Эрүүл мэнд, боловсролын салбар дахь хууль бус томилгоог эсэргүүцлээ

Хуучирсан мэдээ: 2019.07.29-нд нийтлэгдсэн

Эрүүл мэнд, боловсролын салбар дахь хууль бус томилгоог эсэргүүцлээ

Эрүүл мэнд, боловсролын салбар дахь хууль бус томилгоог эсэргүүцлээ

Төрийн албаны халаа сэлгээ Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв болон Боловсролын салбарт үргэлжилж буй талаар тус дүүргийн Засаг дарга С.Одонтуяа өнөөдөр /2019.07.29/ мэдээлэв. Тодруулбал, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргалыг энэ сарын 10-нд үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Балдандугар гэх хүнийг томилжээ. Эл өөрчлөлтийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас хийсэн байна. Нийслэлийн боловсролын газраас сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгчдийг сэлгэж ажиллуулахыг шаардаж дарамтлах болсон нь ирэх 2020 оны сонгуулийг угтсан зохион байгуулалттай улс төрийн ажил гэдгийг энэ үеэр онцлов.

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяагийн хэлснээр, дээрх үйлдэл нь Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж томилолт чөлөөлнө” гэсэн заалтыг зөрчжээ. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргалыг албан тушаалаас нь чөлөөлөхөд дүүргийн Засаг дарга С.Одонтуяатай Нийслэлийн эрүүл мэндийн газраас ямар нэгэн зөвшилцөл хийгээгүй юм байна.

ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ УЛСТӨРЖҮҮЛМЭЭРГҮЙ БАЙНА

Баянгол дүүргийн Засаг дарга С.ОДОНТУЯА: 

-Улсын баяр наадмын өмнө манай эрүүл мэндийн төвийн даргыг албан үүргээс нь хууль бусаар чөлөөлөхдөө Нийслэлийн эрүүл мэндийн газраас надтай ямар нэгэн зөвшилцөл хийгээгүй нь Эрүүл мэндийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл. Мөн Хөдөлмөрийн гэрээнд тусгасан таван заалтыг ноцтой зөрчсөн. Улсын чанартай эмнэлэгт гарсан эхийн эндэгдлийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргад тохох гэж оролдож байгаа нь хууль бус шалтгаан. Төрөх эмнэлэггүй газарт эхийн эндэгдлийн асуудал ярьж болохгүй юм.

Ажил олгогчид тухайн албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх болсныг нэг сарын өмнө мэдэгдэх ёстойг Хөдөлмөрийн тухай хуульд заасан байхад Эрүүл мэндийн төвийн даргыг чөлөөлөх өдөр цагийн өмнө мэдэгдсэн байдаг. Тиймээс бид энэ асуудлаар холбогдох хуулийн дагуу шүүхэд хандсан. Нөгөөтэйгүүр боловсролын салбарыг самарч эхэллээ. Манай дүүргийн Боловсролын газрын дарга н.Жаргалыг албан үүргээс нь хууль бусаар чөлөөлж, эл албан тушаалд ажиллахад огт тэнцэхгүй хүнийг томилсон.

Төрийн албаны тухай хуульд зааснаар, тухайн хүн маргаанаа шүүхээр эцэслэн шийдэгдтэл оронд нь томилгоо хийхийг хориглоно гэж заасан байтал дээрх хууль бус томилгоог хийсэн байгаа юм. Нийслэлийн аудитын газраас манай хэлтсийг ямар ч зөрчилгүй гэсэн тайлан гаргасан байдаг. Гэтэл дээрх томилгоог хийхэд ямар нэгэн албан үүргээс нь чөлөөлөх үндэслэл байхгүй. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн эрхлэгчдийг үргэлж дарамтлах болсон байна.

Зарим улс төрчид сонгууль дөхөх үед улс төржиж болно. Гэхдээ боловсрол, эрүүл мэндийн салбарыг улс төржүүлмээргүй байна. Иймд хууль бус томилгоог эсэргүүцэж, цаашид тэмцэх болно гэлээ.

Энэ талаар Нийслэлийн Боловсролын газраас "Хууль журмын дагуу томилгоо хийж, хариуцлага алдсан албан тушаалтнуудад зохих хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авч ажилласан тул хууль бус үгүйг нь шүүхээр эцэслэн тогтооно" гэсэн товч тайлбар өглөө.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж