Турк, Монголын эдийн засгийн харилцаа нь бусад салбарын харилцааг түүчээлнэ хэмээн найдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.07.29-нд нийтлэгдсэн

Турк, Монголын эдийн засгийн харилцаа нь бусад салбарын харилцааг түүчээлнэ хэмээн найдаж байна

Турк, Монголын эдийн засгийн харилцаа нь бусад салбарын харилцааг түүчээлнэ хэмээн найдаж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, хүндэт зочин Мустафа Шентоп нар албан ёсны уулзалт хэлэлцээ хийсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп энэ сарын 29-31-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж буйг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэдээллийнхээ эхэнд хэлэв. Монгол Улсын Их Хурал,  Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга нарын уулзалтын үеэр хоёр орны парламентын хамтын ажиллагааг хөгжүүлэх, нийгэм эдийн засаг, иргэний нисэх, аялал жуулчлал тэргүүтэй олон салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцсон байна. Тодруулбал, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг дэмжих, Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэхэд хоёр орны парламентын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахаар тогтсон гэдгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд дуулгав. Үүний зэрэгцээ Турк Улсын туршлага, ноу-хау, ололт амжилтаас Монголд нэвтрүүлэх, хоёр орны бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр санал солилцсон байна.

Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн шугамаар Монгол Улсад олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж ирснийг Монгол Улсын Их Хурлын дарга тэмдэглээд энэхүү хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэхийн төлөө буйгаа уулзалтын үеэр илэрхийлсэн гэдгээ дурдлаа. Г.Занданшатар дарга үргэлжлүүлэн “Турк, Монгол хоёр улс санаачилж Урал-Алтайн хэлний бүлгийн улс орнуудын парламентын хамтын ажиллагааны санаачилгыг дэвшүүлж ажиллахаар тохиролцсон нь манай хоёр орны хэл, соёл, түүх, угсаа гарлын язгуур ойролцоо байдагт тулгуурлаж байгаа юм” гэлээ.

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын даргын энэхүү айлчлал нь хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, аюулгүй байдал, манай хоёр улсын хөгжил цэцэглэлт цаашид өргөжин дэлгэрэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэг итгэлтэй байгаагаа мэдээллийнхээ төгсгөлд Монгол Улсын Их Хурлын дарга онцлов.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буйдаа баяртай байгаагаа Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп илэрхийллээ. Олон мянганы улбаатай түүх, соёлын уламжлалт харилцаанд тулгуурлан Бүгд Найрамдах Турк Улс болон Монгол Улсын харилцаа хамтын ажиллагааг бүх салбарт хамгийн дээд түвшинд хүргэх чин хүсэлтэй буй бөгөөд хоёр орны төрийн дээд байгууллагууд, Засгийн газрууд эв санаа нэгтэй байгаад баяртай байна гэлээ.

Монгол Улсын Их Хурлын даргын дурдсан Урал-Алтайн хэлний бүлгийн улс орнуудын парламентын хамтын ажиллагааны санаачилгыг ойрын хугацаанд эхлүүлнэ хэмээн найдаж буйгаа Эрхэмсэг ноён Мустафа Шентоп илэрхийлэв.

Үргэлжлүүлэн тэрбээр “Хоёр улсын харилцаанд эдийн засгийн салбарын харилцаа чухал нөлөөтэй. Одоогоор хоёр улс эдийн засгийн харилцааны бололцоогоо бүрэн ашиглаж чадахгүй байгаа хэмээн үзэж байна. Цаашид худалдааны эргэлтийг олон зуун сая ам.долларт хүргэх зорилт тавиад байгаа” гэв. Эдийн засгийн харилцаа нь бусад салбарын харилцааг түүчээлэгч байгаасай хэмээн хүсэж буйгаа ноён Мустафа Шентоп илэрхийлээд хоёр орны холбогдох байгууллагууд энэ чиглэлээр идэвх санаачилгатай ажиллана гэдэгт найдаж буйгаа хэлсэн юм.

Турк, Монголын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх гол гарц бол “Туркиш-Эйрлайнс” компанийн өдөр тутмын шууд нислэгүүд байх бөгөөд Туркийн хөрөнгө оруулагчид Монгол Улсын газар тариалан, мал аж ахуй, уул уурхай, эрүүл мэнд, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахад бэлэн байгааг тэрбээр дуулгав. Тиймээс парламентын удирдлагуудын түвшинд “Туркиш-Эйрлайнс” компанийн тээвэрлэж буй зорчигчдын тоог нэмэгдүүлэх талаар санал солилцсон бөгөөд байр суурь нэг байгаа тул ойрын хугацаанд бодит ажил хэрэг болно гэдэгт итгэж буйгаа ноён Мустафа Шентоп илэрхийллээ.

Түүнчлэн боловсролын салбарын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх бөгөөд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

Монгол Улсад 600 гаруй төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд байгаа Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх болно гэдгийг мөн тэрбээр тэмдэглэв. Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп айлчлалынхаа хүрээнд тус байгууллагаас хэрэгжүүлж буй хоёр төслийн нээлтэд оролцох юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон албаны бусад хүмүүстэй ФЕТО террорист байгууллагын талаар мэдээлэл солилцсон талаараа ноён Мустафа Шентоп дурдаад, талууд байр суурь нэг байгаад баяртай байна гэв. Төгсгөлд нь тэрбээр Монгол Улс нь газар зүйн байрлал болон улс төрийн хувьд өрнө, дорныг холбогч гүүр хэмээн үздэг болохоо илэрхийлээд халуун дотноор угтан авсанд талархал илэрхийллээ.

Айлчлалын хүрээнд ноён Мустафа Шентоп Монгол Улс, БНТУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргасан дурсгалын маркны нээлтийн ажиллагаанд оролцоно. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслүүдийн нээлтэд оролцох юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж