Хуучирсан мэдээ: 2019.07.29-нд нийтлэгдсэн

Лейстер Сити клуб
  • Цэнгэлдэх хүрээлэн: “King Power” цэнгэлдэх 32,312 хүний суудалтай
  • Дасгалжуулагч: Брэндан Рожерс
  • Багийн ахлагч: Уэс Морган
  • Лигийн аварга: 1 удаа
  • Цомын аварга: 0
  • Холбоодын цом: 1
  • Лига кап цом: 3
  • Европын тавцанд үзүүлсэн амжилт: 0

Одоогоос 3 жилийн өмнө Английн премьер лигт Лейстер Сити клуб жинхэнэ гайхамшгийг бүтээж Арсенал, Ливерпүүл, Манчестер Юнайтед, Манчестер Сити, Челси клубуудыг ардаа орхин аваргын цомыг хүртэж байсан. Дараа улиралд нь Европын аваргуудын лигт клубынхээ түүхэнд урьд хожид байгаагүй амжилтыг үзүүлэн шилдэг 8-д шалгарсан байдаг. Эдгээр амжилтууд нь тус клубыг дэлхийн хөлбөмбөг сонирхогч сая сая үнэнч хөгжөөн дэмжигч нарт таниулсан үйл явдал байсан юм. Өдгөө Лейстер Сити клуб Английн дээд лигт 6 дахь улиралдаа дараалан өрсөлдөх гэж байна.

Өнгөрсөн улиралд Лейстер Сити клубын хувьд халаа сэлгээ ихтэй улирал байсан. Улирлын эхэнд багийн эзэн В.Шривадданапрабха онгоцны ослоор өөд болж, он гараад 2 сард дасгалжуулагч К.Пуэлыг ажлаас нь чөлөөлж Шотландын лигээс Б.Рожерсыг авчирсан гээд олон үйл явдал өрнөсөн. Багийн эзний онгоцны сүйрэл бол Лейстер Сити төдийгүй хөлбөмбөгийн ертөнцийг цочроосон харамсалтай үйл явдал байсан юм. Тайланд бизнесмен В.Шриваданапрабха бол өнөөгийн Лейстер Сити клубын түүхэнд тодоор бичигдэх эзэн бөгөөд 2010 онд тус клубыг худалдан авч баг нь 4 жилийн дотор премьер лигт дэвшин гарч ирээд 2 жилийн дараа клубын түүхэндээ анх удаагаа премьер лигийн аварга болсон. Энэ бүх амжилт, багийн өсөлт дэвшил нь Тайланд эрхэмтэй салшгүй холбоотой юм.

Өнгөрсөн улирал клубын хувьд чамгүй хүндхэн улирлыг үдсэн. Гэсэн хэдий ч лигийн 38 тоглолтоос 15 хожил, 7 тэнцээ, 16 хожигдолтойгоор хүснэгтийн 9-р байранд бичигдсэн. Франц дасгалжуулагч К.Пуэлын удирдлага дор амжилт муутайхан байсан тул 2 сард Шотланд эрхэм Б.Рожерсыг авчирсан. Б.Рожерс Шотландын Селтик клубт амжилттай ажиллаж байснаас гадна алдарт Ливерпүүл клубыг удирдаж байсан премьер лигийн туршлагатай дасгалжуулагч юм. Шинэ дасгалжуулагч Б.Рожерс улирлын төгсгөлийг тун боломжийн хийсэн бөгөөд 5 хожил, 2 тэнцээ, 3 хожигдолтой өндөрлүүлсэн. Б.Рожерс багийн үндсэн 4-1-4-1 хувилбараар тоглож байсан ч хэд хэдэн удаа 3 хамгаалагчтай хувилбарыг ч туршаад үзсэн. Ерөнхийдөө багаа хэрхэн тоглуулах талаар ажилласан гэхэд болно. Ирж буй улиралд өөрийн багаа бүрдүүлж тоглох болов уу?

Энэ зуны солилцоонд Бельги хагас хамгаалагч Ю.Тилемансыг Францын Монако клубээс авчирсан бол Япон залуу Ж.Оказаки болон Д.Симпсон нарын гэрээ дуусаад байна. Улирал эхлэхээс өмнө хамгаалагч Х.Магуайр багаа орхиж Манчестер Юнайтед клубтэй нэгдэх нь бараг тодорхой болоод байгаа. Хэрвээ Х.Магуайр багаа орхивол Ж.Эванс болон Р.Перейра болон Б.Чилвелл нар л ардаа үлдэж байгаа бөгөөд багийн ахлагч У.Морганыг Б.Рожерс тогтмол ашиглах эсэх нь эргэлзээтэй юм. Ирэх улиралд бага зэрэг хамгаалалт сулрах магадлалтай клуб бол Лейстер Сити клуб болж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж