“Хятадын эдийн засгийн ирээдүйг дэлхий нийт өндрөөр харж байна”

Хуучирсан мэдээ: 2019.07.29-нд нийтлэгдсэн

“Хятадын эдийн засгийн ирээдүйг дэлхий нийт өндрөөр харж байна”

“Хятадын эдийн засгийн ирээдүйг дэлхий нийт өндрөөр харж байна”

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ШИН ХАЙМИН

Дэлхийн эдийн засаг гүн зохицуулалтын үед орж, улс орнуудын эдийн засаг харилцан нягт холбогдсоор байна. БНХАУ бол дэлхийн хоёр дахь том эдийн засаг мөн Монгол Улсын чухал хөрш улс. Монголын олон найз нөхөд Хятадын эдийн засгийн хөгжилд анхаарал хандуулж үүнтэй холбоотойгоор надаас олон асуулт асуусан. Иймээс энэхүү завшаанаар би Монголын найз нөхөдтэй нийтлэг анхаарал хандуулж буй дараах асуудлуудын талаар санал бодлоо хуваалцаж хэлэлцэхийг хүссэн минь энэ билээ.

Нэг. Дэлхий дахин Хятадын эдийн засгийг хэрхэн харж байна вэ?

Хятадын эдийн засгийн өсөлт маш тодорхой байна. Английн “Financial times”сонинд Хятадын эдийн засгийн өсөлт хэдийгээр 1990 оноос өнөөг хүртэлх хамгийн доод түвшинд хүрсэн ч 2019 оны 2-р улиралд эдийн засгийн өсөлт 6.2% буюу АНУ-ын ижил хугацааны өсөлттэй харьцуулахад өсөлтийн хэмжээ 4 дахин их хэвээр байна. Энэ өсөлт Англи (0.1%), Франц (0.3%) зэрэг зарим барууны хөгжингүй улс орны өсөлттэй харьцуулахад хол илүү байна хэмээн нийтэлсэн байна. Хятадын эдийн засаг 2019 оны эхний хасагт 6.3%-ийн өсөлттэй гарсан нь Хятад нь дэлхий дахинд өсөлтийн хамгийн том эх үүсвэр хэвээр байна гэдгийг тодоор харуулсан байна. Хятадын ДНБ-ний жилийн өсөлт Австралийн нэг жилийн нийт эдийн засагтай дүйцэж байгаа. Австралийн нөөцийн банкны хийсэн судалгаагаар АНУ зэрэг барууны орнуудын эдийн засаг мандаж эхлэх үед эдийн засгийн олон удаагийн хямрлыг дагуулж байсан. Хятад өөрчлөлт, шинэчлэлийн бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт 9.5%-ийн өндөр өсөлтийг хадгалсаар ирсэн бөгөөд эдийн засагт хямрал огт үүсч байгаагүй нь гайхалтай. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (Organisation for Economic Co-operation and Development, OECD)-ын ахлах эдийн засагч Лоренс Бооне /LaurenceBoone/ Хятадын эдийн засаг дахин тэнцвэрт байдлыг биелүүлж байна гэж тэмдэглэсэн. Ротерс агентлаг мөн Хятад Улсын урьдчилж авч хэрэгжүүлсэн дэмжих бодлого аажмаар хэрэгжсээр Хятадын эдийн засаг энэ оны хоёрдугаар хагас жилд тогтворжих төлөвтэй байна. Тэр дундаа “Нэг бүс нэг зам” -ын бүтээн байгуулалтаар дамжуулж Хятадын баруун хэсгийн муж хотууд гадаадад нээлттэй үүд хаалга болж байгаа бөгөөд эдгээр мужууд цаашид ч Хятадын эдийн засгийн шинэ  хөдөлгөгч хүчин болох хандлагатай байна гэсэн дүгнэлт гаргав.

Хятадын эдийн засгийн шилжилтийн үр дүн маш илэрхий байна.  Нэрт зөвлөх үйлчилгээний McKinsey & Company-ийн Дэлхийн судалгааны хүрээлэнгийн гаргасан тайланд эдийн засгийн шилжилтээр Хятадын дэлхийн худалдаанд хараат байдал багасаж харин дэлхийн Хятадын эдийн засагт түшиглэх байдал нэмэгдэж байна. Хятадын эдийн засгийн шилжилт нь дотоодын эрэлтэд илүү тулгуурласан. Тасралтгүй нэмэгдэж буй дотоодын худалдан авалт нь Хятадыг “дотооддоо үйлдвэрлэж, дотооддоо борлуулах”-ад хүргэсэн. Урьдчилсан тооцооллоор 2030 онд Хятадын худалдан авах эрэлт хэрэгцээ нь 6 их наяд ам.долларт хүрч өсөх бөгөөд энэ нь АНУ ба баруун Европын улс орнуудын нийлбэртэй тэнцэхээр байна. Америкийн Forbes сэтгүүлд Хятад Улс хотын дундаж давхарга болон сүүлийн үеийн дижитал технологи тасралтгүй хөгжиж буйг дагаж, Хятадын дотоодын эрэлт хэдийнэ экспортыг орлохуйц түвшинд хүртлээ нэмэгдэн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр болсон гэдгийг бичсэн. Түүнчлэн Австралийн нөөцийн банкны Азийн эдийн засгийн судалгааны газрын хийсэн судалгаагаар өдгөө хөрөнгө оруулалт нь Хятадын эдийн засгийн өсөлтөд чухал хэвээр байгаа боловч дотоодын худалдан авалт нь экспортыг орлож, үйлчилгээний салбар ДНБ-ний хагасаас илүү хувийг эзэлж, үйлдвэрлэлийн салбараас давсан гэдгийг харуулсан. Хятадын эдийн засгийн шилжилт хэдхэн жилийн дотор илт үр дүнтэй явагдсан нь хөгжингүй орнуудын түүхтэй харьцуулахад гайхшруулам амжилтанд хүрсэн байна.

Хятадын эдийн засаг дэлхий нийттэй өндөр хэмжээнд уялдаж байна. Дэлхийн худалдааны байгууллага, Дэлхийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, McKinsey & Company зэрэг олон улсын байгууллагын дэлхийн худалдаа, Хятадын эдийн засгийн талаар хийсэн хамтарсан болон бие даасан судалгааны тайланд 2000-2017 онд Хятад Улс дэлхийн нийт үйлдвэрлэлийн 35%-ийг хангасан байна. Одоогоор Хятад улс нь 33 орны хувьд хамгийн том экспортын зах зээл, 65 орны хувьд хамгийн том импортлогч улс болсон. Үйлдвэрлэлийн гол нэр төрөлд Хятадын ашигладаг технологийн 90-ээс дээш хувь нь дэлхийн стандартад нийцдэг. McKinsey & Company-ийн ерөнхий үзүүлэлтээр даяаршилд нийцэх байдлаар Хятад Улс дэлхийд 9-рт бичигдэж байна.

Хоёр. Хятадын эдийн засаг чухам ямар байна вэ?

2019 оны эхний хагаст Хятадын эдийн засаг тогтвортой өсөж, шилжилтийн түвшин ахиж, шинэ амжилт тогтоож, тогтвортой өсөлтийн хандлага үргэлжилж, өндөр чанартай хөгжилд нааштай дэвшил гарлаа.

Эдийн засаг ерөнхийдөө тогтвортой байж бүтэц тасралтгүй сайжирж байна. Хятадын эдийн засгийн эргэлт олон жилийн турш тохиромжтой хэмжээг хадгалж, эдийн засгийн голлох үзүүлэлтүүд урьдчилсан тооцоололтой нийцэж ирсэн. Мөн үйлчилгээний салбар тогтвортой өсөж, өндөр технологийн үйлдвэрлэл, стратегийн шинэ салбар илт өсөлттэй байж дотоодын худалдан авалт эдийн засгийн өсөлтөд хөдөлгөгч нөлөө үзүүлсээр ирлээ.

Ажлын байрны орон тоо болон үнийн өсөлт тогтвортой байж, татвар, хураамжийг бууруулах ажил амжилттай хэрэгжлээ. Энэ оны 1-5-р сарын байдлаар Хятадын үндэсний хэмжээнд хот суурин газарт шинэ ажлын байр 5.97 сая нэмэгдэж, эхний хагас жилд Хэрэглээний үнийн индекс (CPI) мөн оны өмнөх үеэс 2.2%-иар, Үйлдвэрлэлийн үнийн индекс (PPI) мөн оны өмнөх үеэс 0.3%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Нэмэгдсэн өртгийн албан татвар, Хувь хүний орлогын албан татварын шинэчлэл гэх мэт татвар бууруулах цогц бодлого хэрэгжиж тодорхой үр дүнд хүрлээ.

Бизнесийн орчин тасралтгүй сайжирч, бизнесийн голлох салбар болон сул хөгжилтэй салбарт чиглэсэн дэмжлэгийг нэмэгдүүлэв. Хятадын эдийн засгийн зах зээлийн идэвх, нийгмийн бүтээлч байдал тасралтгүй идэвхжиж байна. Энэ оны 1-5-р сарын байдлаар нийт 2.86 сая буюу өдөрт дунджаар 18900 аж ахуйн нэгж шинээр бүртгүүлсэн бөгөөд энэ нь мөн оны өмнөх үеэс 20 гаруй хувиар нэмэгдсэн байна.

Инноваци эрчимжиж, үйлдвэрлэлийн шинэчлэл хурдсав. Инновацийн хөрөнгө оруулалт тасралтгүй өсч, патентын бүртгэл ихээр нэмэгдэн, анхан шатны судалгаа болон чухал шинжлэх ухаан технологийн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдсэн байна. Түүнчлэн 5G заэрг шинэлэг салбарын дэд бүтцийн бүтээн байгуулалт тогтвортой ахиж буй бөгөөд шинэ бүтээгдэхүүний өсөлт харьцангуй хурдацтайгаар нэмэгдэн гарч ирж байна.

Хятадын эдийн засгийн тогтвортой өсөлт нь Хятад Улсын Засгийн газрын үр дүнтэй макро зохицуулалттай салшгүй холбоотой юм. Хятад Улсын Засгийн газар “хэт их усжуулалт”-ын арга барил ашигладаггүй. Татвар бууруулах бодлогыг нэн өргөн цар хүрээтэй хэрэгжүүлж, “захиргааны эрх мэдлийг суурь шатны байгууллагад илүү өгч, удирдлагыг шинэчилж, үйлчилгээг сайжруулах” гэх шинэчлэлийг цаашид хэрэгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлж, зах зээлийг ард иргэдийн хэрэгцээнд нийцүүлэхийн зэрэгцээ дотоодын том зах зээлийг бий болгохыг дэмжинэ. Үр дүнтэй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, шинэ хөдөлгөгч хүчийг бүрдүүлж, хувийн хэвшлийн бизнесийн орчинг сайжруулж, аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгө босгох байдлыг сайжруулах цогц бодлого хэрэгжүүлснээр, Хятадын эдийн засаг дотоодоо тогтвортой, зохицуулалттай байдал тасралтгүй бэхжиж байна.

Ийм байхад олон улсад зарим хүмүүс Хятадын эдийн засгийг уруудаж байна гэх нь Хятадын эдийн засгийг сааруулахыг хүсэж буй мэт байна. Өөр зарим хүмүүс ч Хятадын эдийн засаг одоогийн хэлбэлзэл, сорилтыг даван туулж чадахгүй, хямралд хүрнэ хэмээн санаа зовниж байна. Одоогийн дэлхийн эдийн засаг сэргэхэд хүч дутмаг байдалтай, Хятадын эдийн засаг ч мөн олон эрсдэлтэй нүүр тулж буйг бид тодорхой харж байна. Гэхдээ өнөөгийн байдлаас харахад бид эдийн засгийн иймэрхүү энгийн хэлбэлзэл, сорилтыг бүх талаас нь бодитойгоор харах хэрэгтэй, харин алсын хараагаар цаашдын хөгжилд тэмүүлж буй нь Хятадын эдийн засагт өөрчлөлт гараагүй бөгөөд цаашид ч өөрчлөгдөхгүй чиг хандалга болно гэдгийг харах хэрэгтэйг та бүхэнд хэлэхийг хүсэж байна. Хятадын эдийн засаг тогтвортой, эрүүл хөгжлийн нөхцөлийг бүрэн хангасан. Хятад Улс 1.4 тэрбум орчим хүн ам, 900 сая ажиллах хүч, 170 сая дээд боловсрол эзэмшсэн чадварлаг хүний нөөцтэй, дэлхийд хамгийн том дундаж давхаргатай, 100 сая гаруй зах зээлийн аж ахуйн нэгжтэй. Үүнээс гадна агуу үйлсийг бүтээхийн төлөө бүх хүчээ зориулах улс төрийн давуу талтай, өөрчлөлт, шинэчлэлийн бодлого хэрэгжүүлснээс хойш хурдацтай хөгжлийн дүнд олж авсан арвин их материалын болон техникийн суурьтай, хөгжлийн асар их чадвар, боломж, буцах орон зайтай, макро зохицуулалтын арвин туршлагатай мөн төрийн бодлогын хангалттай орон зайтай. Иймээс бид бүхий л эрсдэл, сорилтыг даван туулах бүрэн боломж, чадвар, итгэлтэй байна.

Гурав. Хятад, Америкийн худалдааны дайныг хэрхэн харж байна вэ?

Хятад, Америкийн худалдааны маргааны тухайд би өмнө нь Монголын хэвлэл мэдээлэлд нийтлэл гаргаж үнэн бодит байдлыг тайлбарлаж, Хятадын талын байр суурийг илэрхийлж байсан билээ. Үүнийг Монголын олон найз нөхөд ойлгож дэмжсэн. Хятад Улс одоо хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн төлөө хичээж, олон талт үзэл болон чөлөөт худалдааны тогтолцоог, улс орнуудын нийтлэг эрх ашгийг хамтдаа хамгаалахыг уриалж байсан. Харин Америкийн тал үүнийг сөрж өөрийн зоригоор худалдааны дарангуйлал, ганц талыг баримтлагч үзэл болон худалдааны протекционизмыг явуулж хаалттай байдал руу явж байна. Хэний зөв, хэний буруу болох тухай шударга ёсыг олон нийт мэднэ. Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч асан, АНУ-ын Колумбиа их сургуулийн профессор Вэй Шанжинь Америкийн худалдааны дайнын талаарх буруу логикыг шүүмжилж, буруу үйлдлийг үр дүнгийн талаар анализ хийж, Хятадын Америкийн худалдааны бүтцэд суурилсан худалдааны дайн богино хугацаанд Хятад Улсад харьцангуй их хохиролтой байж магадгүй ч дунд болон урт хугацаанд хоёр улсын шийдвэр хэрхэн байхаас шалтгаална гэж үзсэн байна. Тэрээр мөн Хятад Улс гадаадад нээлттэй бодлогыг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, холбогдох арга хэмжээг шуурхай авбал эцэстээ худалдааны дайнд ялалт байгуулна гэж хэлсэн байна.

Би энд онцлохыг хүссэн зүйл бол энэ худалдааны дайны хариуцлага бүхэлдээ Америкийн талд байна. Хятадын тал дайн хийхийг хүсэхгүй, гэвч дайн хийхээс айхгүй, шаардлага гарвал хийх болно. Өдгөө Хятадын эдийн засаг тогтвортой өсөлттэй байгаа бөгөөд эерэг нөхцөл байдал бүрдэж байна. Америк Худалдааны протекционизмын арга хэмжээ авах нь Хятадын эдийн засагт тодорхой хэмжээнд нөлөөлөх боловч бид нөлөөллийг давах бүрэх чадалтай. Хятадын тал өөрийн хууль ёсны эрх ашгаа эрс хамгаалж, язгуур эрх ашиг, хөгжлийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал дээр хэрхэвч буулт хийхгүй. Хятадын тал мэдээж Хятад Америкийн худалдааны маргааныг яриа хэлэлцээгээр шийдвэрлэхийг ямагт уриалж ирсэн төдийгүй хоёр улсын худалдааны зөвшилцөлд чин сэтгэлээс хандсаар ирсэн. Америкийн талыг шийдэмгий, хүсэл зоригтой байдлаар хандаж Хятадын талтай харилцан хүндэтгэх, эрх тэгшээр хандах үндсэн дээр харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн  хэлэлцээр байгуулахаар хамтдаа зүтгэл гаргах хэрэгтэй гэж зөвлөж байна.

Дөрөв. Хятад, Монголын харилцаанд ямар шинэ боломж ирж байна вэ?

Хятад, Монгол хоёр улс нь иж бүрэн стратегийн түнш, уул усаараа холболдсон найрсаг хөршүүд. Хоёр улсын харилцааны хөгжил хурдны замдаа гарсан байна. Энэ оны 4-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хятад Улсад төрийн айлчлал хийж “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёрдугаар чуулга уулзалтад оролцсон. Мөн энэ 7-р сард Хятад Улсын дэд дарга Ван Чишань Монгол Улсад айлчлал хийлээ. Эдгээр айлчлалын үеэр хоёр улсын удирдагч нар талуудын улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд олон чухал тохиролцоонд хүрсэн. Ингэж Хятад, Монголын харилцаанд шинэ, өргөн боломжууд бүрдэж байна.

Хөршүүд улам ойр дотно болохыг эрмэлздэг. Хятад Улс элэгсэг дотно, үнэнч шударга үр ашигтай, хүртээмжтэй хөршийн бодлогоо тууштай хэрэгжүүлдэг. Монголыг Хятадын хөгжлийн хурдан галт тэргэнд суухыг урьж байна. олон жилийн турш, Хятад Улс нь Монголын хамгийн том худалдааны түнш, хөрөнгө оруулалтын чухал эх үүсвэр байсаар ирсэн билээ. Хоёр улсын худалдаанд Хятад байнга алдагдалтай байдаг ч Хятадын тал Монголын талтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа үргэлжлүүлэн өргөжүүлж Монголын хөгжилд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байдаг. Одоо хоёр улс “Нэг бүс нэг зам” болон “Хөгжлийн зам”-ын уялдааг бэхжүүлэхээр ажиллаж байна. Үүний хүрээнд саяхан талууд Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж, Хятад, Монголын чөлөөт худалдааны хэлэлцээрийн хамтарсан ТЭЗҮ-г боловсруулах ажил тогтвортой урагшилж байна. Хятадын талын буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төслүүд ар араасаа Монголын хөрсөнд бууж байна. Бид Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн нээлттэй, идэвхтэй хамтын ажиллагаа хоёр улсын ард түмэнд гарцаагүй илүү их үр өгөөжийг хүргэнэ гэдэгт итгэлтэй байдаг.

Энэ жил Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, “Хятад, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-г шинэчлэн байгуулсны 25 жилийн ой мөн Ши Жиньпин дарга Монгол Улсад айлчлах үеэрээ талууд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосныг зарласны 5 жилийн ой давхар тохиож байна. Талуудын хамтын хичээл зүтгэл дор Хятад, Монгол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд түүхийн шинэ хуудас нээгдэж, хоёр улсын ард түмэн сайхан ирээдүй рүү хамтдаа алхана гэдэгт би итгэлтэй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж