Африк тивдээ эдийн засаг болон хүн амаараа тэргүүлэгч бол Нигери улс юм. Гэхдээ Нигерийн сагсан бөмбөгийн түүх тийм ч арвин биш. Өмнө ДАШТ-д 1998, 2006 онуудад оролцож байсан ч эхний 10-т багтаж чадаагүй. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд Нигерийн сагсан бөмбөгийн түүх арвижиж байгаа. Учир нь 2012, 2016 оны олимпын наадамд анх удаагаа орсон бол 2015 оны Африк тивийн АШТ-д түрүүлсэн. 2015 оны “хар” тивийн АШТ-д түрүүлсэн багаас өдгөө А.Амину, И.Диогу шигшээ багийнхаа үндсэн бүрэлдэхүүнд багтаж байна.
Нигерийн шигшээ баг 2019 оны сагсан бөмбөгийн ДАШТ-д Африк тивээс Тунисын хамтаар хамгийн түрүүнд эрхээ авсан баг юм. Тивийнхээ сонгон шалгаруулалтанд ердөө 2 хожигдсон бөгөөд I шатанд Уганда, Руанда, Мали улсын шигшээ багуудтай өрсөлдөн хожигдолгүйгээр хэсгээ тэргүүлж II шатанд шалгарсан. Дараагин шатанд Сенегал, Кот-д’Ивуарын шигшээ багуудад хожигдсон бол бусад өрсөлдөгчөө бүгдийг нь хожиж хэсгээ тэргүүлснээр Хятадад ирэх боломжтой болсон. Урьдчилсан шатны тоглолтуудад НБА-н төлөөлөл А.Амину болон Ж.Окоги нар оролцоогүй ч Голден Стэйт Уорриорс багийн тоглогч асан И.Диогу тэргүүтэй залуус шигшээ багтаа туслан дэлхийн аваргын эрхийг авахад голлох үүрэгтэй оролцсон.
Нигерийн шигшээ баг ДАШТ-ий В хэсэгт Аргентин, Орос болон БНСУ-ын шигшээ багуудтай тоглосон. Эхний тоглолтоо Оросын эсрэг хийнэ. Нигери хэсгийн бусад өрсөлдөгч нараасаа Аргентины шигшээ багтай олимп, дэлхийн аваргад 4 удаа таарч тоглоход ганц ч хожиж байгаагүй. Харин Орос болон БНСУ-ын шигшээ багуудтай тоглож үзээгүй байгаа. Дэлхийн чансааны 34-д эрэмбэтэй Нигерийн шигшээ баг хэсэгтээ магадгүй БНСУ-ын эсрэг тоглолтонд хожил авч болох юм. Түүнээс бусдаар Нигерийн шигшээ багийн хувьд Аргентин болон Оросын эсрэг тоглолтод хожил авна гэдэг тун хүнд даалгавар байх болно.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