АНХААР: В,С вирус тараагчид ба тээгчид

Хуучирсан мэдээ: 2019.07.29-нд нийтлэгдсэн

АНХААР: В,С вирус тараагчид ба тээгчид

АНХААР: В,С вирус тараагчид ба тээгчид

Монголд сүүлийн арваад жил элэгний өвчлөл эрс нэмэгдсэн. Ялангуяа вирусын гаралтай өвчлөл нэлээд бүртгэгдэх болсон байна.  “Эрүүл мэндийн хөгжлийн төв”-ийн хийсэн судалгаагаар манай улсын нийт хүн амын 40 орчим хувь элэгний В,С вирустэй гэж гарчээ. Уг вирус нь цусаар буюу хагалгаа, гоо сайхан, ил задгай шарх, хамгаалалтгүй бэлгийн хавьтал зэргээр дамжиж халдварладаг байна.

Тэр тусмаа гоо сайхны мэс ажилбарууд вирус тархах гол зам болж буйг эмч мэргэжилтнүүд анхааруулж буй.

“Халдвар өвчин судлалын үндэсний төв”-д очиход хөл хөдөлгөөн ихтэй байлаа.  Эмчийн өрөөний үүдэнд ихэвчлэн 20-30 насны залуус дугаарлан зогсоно. Тэд саяхан Сүхбаатарын талбай дээр хийгдсэн В,С вирусын шинжилгээний хариугаар халдвартай гэдгээ мэдээд эмчид хандаж байгаа нь энэ аж.

Гоо сайхны мэс ажилбар хийлгэсний дараа халдвар авснаа мэддэг

Халдвар өвчин судлалын үндэсний төвийн тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Ч.Гантуулын хэлснээр иргэд гоо сайхны мэс ажилбар хийлгэсний дараа элдэв халдвар авснаа мэддэг гэв. Тэрбээр  “Янз бүрийн шивээс, контур, маникюр, педикюр бүр батга шахахад вирус тархааж байдаг. Тэр тусмаа хөмсөгний шивээс хийлгээд вирусын халдвар авчихсан хүмүүс манайд зөндөө ирдэг. В,С,D вирус авчихсан  байдаг. Тэднээс халдварын асуумжийг тандаж асуухад 3-5 сарын өмнө гоо сайхны  мэс ажилбар хийлгэсэн гэдэг. Маш олон гоо сайхны газрууд зах дотор, пудволд, коридорт үйл ажиллагаа явуулж байна. Тэд хэчнээн нэг удаагийн зүү, тариур ашиглаж байна гэх боловч мэс ажилбар хийхэд ил задгай шарх үүсэж байгаа учраас вирус, халдвар нэвтэрч орох боломжтой гэсэн үг. Тухайлбал ,өдөрт манай эмнэлгээр 30 хүн үйлчлүүллэ гэхэд үүний 3-4 нь гоёлын гоо сайхны мэс ажилбараас вирус авсан байдаг" талаар анхааруулав.

Нэг удаагийн зүү, тариур ашиглаад хангалтгүй

Вирусээс хамгаалахын тулд нэг удаагийн зүү, тариур хэрэглэхээс гадна эрүүл ахуйн орчин, нөхцөлийг маш сайн хангасан, зөвшөөрөлтэй газрууд хийх ёстой юм байна.  МХЕГ-ын даргын баталсан 2019 оны 01-р сарын 22-ний өдрийн 01/38 дугаартай “Арьс, гоо заслын эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдэд шалгалт хийжээ. Үүнд 57 эмнэлэг хамрагдсан бөгөөд үүний найман үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн чиглэлд мэргэшсэн эмчгүй, 12 эмнэлэг нь сувилагчийн орон тоо дутагдалтай, түүнчлэн Монгол улсад бүртгэлгүй өвчнийг оношлох, урьдчилан сэргийлэх шинэ техник, технологи, арга хэрэгсэл ашигласан, өөрсдийн баталсан эмнэл зүйн заавраар эмчилгээ явуулж байжээ. Мөн мэс заслын тусламж, үйлчилгээ явуулж буй эмнэлгүүдийн 59 хувь нь шаардлага хангаагүй агааржуулалтын системтэй, мэс заслын дараа шархны халдварын байдалд тандалт, судалгаа хийдэггүй, мэргэшсэн ариутгагчгүй, ариутгалын хэсэг нь шаардлага хангаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Эдгээр эмнэлгүүдэд “Зөрчлийн тухай хууль”-аар нийт 14,600.000 төгрөгийн шийтгэвэр, нөхөн төлбөр 470 мянган төгрөгийг ногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар албан даалгавар хүргүүлж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын эмчилгээний чанарын улсын ахлах байцаагч Б.Байгалмаа ярьсан юм. Гэвч, ийм арга хэмжээ авсан ч  гоо сайханы мэс ажилбар хийдэг газруудын ариун цэврийн байдал хангалтгүй хэвээр л байна.

