"Turkish airlines" гольфийн тэмцээнд Б.Самади тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.07.29-нд нийтлэгдсэн

"Turkish airlines" гольфийн тэмцээнд Б.Самади тэргүүллээ

"Turkish airlines" гольфийн тэмцээнд Б.Самади тэргүүллээ

Turkish airlines авиа компани шууд нислэг үйлддэг бүх улсууддаа сонирхогчийн гольфийн тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ дагуу Монгол Улсад сонирхогчийн гольфийн тэмцээнийг гурав дахь жилдээ өнгөрсөн бямба гаригт /2019.07.27/зохион байгууллаа. Энэ тэмцээн нь дэлхийн улс орон бүрт зохион байгуулагддаг бөгөөд шалгарсан тамирчид нь Туркийн Анталя хотод Turkish airlines сонирхогчийн гольфийн ДАШТ-д оролцох боломжтой.

Энэ удаагийн тэмцээнд:

  • Men’s Nearest to the Pin буюу Нүхэнд хамгийн ойрхон цохих эрэгтэйчүүдийн төрөлд С.Мөнхжаргал /2.01 метр/
  • Ladies’ Nearest to the Pin буюу Нүхэнд хамгийн ойрхон цохих эмэгтэйчүүдийн төрөлд  Х.Солонго /4.45 метр/
  • Хамгийн бага онооны шагнал  – 80 оноогоор Шин Таэ Гүн
  • Гуравдугаар байр – 39 оноогоор н.Эрдэнэбаатар
  • Хоёрдугаар байр – 40 оноогоор н.Алтангэрэл
  • Нэгдүгээр байр – 42 оноогоор Б.Самади нар тодорлоо.

Монголын гольфийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Маргад:

Монголын гольфийн холбоо жилдээ 30 гаруй тэмцээн зохион байгуулдаг. Тэдгээр тэмцээнээс Turkish airlines авиа компанийн зохион байгуулдаг сонирхогчийн гольфийн тэмцээн хамгийн нэр хүндтэй, үнэ цэнэтэй, шагналын сан өндөртэй тэмцээн юм. Тус тэмцээн нь Stableford форматаар зохион байгуулагдсан бөгөөд анхлан суралцагч хүртэл оролцож, түрүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, гольф тоглодог хүн болгонд ур чадварын индекс гэж байдаг. Тэр индекс өөрийнх нь ур чадвартай харьцуулахад ямар тоглосон вэ гэдгээр нь шалгаруулдаг учраас сайн тоглодог байсан ч, муу тоглодог байсан ч энэ тэмцээнд өрсөлдөх боломжтой. Ур чадварыг нь тэнцэтгэж байгаад тоглодог учраас хэн ч ороод түрүүлэх боломжтой. Тэмцээнд энэ жилийн хувьд есөн эмэгтэй, 63 эрэгтэй гээд нийт 72 тамирчин оролцлоо. Энэ тэмцээн бүртгүүлж, оролцохын тулд маш их өрсөлдөөнтэй байдаг. Харамсалтай нь, талбайн хүчин чадлаасаа хамаараад 72 л тамирчин оролцох боломжтой. Монголын гольфийн холбоонд Монголчуудаас гадна монголд амьдардаг гадаадын иргэд гишүүнээр элсэж, тоглодог. Энэхүү тэмцээнд өнгөрсөн хоёр жилд дан монголчууд ялалт байгуулсан.  Эхний жил ахмад тамирчин Н.Цогтоо түрүүлсэн, хоёр дахь жилд М.Баярбахдал түрүүлсэн. Эдгээр тамирчид ур чадварын жагсаалтаар дунд орчимд жагсаж байсан хүмүүс.

"Алтай холдинг"-ийн дэд ерөнхийлөгч, Монголын гольфийн холбооны гишүүн, тоглогч Б.Самади: 

-Сэтгэгдэл өндөр байна. Их гоё өдөр таарлаа. Би өөрийн хамгийн сайн цохилтыг хийж, ялагч боллоо. Өнгөрсөн жил энэ тэмцээн маш их орох сонирхолтой байсан боловч амжаагүй. Энэ жил ороод түрүүлсэндээ баяртай байна. Миний хувьд гольф идэвхтэй тоглоод хоёр жил болж байна. Өнгөрсөн жилээс Монголын гольфийн холбооны гишүүн болж, гольфийн бүхий л тэмцээнд идэвхтэй оролцож эхэлсэн.

-Тэмцээний үеэр хүндрэл бэрхшээл байв уу?

-16 нүхэн дээр трипл хийгээд оноо авч чадаагүй. Амархан цохилт дээр алдаа хийсэн. Түүнээс бол салхи, бороотой байх юм байна гэж таамаглаж байсан ч салхи хүндрэл учруулсангүй.

-Тэмцээний ялагч Туркийн Антала хотод ДАШТ оролцоно гэж байна шүү дээ?

-Би өнөөдөр өнгөрсөн жилийн аваргатай нэг картад явсан. Өнгөрсөн жилийн ялагч туршлагаа хуваалцаж, зөвлөгөө өгсөн. Олон улсын тэмцээнд анх удаагаа оролцох гэж байгаа болохоор илүү их бэлтгэл хийх ёстой юм болов уу гэж бодож байна.

Гольф бол их гоё спорт. Энэ спортын амжилт өөрөөс тань бүх зүйл шалтгаална.

"Солда" ХХК захирал, Монголын гольфийн холбооны гишүүн, тоглогч Х.Солонго: 

-Сэтгэгдэл өндөр байна. Энэ тэмцээн бол үнэ цэнэтэй тэмцээн. Ladies’ Nearest to the Pin төрөлд ялагч болсондоо баяртай байна. Гольфийг АНУ-д сурч байхдаа эхэлсэн. Тэгээд нэлээн завсарлага авсны дараагаар гольфоор хоёр жил идэвхтэй хичээллэж байна. Энэ жил миний хувьд цом хураасан сайхан жил болж байна.

-Гольф тоглодоггүй хэр нь сонирхдог хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?

-Боломжтой бол сонирхоорой гэж зөвлөж байна. Таван цаг тасралтгүй байгальд алхана, оюуны спорт, өөрөө өөртэйгөө тоглодог. Тайвшруулна. Бухимдмаар үед өөрийгөө хэрхэн барих вэ гэдэг дээр суралцдаг. Хүн өөрөө өөрийгөө хүмүүжүүлдэг спорт. Нэг үеэ бодвол энэ спортод залуучууд маш их түрж орж байна.

 

Turkish airlines авиа компани нь гольфийн тэмцээнийг дэлхий даяар зохион байгуулах эрхтэй цор ганц авиа компани юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж