйл явдалтай холбоотойгоор өнгөрсөн 2018 оны долдугаар сард тэд Монгол дахь Эмпати сургуулийн захирал Вейсел Акчайг баривчлах гэж оролдсон ч бүтэлгүйтсэн юм. Харин Вейсел Акчай нь 2018 оны арваннэгдүгээр сарын 30-нд Монгол Улсын хилээр өөрийн хүсэлтээр гарсан билээ. Энэ үйл явдал болсны дараагаар Эмпати сургуулийн хэд хэдэн багш нар Монгол Улсыг орхин явсан тухай Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлж байв.
Иймээс Монгол дахь турк багш нар эх нутаг руугаа буцвал тэднийг эрүүдэн шүүлт хүлээж байгаа хэмээн сэрэмжилж, Монгол Улсын холбогдох бүхий л байгууллага болон НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагт хүртэл ханджээ.
Бид энэ асуудал өнөөдөр ямар шатандаа явааг холбогдох байгууллагаас тодруулсан юм.
Энэ талаар Гадаадын иргэн,харьяатын газраас тодруулахад “Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаандаа нэр бүхий турк иргэдийн асуудал манай байгууллагын оролцоотой, хамааралтай байсан бол одоо Гадаад харилцааны яам руу шилжсэн. Тодруулбал, манай улсын Гадаад харилцааны яам, Туркийн Элчин сайдын яам болон НҮБ-тай харилцана гэсэн үг.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас энэ хүмүүсийн хүсэлтийг шийдвэрлэх хугацаанд Монгол Улсад байлгана уу гэсэн хүсэлтийн дагуу Монгол Улсад оршин суугаа гэсэн үг. Асуудал шийдэгдэх хугацаанд Монгол Улсын аль нэг төрийн байгууллага тэднийг албадан гаргана гэсэн ойлголт байхгүй.
Нэгдүгээрт, бичиг баримтын зөрчилтэй хүн Монгол Улсаас гарах ямар ч боломжгүй. Хоёрдугаарт, энэ хүмүүсийг бид албадан гаргах ямар ч нөхцөл үүсээгүй. Нэг талдаа энэ асуудал Монгол улсын шүүхийн шатанд яваа, нөгөө талдаа НҮБ-ын шийдвэрийг хүлээж байна” гэсэн юм.
Монгол Улсын Гадаад харилцааны яам ч гэсэн энэ асуудлаар одоогоор ямар нэгэн мэдээлэлгүй байна гэлээ.
Бид энэ асуудлаар Эмпати сургуулийн хуульчтай холбогдож лавлахад “Турк багш нар Монголд байгаа. Тэд НҮБ-ын хамгаалалтад орсон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй байна” гэсэн хариулт өгсөн юм.
Харин Монгол дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газраас энэ талаар одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Гэхдээ найман багшийн төлөөлөл хэвлэлд өгсөн ярилцлагадаа НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхлэх дээд комиссарын газраас тэдэнд орогнол хүсэгч болохыг баталж гэрчилгээ олгосон гэжээ.
Ямартай ч Монгол Улсын боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан тэдгээр багшийн хувь заяа хаашаа эргэх нь тодорхойгүй байгаа энэ үед БНТУ-ын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентоп манай улсад айлчлал хийж байна.
Тэрбээр өчигдөр /2019.07.29/ УИХ-ын дарга Г.Занданшатартай хэлэлцээ хийсний дараа сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ Фето бүлэглэлтэй холбоотой асуудлаар хоёр тал нэг байр суурьтай байгааг мэдэгдсэн ажээ.
Холбоотой мэдээ