Гоёлын гоо сайхан мэс ажилбар хийх зөвшөөрөлгүй

Гоёлын болон эмчилгээний гоо сайхан гэдэг  хоёр  тусдаа зүйл. Эмчилгээний гоо сайхны хувьд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, эмчлэх эрхийн лиценз авдаг бол гоёлын гоо сайхан /хөмсөг, биеийн шивээс, контур хийх, маникюр, пидикюр/ зөвшөөрөлгүйн дээр хэн дуртай нь хаана ч хамаагүй хийхэд хүрдэг. Уг нь эдгээр гоо сайхны салон, газрууд нь хүний арьс салстыг гэмтээх буюу мэс ажилбаруудыг зөвшөөрөлгүй хийх хориотой. Тэд зөвхөн биеийн иллэг, массаж, нүүр будалт, гар хөлийн арчилгааг хийх ёстой бол одоо “Гоо сайхны салон” гэсэн хаягтай бүхэн хүний арьс салстаар оролдож байгааг эмч нар анхаарууллаа.  Иргэд ч хямдхан үнэнд нь хууртаж, эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсоор.

Зөвхөн Чингэлтэй дүүрэгт 291 үсчин, гоо сайхан байна

Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүрэгт гэхэд л 291 үсчин, гоо сайхны салон үйл ажиллагаа явуулж буй юм. Хотын есөн дүүргээр тооцоод үзэхэд нэлээд тоо гарна. Тэдгээр гоо сайхны газруудын тайлбарыг сонсохоор хоёр гоо сайхны салоноор орлоо.  Хоёр ортой, давчуухан өрөөнд хөмсөг, контур шивэх үйлчилгээг үзүүлдэг гэнэ. Тус салон ямар нэгэн зөвшөөрөлгүй аж.  “Манайд эмчилгээний гоо сайхны зөвшөөрөл байхгүй, зөвшөөрөлгүй бол хөмсөг шивүүлэхгүй гэдэг л юм. Гэхдээ хөмсөг шивэх, контур тавих бүр батга шахахгүй бол ямар юмных нь гоо сайхны үйлчилгээ байх юм бэ? Би олон жилийн туршлагатай мастер шивээсчин. Бүх зүү, тариур нэг удаагийнх” гэв. Энэ ч тийм байх, тэгвэл танай орчин нөхцөл эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа юу гэтэл “Бид амьдрах гээд л үзэж байна шүү дээ. Хотын төвд олдож байгаа түрээсийн байр энэ л байна. Мэдээж цэвэрхэн хийхийг л бодно. Наад захын маск зүүгээд болов сууж байна. Эмэгтэйчүүд бидэнд үүнээс өөр хийх ажил алга” гэж тус салоны гоо сайханч хэллээ.

Тэндээс гараад подвалд байх нэгэн гоо сайхны газраар орвол хуучин байрны бүгчим үнэр ханхалж байна. Бүдэг гэрэлтэй, хүйтэн дээр нь гоо сайхны зарим хэрэгслүүдийг тоос дарсан харагдана. Тананд нь хөмсөг, контур, уруул шивнэ гэсэн үнийн тариф өлгөөтэй. “Танайх эдгээр үйлчилгээг хийх зөвшөөрөлтэй юу?” гэж асуухад тэд гайхасхийснээ “Манайх угаасаа ийм үйлчилгээ хийдэггүй” гэж хариулав.

Иргэд өөрсдөө вирус авах замаа сонгоод байна

Энэ мэтчилэн  бохир, заваан, эрүүл ахуйн шаардлага хангаагүй газрууд хямдхан учраас иргэд үйлчлүүлдэг. Энэ асуудалд анхаарал тавих ёстой газрууд нь ч шалгасан болдог, нөгөө нь шалгуулсан болдог. Үүнээс болж өч, төчнөөн хүн эрүүл мэндийн асуудалтай үлдэж байна.

Ц.АРИУНЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж