"АНУ-ын хараанд байдаг улстай хамтрахад манайд ирэх дарамт их"

Хуучирсан мэдээ: 2019.07.30-нд нийтлэгдсэн

"АНУ-ын хараанд байдаг улстай хамтрахад манайд ирэх дарамт их"

Монголын ойн 60 хувь хаягдал мод. Хатаж хөгширсөн, унаж хаягдал болсон эдгээр модыг дахин боловсруулж, утаагүй түлш, барилгын материал гээд олон талаар ашиглах боломжтой ажээ. “Ойн судалгаа, хөгжлийн төв”-өөс гаргасан судалгаагаар, зөвхөн Төв аймгийн Эрдэнэ сумын хэмжээнд 8,247,842 шоо метр буюу нэг сая машин модны хаягдал байдаг байна. Үүнийг ашиглахын тулд биомассыг хийжүүлж, экогенераторыг Монголд нэвтрүүлэх ажлыг санаачилж яваа хүн бол Хөдөө аж ахуйн техник, шинжлэх ухаан технологи үйлдвэрлэлийн нэгдлийн /ХААТШУТҮН/ эрдэмтэн, нарийн бичгийн дарга Ш.Энхтайван. Энэ талаар түүнтэй уулзаж ярилцлаа.

-Монгол орны ойн хаягдал модыг олон янзаар ашиглах боломжтой гэж та ярилаа. Чухам юунд яаж ашиглах вэ?

-Бидний амьдрал цикл буюу эргэх холбоонд оршдог. Энэ хорвоод хүн болж ирэх боловч эргээд одох жамтай. Амьтан, мод ургамал ч мөн үүнтэй адил. Мод нарны энергиэр ургадаг, дараа нь өмхөрч унадаг. Үүнээс үнс гарч, эргээд хөрсөндөө бордоо болж, ахиад л ургана. Байгалийн энэхүү зүй тогтлыг бид амьдралдаа ашиглах ёстой юм. Яаж ашиглах вэ гэхээр ой модны энэ хаягдал, хожуул, мөчрийг дахин боловсруулалтад оруулж, утаагүй түлш, барилгын материал хийж болно. Тухайлбал, барилга, байшин барихад модон бетон хамгийн тохиромжтой. Хаягдал модыг буталж, жижиглээд барьцалдуулах зорилгоор хорин хувьтай тэнцүү цемент хийснээр блок болчихож байгаа юм. Нэг ёсондоо модны хаягдлаар хямд өртөгтэй, маш дулаахан модон байшин барьж болно. Мөн удахгүй улирал нь эхлэх гэж буй сайжруулсан түлшийг битүү шаталтын зарчмаар гаргаж авах боломжтой. Энэ нь утаагүй, элч сайтай, маш чанартай түлш байх юм.

-Ойн хаягдал модыг ашиглах тухай ярихаар манайх тийм их модны нөөцтэй бил үү гэсэн бодол төрж байна?

-Манай улс нэг хүнд ногдох ойн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Нийтдээ 18,5 сая га ой буюу нэг хүнд зургаан га мод ногдож байгаа юм. Үүний 60 хувь нь өмхөрч унасан, хөгширсөн унанги мод байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Ойн судалгаа, хөгжлийн төв”-ийн гаргасан судалгаагаар зөвхөн Төв аймгийн Эрдэнэ сумын хэмжээнд 8,247,842 шоо м.куб буюу бараг нэг сая машин модны хаягдал байна гэж үзжээ. Хөвсгөлд бүр 30 сая м.куб гээд бодохоор Монгол орны нийт нутаг дэвсгэрт хэмжээгүй тоо гарна. Ойн ийм их баялаг газарт, хэнд ч хэрэггүй хэвтэж байна гээд бод доо.

-Тийм ашигтай баялаг юм бол яагаад өдий болтол ашиглахгүй байна вэ? Саад бэрхшээл нь юу байдаг юм бол?

-Хамгийн том асуудал бол ойн хаягдлыг түүж, цуглуулах, ачиж тээвэрлэх техник түүнд хийх бензин юм. Хэрэв шатахуун, бензинээр явдаг машинаар хаягдал түүж, тээвэрлэх юм бол юун ашиг, бүр илүү их зардал гарна. Зардлын зөвхөн 70 хувь нь бензинд зориулагдаж байна. Тэгэхээр бензинийг юугаар орлуулах вэ гэсэн асуудал үүснэ дээ. Үүнийг л шийдэхийн тулд биомассыг хийжүүлээд, газ гаргах технологи экогенераторыг Монголд нэвтрүүлэх ажлыг судлах болсон юм.

-Илүү тодруулахгүй юу, биомасс гэж юуг хэлж байна вэ?

-Энэ бол машиныг бензинээр биш, модоор явуулдаг технологи юм. Өөрөөр хэлбэл биомассын хийжүүлэлт буюу битүү саванд угаар бий болгоод тэрүүгээр машин явна гэсэн үг. Биомасс гэдэг нь модны хожуул, мөчир хаягдал, малын өтөг бууц, сүрэл гэх мэт юм. Үүнийг пиролизид (битүү шаталт) оруулан синтез-хий гарган автомашин, цахилгаан үүсгүүрт түлш болгон хэрэглэх юм. Товчхондоо, байгаль өөрөө энергийн хуулиар явдаг. Дээрээс тусч байгаа нар амьтай бүхнийг тэжээдэг. Ургамал, мод, нарны энергийг өөртөө шингээсэн байдаг. Энэ энергийг буцаагаад гаргаж ирж буй технологийг л биомасс гээд байгаа юм. Ингэснээр эргэх холбоогоор экологийн хувьд таатай, зөв амьдралын нөхцөл үүснэ.

-Та машинд бензин, шатахуун хийх шаардлагагүй гээд байна уу? Иргэд ч мөн хийн түлш хэрэглэж болох уу?

-Үгүй л дээ. Сүүлийн үед газаар явдаг машин их болсон. Гэхдээ миний яриад байгаа нь арай өөр юм. Биомасс буюу модны хаягдлыг дахин боловсруулж, угаарын хий болгоод, битүү саванд хийн машиндаа ачаад явах юм. Үүнийг хотын төвөөр явсан машин бүр ачаад явбал гоо зүйн талаасаа муухай харагдана. Тэглээ ч хотын төвийн хэсэгхэн зайндаа бензинээ хийгээд явахад яах вэ дээ. Харин миний санаа эдийн засгийн стратегийн ач холбогдолтой зүйл, биомассыг хийжүүлэх экогенераторыг хөдөө аж ахуй, газар тариаланд өргөн нэвтрүүлэх юм. Ингэснээр биомассыг хийжүүлэн, дотоод шаталтын хөдөлгүүр болон цахилгаан үүсгүүр ажиллуулах энергийн эх үүсвэртэй болж, малчид тариаланчид эрчим хүчний дарамтаас гарахад ихээхэн тустай. Нөгөө талаар миний яриад буй ой цэвэрлэх үйл ажиллагаанд трактор, машинд зарцуулах бензин, шатахууны хямралаас ангижрах юм.

-Дэлхийн ямар улсууд энэ технологийг хэрэглэж байна вэ?

-Монголоос бараг бусад нь. Барууны орнуудад хөдөө аж ахуйн фермерүүд ихэвчлэн хэрэглэж байна. Өвс хадах, ногоо тарих, хураах, зөөвөрлөх, тээвэрлэх, услалтын систем, хадлан бордоо авах, гэр орноо дулаацуулах, гэрэлтүүлэх, хөрөө рам ажиллуулах гээд бүхий л ажилд өргөн ашиглаж байна. Үүнийг ашиглах болсон түүхээс цухас ярья. Дэлхийн улс орнууд энергийн хомсдолд орж, энэ асуудлаа шийдэхийн тулд органик гаралтай биомассыг пиролизын (битүү шаталтын) аргаар шатааж, синтез-хий гарган авах болсон юм. Энэ аргыг дэлхийн 1-р дайны үед Францын армийн тээврийн хэрэгсэлд өргөн хэрэглэж эхэлснээр үндэс суурь нь тавигдаж, улмаар дэлхийн 2-р дайнд нефтийн хомсдолд орсон Герман улс маш их хэрэглэж байв. Тэр үед Европт нэг сая тээврийн хэрэгсэл биомассыг хийжүүлэх төхөөрөмж болох экогенераторыг ашиглаж байлаа. Одоо бол дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлт гээд олон асуудлаас үүдэн нефть бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзах уриалга гарснаар биомасс, нар, салхи, усны эрчим хүчийг ашиглах технологийг илүүд үзэх болсон. Энэ үүднээс АНУ, Япон, Герман, Хятад болон цас их унадаг, мод ихтэй Скандинавын орнууд биомассыг хийжүүлэн газ гаргаад, машиндаа түлш болгож ойгоо цэвэрлэдэг юм билээ. Бидний хөгжил дорой гэж боддог БНСАУ хүртэл нефтийн хомсдолын улмаас энэ технологийг өргөн хэрэглэдэг. Үнэндээ техник, технологийн хувьд биднийг хол илүү хаячихсан, хаяа Америкийг айлгачихаад л сууж байна шүү дээ.

-Хамгийн гол нь та энэ технологийг ашиглаж ой цэвэрлэх дээр төвлөрөөд байх шиг байна. Ой цэвэрлэх зайлшгүй шаардлагатай байдаг гэж үү?

-Би насаараа ойжуулалт, ой модны чиглэлээр судалж, ажилласан хүн. Монголчууд бид мал маллаж амьдардаг улс. Гэтэл ой маллаж амьдрах гэдэг уг нь илүү баталгаатай амьдрал юм. Хүн, байгаль хоёрын хүйн холбоо гэж бий. Хүмүүс бид байгаль дэлхий, уул ус, ургамал амьтнаа хайрлаж, хамгаалах ёстой. Тэр утгаараа ой модоо цэвэрлэж, шинэчлэгдэх явцад нь тусалж байх юм. Хөгширч өмхөрсөн, унаж хатсан модод чинь эргээд залуу моднууддаа нөлөөлөөд байдаг. Тэдэнд очих нарны гэрэл, шим шүүсийг татаад авчхаад байдаг юм. Тэгэхээр тэр ой нөхөн төлжиж чадахгүй нэг ёсондоо хөгшин модод нь залуугаа “сорчихоод” байна гэсэн үг л дээ. Ургах замыг нь саадгүй болгож, нарны энерги сайн тусаж, борооны чийг хүртээд байвал ойн эко систем тэнцвэртэй, нөхөн сэргэх нь ч хурдан байх юм. Нөгөөтэйгүүр, байгалийн энэ хэрэггүй болоод хэвтэж буй хаягдал модыг баялаг болгож яагаад болохгүй гэж. Үүнд технологийн асуудал хийгээд төр засгийн дэмжлэг л хэрэгтэй байна.

-Салбарын удирдлагуудад энэ санаагаа танилцуулав уу, хэр хүлээж авч байна вэ?

-Дээхнэ үед манай улсад Ойн яам гэж байлаа. Маш чухал салбар учраас тусдаа бие дааж байсан хэрэг. Одоо бол Байгаль орчны яаманд харьяалагдсан жижигхэн хэсэг болж. Би энэ санаагаа төсөл болгоод арваад жил болж байна. Төрийн удирдлага солигдох болгонд бариад л гүйнэ. Тоож байгаа ч юм алга. Харин саяхнаас сайжруулсан түлш гээд ярьж байна даа. За үүнд л миний санаа хэрэг болж байх шиг байна. Одоо энэ сайжруулсан түлш гээд байгаа чинь хатаасан нүүрс юм шүү дээ. Нэг гэм нь шатахдаа удаан. Түүнийг яаж хурдан шатаах вэ гэдэг чинь асуудал болоод байгаа юм. Шатаж байгаад унтарчихвал асаах гэж нэг шуудай мод хэрэг болохоор байна. Энд л миний яриад байгаа сайжруулсан түлш буюу хаягдал мод маань хэрэг болчихоод байна.

