Өнгөрөгч амралтын өдрүүдэд авто спортын хурд хүчний гайхамшиг болсон Формула-1 уралдааны 2019 оны ДАШТ-ий 11 дэх гараа Германы Баден-Вюртемберг мужийн Хоккенхайм дахь авто тойруулгад боллоо.
Урьдчилсан гараануудад “Мерседес” багийн Л.Хэмилтон хамгийн шилдэг цагийн амжилтыг үзүүлж байсан бөгөөд байрлал тогтоох гараанд мөн амжилтаа хадгалан ням гарагт уралдааныг тэргүүн эгнээнээс эхлүүлэх эрхтэй болсон. Гэвч ням гарагт уралдаан өөр дүр зурагтай болж “Ред Булл” багийн Нидерланд залуу М.Верстаппен 64 тойрог бүхий 4 км 574 метрийн урттай тойрог замыг 1 цаг 44 мин 31.275 сек-н амжилтаар туулан түрүүлснээр энэ улирлын 2 дахь түрүүгээ хүртэв. Түүний араас “Феррари” багийн С.Феттел болон “Торо Россо” багийн Орос залуу Д.Квят нар барианд оржээ.
Нидерланд нисгэгч М.Верстаппен Австрийн гараанд түрүүлсэн бол Германы гараанд түрүүлж, энэ улирлын 2 гарааны ялагч болов. С.Феттелийн хувьд энэ улиралд түрүүлж чадаагүй байгаа ч 5 дахь удаагаа шагналын тавцан дээр гарсан бол Орос залуу Д.Квят энэ улиралд анхны, карьертаа 2 дахь удаагаа шагналын тавцан дээр гарлаа. Германы гранпри цаг уурын хүнд нөхцөлд явагдсан бөгөөд зам халтиргаатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан нь нисгэгч нараас өндөр ур чадвар шаардаж байсан. Уралдааны замд 22 нисгэгчээс 6 нь дундаас нь барианд орж чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн.
Б.БЯМБАБАЯР