АНУ-ын Өмнөд Каролина мужид өнгөрсөн долоо хоногт дэлхийн хамгийн ухаантай нохой Чейсер 15 насандаа үхжээ. Энэ талаар өнгөрсөн Ням гаригт NBC телевиз мэдээлсэн байна. Тэрбээр 1000 гаруй үг мэддэг байсан учир дэлхийн хамгийн ухаалаг нохойгоор нэрлэгджээ.
Сэтгэл зүйч агсан Жон Пилли нохой сургах өвөрмөц арга олсон байна. Тэрбээр 2004 онд колли нохойг худалдаж аван, гурван жилийн турш өдөр бүр дөрөв, таван цаг дасгалжуулжээ.
Жон Пилли тус нохойд төрөл бүрийн эд зүйл үзүүлж, нэрийг нь 40 орчим удаа давтан хэлж, дараа нь нууж, улмаар хайж олохыг түүнээс хүсдэг байсан аж. Чейсер нохой 800 чихмэл тоглоом, 116 бөмбөг, янз бүрийн хуванцар эдлэл зэргийг зааж суран, нийт 1022 үг мэддэг болсон байна. Нохойг ийнхүү сургахад Пиллид охин нь тусалж байжээ.
Эрдэмтэн Пилли 2013 онд Чейсер нохойныхоо тухай ном бичсэн нь АНУ-д хамгийн их эрэлттэй, бестселлер ном болсон байна. Тэрбээр 2018 онд нас барсан бөгөөд өнөөдрийг хүртэл Чейсерийг түүний охин асарч байжээ.
Дэлхийн хамгийн ухаалаг нохойд зориулан хөшөө босгож буй бөгөөд 2020 онд Чейсерийн амьдарч байсан Спартанбург дахь Хүүхдийн музейн байрны дэргэд байрлуулахаар төлөвлөж байгаа аж
Эх сурвалж: THE INDEPENDENT
Холбоотой мэдээ