Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 15-наас эхэлсэн Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын явц 34.74 хувьтай байна гэдэг мэдээллийг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас өгчээ.
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй томоохон төслийн ажлын хүрээнд ус зайлуулах байгууламж, нүхэн гарц, хөлийн голын гүүр, суурьшлын бүс дагуу явган хүний болон дугуйн зам, явган хүний гүүр, хамгаалалтын аюулгүйн тусгаарлах зурвас, нийтийн тээврийн зогсоол, гэрэлтүүлгийн ажлуудыг хийж гүйцэтгэхээс ус зайлуулах 30 ширхэг хоолой, нэг нүхэн гарцыг бүрэн хийж дууссан байна.
Мөн далангийн хөрс тэгшлэх болон далангийн дүүргэлтийн ажлууд 70 орчим хувьтай, голын гүүрийн ажлын явц 28.5 хувьтайгаар бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа гэнэ. Налайхын замыг анх 1953 онд БНХАУ-ын төмөр замын тавдугаар ангиар бариулж байсан түүхтэй. Түүнээс хойшхи жаран жилийн хугацаа өнгөрч, урсгал засвар авах ямар ч боломжгүй болсныг албаныхан хэлж байсан юм.
Налайх-Чойрын чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра өмнө нь мэдээлэл өгөхдөө “Налайхын замын бетон хуулалтын ажил өнөөдөр /2019.04.16/ эхлээд явж байна. Бүтээн байгуулалтын хүрээнд 40 гаруй инженерийн шугам сүлжээний ажлуудыг давхар хийж, гүйцэтгэнэ. Налайхын замыг хоёр жилийн хугацаанд шинэчлэх ёстой байсан бол Засгийн газраас өгсөн чиглэлээр энэ жилдээ багтан хөдөлгөөнөө нээх үүргийг өгсөн. Бид 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд зорчих хэсгийг нээхээр шахуу график, төлөвлөгөө гарган, хүн хүч, техник хэрэгсэлээ нэмж ажиллахаар төлөвлөж байна. Энэ чиглэлийн зам нь ОХУ-ыг БНХАУ-тай холбосон Монгол Улсын босоо тэнхлэгийн холбоос зам юм. Тийм учраас энэ бүтээн байгуулалтаа дэмжин ард иргэд маань хүлээцтэй, тэвчээртэй түр зам тавьсан тэмдэг тэмдэглэгээг зөрчихгүй хурдаа тохируулж зорчихыг уриалж байна” гэсэн юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