-Та БНАСАУ-тай бас хамтарч, технологийн тал дээр суралцах, туршлага судлах тухай ярьж байсан. Холбоо тогтоосон уу?

-Энэ бас их ярвигтай асуудал. Нөгөө талаас манайтай хамтарч ажиллах сонирхолтой байдаг. Гэтэл Америкийн хараанд байдаг улстай хамтрахад манайд ирэх хяналт, дарамт бас бий. Гэхдээ нэг гарц бол байна. НҮБ-ын Дэлхийн уур амьсгалын конвенцид бараг бүх улс нэгдсэн байдаг. Бидний байгалиа хайрлаж, хамгаалах, экогенератор, эко түлш хийх зорилго уг конвенцийн бодлоготой уялдаж байгаа учраас албан бичиг явуулж, хандах хүсэлтэй байна.

-Таны яриад байгаа энэ технологи Монголын хөрсөн дээр хэр тохиромжтой, аюулгүй вэ?

-Технологийн танин мэдэхүйн гурван үе шат байдаг юм. Эхлээд энэ бүтэхгүй ээ гэнэ, дараа нь болж ч магадгүй, эцэст нь амархан шүү дээ, би ч мэднэ гэдэг. Миний яриад буй технологи ч бас энэ л зарчмаар явна. Нэвтрээд эхлэнгүүт хүн болгон ачааны машин дээрээ поошк тавьчхаад яваад эхэлнэ дээ. Технологи эзэмшиж, нутагшуулна гэдэг хялбархан юм шүү дээ уг нь. Хойд Солонгост энэ бол энгийн хэрэглээ. Харин манайд судлахаас цаашгүй л байна.

-Ой модны хаягдал ашиглана гэхээр ойгоо хядаад эхлэх вий гэсэн хардлага төрж магадгүй юм?

-Яалаа гэж дээ. Мал маллаж буй хүн малаа сорчлоод алаад идээд байдаггүй биз дээ. Ер нь аль болох хөгшин, тарга тэвээрэг муугаас нь иддэг. Харин малаа үржүүлдэг, үүлдэр угсааг нь сайжруулдаг. Үүнтэй адил ой модоо хаягдлыг нь авч ашиглаад, шинэ модоо улам олон болгож, төлжүүлэх асуудлыг чухалчилна. Монголын ойн 60 хувь нь хаягдал буюу хөгширсөн мод байна шүү дээ.

-Энэ судалгаанаас гадна та “Эдлэн газартаа эко амьдрах боломж” гээд төсөл бичсэн гэсэн. Тэр тухайгаа ярихгүй юу? 

-Бидний өвөг, эцэг таргын таван ямаатай, чөдрийн хоёр морьтой байсан нь амьдралын хамгийн дээд хэлбэр байхгүй юу. Илүүд шунахгүй, байгаадаа сэтгэл хангалуун амьдрал. Нөгөө миний хэлээд байгаа эргэх холбоогоор бид буцаад л энэ байран дээр ирнэ. Ерөнхийдөө аж төрөх ёсны шинэ хэвшил бий болгох санааг дэвшүүлээд байгаа юм. Агро ойн аж ахуй буюу байгальдаа юугаар ч дутахгүй амьдарна. Энэ үүднээс “Эдлэн газартаа эко амьдрах боломж” гээд төсөл бичсэн юм. Даанч дэмжигдэхгүй байна. Уулын аманд, ой модны захад хоёр давхар эдлэн байртай, хашаандаа өөрийн гараар тарьсан жимс ногоотой, хажуугаар нь гол горхи урсаад л… Нэг тийм амар тайван, эрүүл, эко амьдрал. Уг нь Монголчууд бид хүсэх л юм бол ингэж амьдарч чадна шүү дээ.

Ц.АРИУНЗАЯА

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж