Нидерландын хөлбөмбөгийн 2019 оны супер цомын төлөөх тоглолт өнгөрсөн баасан гарагт Амстердам хотын “John Cruyff” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Энэ жилийн Нидерландын супер цомын төлөө өнгөрсөн 2018-2019 оны лигийн аварга Аякс Амстердам болон ПСВ Эйндховен клубууд тоглож лигийн аварга Аякс Амстердам өрсөлдөгчөө 2-0 харьцаатай ялалт байгуулжээ.
Тоглолт эхлээд ердөө эхний минутанд Дани довтлогч К.Дольберг багийн хамтрагч ван де Бейкийн хөндлөн дамжуулалтаар гоол оруулсан. Ердөө эхний минутанд гоол алдсан ван Боммелын шавь нар тоглолтыг өөрчлөх гэж хичээж байсан чадаагүй бөгөөд тоглолтын II хагаст дахин нэг гоолыг хаалгандаа алдсан. Тоглолтын 2 дахь гоолыг Нидерланд хамгаалагч Д.Блинд 53 дахь минутанд хамгаалагчаас ойж ирсэн бөмбөгийг 16-н шугамны гаднаас хаалганы баруун дээд буланд цохин гоол оруулснаар 2-0 харьцаатай болгосон. Ингээд үүнээс өөр гоол оролгүй байсаар өнгөрсөн улирлын Нидерландын аварга Аякс Амстердам клуб супер цомын эзэн болсон.
Нидерландын хөлбөмбөгийн супер цомын тэмцээн нь 1949 онд эхэлсэн ч 1991 оноос эхлэн тогтмол зохиогдож ирсэн бөгөөд лигийн аварга болон цомын аварга багуудын дунд болдог. Гэхдээ лиг болон цомд хоёуланд нь нэг баг түрүүлсэн тохиолдолд лигийн дэд байранд шалгарсан баг аварга багтай супер цомын төлөө тоглодог. Тус тэмцээнд ПСВ Эйндховен клуб хамгийн олон буюу 11 удаа түрүүлсэн бол Аякс Амстердам 9 удаа, Фейноорд клуб 4 удаа, Твенте 2 удаа түрүүлсэн бол 4 баг 1 удаа түрүүлж байжээ.
Б.БЯМБАБАЯР