ШЕЗ: 2019 он гарсаар 8460 хүнийг зөрчлийн хэргээр шийтгэжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.29-нд нийтлэгдсэн

ШЕЗ: 2019 он гарсаар 8460 хүнийг зөрчлийн хэргээр шийтгэжээ

 Шүүн таслах ажиллагааны тоймыг танилцууллаа

Монгол Улсын шүүхийн 2019 оны эхний хагас жилийн шүүн таслах ажлын дүн мэдээг танилцуулах хэвлэлийн хурал өнөөдөр /2019.07.29/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. 


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлснээр, Анхан шатны шүүх 2019 оны эхний хагас жилд эрүүгийн 7073, иргэний 21420, захиргааны 791 хэрэг нийт 29284 хэрэг маргааныг шийдвэрлэж, 8460 зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулж 680 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 1019 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 1922 хүний цагдан хорих хугацааг сунгажээ.

Анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрүүгийн хэрэг 860 хэргээр буюу 13.8 хувиар, захиргааны хэрэг найман хэргээр буюу нэг хувиар өссөн бол иргэний хэрэг 15.8 хувиар буурсан байна.

Эрүүгийн хэргийн зөрчил, мэдээллийг тоймлон хүргэвэл Монгол Улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилд хянан шийдвэрлэгдсэн эрүүгийн хэрэг 13.8 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 10.5 хувиар өссөн байна. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн ял шийтгэсэн 6976 этгээдийн 6975 нь хүн, нэг нь хуулийн этгээд байна. 1210 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авсан байна.

ХҮЧИНДЭХ, ХҮНИЙГ АЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ТОО ӨСӨВ

Хүнийг алах, хүчиндэх, залилах, мал хулгайлах, авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна. Харин хахууль өгөх, хахууль авах гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулах гэмт хэрэг, улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх, хүүхдийн эсрэг гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлттэй байна.

Анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өсчээ.

  • Хүнийг алах гэмт хэрэг 28 хэргээр буюу 30.8 хувиар
  • Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 375 хэргээр буюу 13.7 хувиар
  • Хүчиндэх гэмт хэрэг 71 хэргээр 51.1 хувиар
  • Дээрэмдэх гэмт хэрэг 42 хэргээр буюу 29.8 хувиар
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 13 хэргээр буюу 20.3 хувиар
  • Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 116 хэргээр буюу 25.9 хувиар
  • Залилах гэмт хэрэг 101 хэргээр буюу 49.3 хувиар өссөн байна.

ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ БУУРЧЭЭ

  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 30 хэргээр буюу 19.7 хувиар
  • Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг есөн хэргээр буюу 81.8 хувиар
  • Хүүхдийн эсрэг гэмт хэрэг дөрвөн хэргээр буюу 57.1 хувиар
  • Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг нийт 17 хэргээр буюу 41.5 хувиар буурсан байна.

ШҮҮХ ХОРИХ ЯЛЫГ ТҮЛХҮҮ ОНООЖЭЭ

Монгол Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар шүүхээс нэг хуулийн этгээд, 6976 хүний нэг хуулийн этгээд, 3870 хүнд торгох ял, 1027 хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял, 2081 хүнд хорих ял оногдуулжээ.

Шүүхээс 3870 хүн, нэг хуулийн этгээдийг нийт дөрвөн тэрбум 46 сая,169 мянган төгрөгийн торгох ялаар шийтгэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 29.1 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

Мөн энэ оны эхний хагас жилд цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоог өмнөх оны мөн үетэй харьцуулбал, 232 хүнээр буюу 29.5 хувиар, сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгосон хүний тоо 64 хүнээр буюу 2.1 дахин, цагдан хорихоос татгалзсан хүний тоо 53 хүнээр буюу 36.6 хувиар өсчээ.

ГЭРЛЭЛТ ЦУЦЛАЛТ ӨМНӨХ ОНЫХООС 11.6 ХУВИАР БУУРЧЭЭ

Гэр бүлийн тухай хуулиар нийт 2108 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 177 хэргээр буюу 7.7 хувиар буурсан бөгөөд гэрлэлт цуцалсан хэрэг 161 хэргээр буюу 11.6 хувиар, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хэрэг 43 хэргээр буюу 7.8 хувиар буурчээ. Харин эцэг тогтоох хэрэг 18 хэргээр буюу есөн хувиар, эцэг эх байх эрх хасах хэрэг зургаан хэргээр буюу 85.7 хувиар өссөн байна.

ЗАЛИЛАНГИЙН ХЭРГЭЭР ЯЛ ШИЙТГЭЛ АВСАН ХҮМҮҮСИЙН ИХЭНХ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД

Шүүхийн судалгаа, мэдээлэл сургалтын хүрээлэнгийн статистик хариуцсан реферант Э.Ганцэцэг “Шийдвэрлэгдсэн хэргүүдээс зарим төрлийн хэрэг өсөлттэй байна. Тухайлбал, залилан мэхлэх, хүчиндэх, гэмт хэрэг өсөлттэй байна. Энэ нь нийгэм, эдийн засгийн үзүүлэлттэй холбоотой хэмээн судлаачид тайлбарладаг. Хагас жилийн байдлаар 306 залилангийн хэрэг хянан шийдвэрлэгдсэн. Үүний дийлэнх нь эмэгтэйчүүд ял шийтгэгдсэн.

Хүчиндэх гэмт хэрэг өссөн үзүүлэлтэй гарсан нэг шалтгаан нь хүчиндэх болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүүхдийн эсрэг гэмт хэргүүдэд нийгмийн анхаарлыг хандуулснаар гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэж, гэр бүлийн хүчирхийлэх үйлдэх гэмт хэрэг буурсан гэж үзэж байна. Хүчиндэх гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэнээр хянан шийдвэрлэгдэж буй хэргийн тоо өссөн үзүүлэлттэй гарсан гэж хэлж болно” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж