Англи хэлний “Цо багш” сургалтын төвийн захирал, англи хэлний багш Ц.Сэлэнгэтэй ярилцлаа.
-Зуны амралт эхлэхтэй зэрэгцэн гадаад хэлний сургалтууд эрэлттэй болдог. Тэр дундаас “Цо багш” англи хэлний сургалтын төвийн онцлог, давуу тал нь юу байна вэ?
-Манай сургалтын төв 2009 оны арванхоёрдугаар сарын 23-нд үйл ажиллагаагаа эхлэн энэ жил 10 дэх жилдээ ажиллаж байна. Саяхан манай сургалтын 11 мянга дахь шавь маань төгслөө. Манай англи хэлний сургалтын төвд суралцсан хүмүүс маань богино хугацаанд их далайцтай мэдлэг бүтээдгээрээ онцлог. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод жигдхэн үйл ажиллагаагаа явуулж буй 20 гаруй гадаад хэлний сургалтын төв бий. Тэр бүх сургалтууд өөрийн гэсэн онцлог, заах арга барилтай, ном сурах бичигтэй байдаг.
Манай төвийн сургалтын онцлог гэвэл маш богино хугацаанд буюу ердөө 11 хоногийн дотор чанартай мэдлэгийг өгч, дүрэм, яриа хосолсон хөтөлбөртэй, үгсийн сан, найруулах, орчуулах эрдмийг түлхүү сургадаг онцлогтой. Суурьтай анхан шат, суурьгүй анхан шат, гүнзгий шат гэсэн гурван шатны сургалтыг явуулдаг. Суурьгүй анхан шат гэхээр бүр цагаан толгойн үсэгнээсээ эхлэн заалгаж, түүртэхгүй сайхан уншиж, бичиж сурдаг бол суурьтай анхан шатанд хоёрын хооронд мэдлэгтэй хүмүүс л хамрагддаг. Сургалтын төвд хамрагдсанаар 11 хоногийн дотор 2000 мянган үгийн нөөцтэй орчуулгыг баруун, солгойгүй хийдэг, дүрэм, ярианы өндөр мэдлэгтэй болж төгсдөг юм. Миний бусдад өгдөг хамгийн том буян бол ямар ч хүнийг баруун, солгойгүй орчуулга хийлгэж сургадаг. Хатуу үнэнийг хэлэхэд англи хэлээр яриад, заагаад байгаа 100 хүний 99 нь орчуулгыг зохих түвшинд хийж чаддаггүй. Тэр 30 гарсан, 40 дөхсөн өчнөөн олон үгтэй өгүүлбэрийг гишүүнчилж, орчуулна гэж нандигнаж явдаг арга барил бий. Тэр арга барилаас шавь минь суралцсанаар орчуулгыг маш сайхан хийж сурдаг юм.
-Яагаад заавал 11 хоног гэж?
-Манай хэлний дамжаа яагаад 11 хоног үргэлжилдэг юм бэ гэж үү. Би өөрөө англи хэлийг 11 жил бие дааж сурсан хүн. Сурах сурахдаа гаргуун сурсан. Миний бие нэг хэсэг хүндээр өвдөж, нүд юм харахаа болиод, группт хүртэл орж байсан юм. Тухайн үедээ надад гадаад хэлний дамжаанд суух ямар ч боломж байгаагүй. Тиймээс англи хэлийг бие дааж сурч эхэлсэн.
Гэхдээ одоо болчлоо гэж санаа амрах хүртлээ 10 гаруй жил хөдөлмөрлөж, судалгаа хийсэн. Тэр үедээ зөвхөн өөрийн тархинд мэдлэг бүтээгээд зогсохгүй, өөр шигээ олон жил зовохгүйгээр өрөөлийн тархинд богино хугацаанд чанартай мэдлэгийг бүтээх аргачлалаа маш их тунгааж, боловсруулсан. Одоо бол англи хэлний эрээн авдрыг сэгсэрсэн хүн гэж ам бардам хэлдэг юм. Манай төвийн сургалт 11 хоног үргэлжлээд байдгийн учир нь миний зовж олсон 11 жилийн хөдөлмөрийг зовлонгүйгээр 11 хоногт сурна гэсэн үг.
-Таны мэргэжил Орос хэлний багш гэж дуулсан. Чухам яагаад англи хэлийг сонирхон судлах болов?
-Би ЗХУ-д 1989 онд А.С.Пушкины нэрэмжит Орос хэл, утга зохиолын дээд сургуулийг багш мэргэжлээр улаан дипломтой төгссөн. Тэгээд эх орондоо иртэл элэг хүндээр өвдсөний улмаас нүд юм харахаа больсон юм. Группд орж, мөнгө хүрэлцэхгүйн улмаас хорооллын зах дээр чацаргана, жамц давс зарж, автобусанд ч суух мөнгөгүй гүйж явдаг байсан.
Нэг өдөр Залуучуудын холбоон дээр "Англи хэлний гүнзгий шатны багш ажилд авна" гэсэн зар байсныг олж хараад амьдрахын эрхээр "Би хичээл зааж чадна" гээд ажилд орлоо. "Бурхангүй газрын бумба галзуурна" гэгчээр тэр үед англи хэлний багш ч ховор байлаа. Тийм болохоор ичсэн нүүрэндээ шөнийн 03.00 цаг хүртэл сууж, хичээлдээ бэлдэж, цээжилнэ. Тэгээд л хоёр, гурван сар хичээл заагаад ирсэн чинь англи хэлийг гүнзгийрүүлэн сонирхон судалж эхэлсэн. Тэгээд л англи хэлээр бичсэн юм болгоныг л орчуулаад суучихдаг болсон доо. Ингэхэд миний орос хэлний мэдлэг бас нөлөөлсөн байх. Хүн ном бичээд ирэхээр тэр хэлийн эд эсийг ухаж, маш нухацтай судалж эхэлдэг юм билээ. Одоогоор 50 гаруй ном гаргаад байна. Өөрөө хүндээр өвдөж байсан болохоор хэвлэн гаргасан номынхоо ашгаас 10 гаруй хүнийг орон гэртэй болгож өгсөн. Мөн 100 орчим хүнийг мэргэжлийн сургалт, дамжаанд суулгаж, ажлын байртай болгосон. Хүнд буян хийсний ач тусаар би сүүлийн 13 жилийн хугацаанд нэг ч эм, тариа хэрэглэсэнгүй. Дотроосоо эрүүлжээд, өвдөж, ядардаггүй хүн болсон. Манай сургалт өглөө 06.30 цагаас өглөөний эртэч ангитай. Би эртэч ангиасаа эхлээд л өдрийн турш 12-18 цагийн хичээл заадаг ч үргэлж сайхан юм бодож, өөртөө байгаадаа сэтгэл ханаж явснаар одоо ердөө ядардаггүй, огт өвддөггүй хүн болсон.
-Та гадаад хэлийг сурахад маш их цаг хугацааг зарцуулдаг гэдгийг хэллээ. Гэтэл өнөөдөр хүмүүс ямар ч гадаад хэлийг аль болох богино хугацаанд сурахыг хүсдэг болжээ. Ийм боломж бий юу?
-Миний хувьд шат шатны сургуулиудад өнгөрсөн хугацаанд 35 жил багшилж байна. Сүүлийн 25 жил тасралтгүй англи хэлний багшаар ажиллаж байна. Хамгийн гол нь англи хэлийг богино хугацаанд сурах арга нь их чухал. Юмны эхэлж буй арга буруудах их осолтой. Жишээлбэл, олон товчтой цамц байлаа гэхэд эхний товчийг нь зөрүүлээд товчилбол дараа дараагийнх нь товч ташраараа зөрдгийн адил эхний товчийг зөв товчлох ёстой. Эхлэл нь буруу тавигдсанаар тухайн хүн цаг хугацаа алдана шүү дээ. Гэхдээ англи хэлийг их богино хугацаанд төгс сурна гэж байхгүй. Харин далайцтай мэдлэгийг бүтээж, нэг зөв замаар суралцаад явчихвал хүн маш амархан өсч, өндийдөг.
Хоёрын хооронд хэлний мэдлэгтэй хүмүүс хорвоогоор дүүрэн байна. Миний хувьд “Гадаад хэлийг сурвал сурсан шиг сур. Сурахгүй бол эхлэхийн ч хэрэг байхгүй” гэдэг зарчим баримталдаг. Хүмүүс богино хугацаанд англи хэлний зохих түвшний мэдлэгтэй болж, учир зүйг нь монгол хэлтэйгээ харьцуулаад судлахаар англи хэл чинь тийм ч хэцүү хэл биш.
Гэхдээ мэдээж гадаад хэл сурна гэдэг чинь тийм амар зүйл биш. Тиймээс хамгийн гол нь арга их чухал. Надад нандигнаж явдаг сайхан аргууд бий. Тэр аргууд дээрээ дулдуйдаж, шавь нарынхаа толгойнд чанартай мэдлэгийг бүтээж чаддаг. Хамгийн гол нь багшийн үгийг ягштал дагадаг байх хэрэгтэй.
-Их сургуулийн оюутан, 10 жилийн сургуулийн сурагчид хичээлдээ олон цагаар англи хэлийг үздэг. Гэвч тэд ажлын байранд гарахаар англи хэлний мэдлэгийн түвшин гологддог. Энэ нь юутай холбоотой гэж үздэг вэ?
-Тухайн сургалтын арга барил, суралцагчдын юманд хандах хандлага их нөлөөлнө л дөө. Манай дамжаанд тавдугаар анги төгссөн тэмээчин залуу, аймгийн засаг дарга, мэргэжлийн орчуулагч хүртэл ирж, суралцаж байсан. Хүн аливаа юмыг тууштай хийгээд ирэхээрээ л үр дүнд хүрдэг. Тэрнээс биш алдаг оног сураад, ганц нэг өгүүлбэр орчуулчихаад, гэрийн даалгавар хийхгүй явбал хүн ерөөсөө өсч, өндийхгүй. Миний хувьд гэрийн даалгаврыг их чухалчилдаг. Хүн гэрийн даалгавар хийхгүйгээр танхимын сургалтаар олж авсан мэдлэгээ батлгаажуулж чадахгүй. Би бие дааж суралцахыг бөх хүнтэй зүйрлэдэг. Хүнд хэчнээн мундаг багш байлаа гээд хүний мэдэж авах ёстой юмны 20 хувийг л өгч чаддаг. Үлдсэн 80 хувийг бие даасан үйл ажиллагаагаар батжуулж авдаг.
Жишээлбэл, бөх хүнд багш нь нэг мэх заалаа гэхэд аргыг нь зааж өгнө. Тэрийг нь бөх хүн ганц удаа сонсоод зогсохгүй, тэр мэдээ хэдэн зуун удаа давтан бэлтгэл хийж, өөрийн болгодог. Түүнтэй адил гэрийн даалгавар хийхгүйгээр зөвхөн танхимын сургалтад суух нь хангалтгүй. Тэгээд бие дааж орчуулга маш их хийх хэрэгтэй. Одоо шавь нараас маань цэцэрлэгийн багш байж байгаад мундаг орчуулагч болсон хүн байна. Бас “Олонлог” сургуульд физикийн багш байсан н.Энхбат гэж залуу анхан шатнаас эхлэн суралцаж, хоёр жилийн дотор англи хэлийг гаргаахгүй болж, одоо АНУ-д мундаг орчуулагч хийж байна. Тэрнээс биш гадаад хэл сурахад хүний мэргэжил, нас ямар ч хамаагүй. Харин хэт бага насны хүүхдэд гадаад хэл заах нь буруу.
-Одоо эцэг, эхчүүд хүүхдэдээ багаас нь гадаад хэл сургахыг эрмэлздэг болсон байна шүү дээ?
-Монгол хэлний ясжилт явагдаагүй үед хүүхдэд гадаад хэл заах хэрэг байхгүй. Шал дэмий хүүхдүүдээ алиалагч болгочихдог юм. Хүүхдэд бүтэн жил англи хэл заалаа гэхэд англи хэлээр нэрээ хэлчидэг, мэнд асуучихдаг, 100 хүртэл тоо тоолчихдог байвал болно.
Юуны өмнө тухайн хүүхэд маань монгол хэлээ зөв сурч, ясжилт нь дууссаны дараагаар л гадаад хэл сурах нь зүйтэй. Тэгэхгүй эцэг, эх нь багаас нь гадаад хэл сургачихаар эргээд монгол хэлээрээ ярьж чадахгүй байна гэдэг чинь эмгэнэл шүү дээ.
Надаас зарим хүмүүс “Бага насны хүүхдүүдэд хичээл заах уу“ гэж их асуудаг. Би сугалтын төвдөө 12-оос дээш насны хүүхдүүдийг хамруулдаг.Манай дамжаанд 78 настай буурай, 50, 60 нас гарсан хүмүүс хамрагдана. Би тийм хүмүүст хичээл заах их дуртай. Учир нь манай 1970, 1980-аад оны монгол хэлний сургалт маш сайн байсан учраас нэгдүгээрт суугаад сурчихсан, хоёрдугаарт шимтээд, монгол хэлнийхээ мэдлэгт суурилж, тууштай сурч чаддаг юм. “Эрдэмд оройгүй” гэж үг бий. Харамсалтай нь манайхан чинь 50 нас гараад л хөгшин хүн гээд л хүний тооноос хасах гээд байдаг. Гэтэл эсрэгээрээ юм сурахад хамгийн тохиромжтой нас байдаг.
-Тэгвэл гадаад хэл сурахад хэлний авьяас нөлөөлдөг үү. Эсвэл хувь хүний хичээл зүтгэл чухал уу?
-Хүмүүс намайг англи хэлтэй гэхээр “Чи угаасаа хэлний авьяастай болохоор амархан сурсан” гэдэг. Би энэ үгэнд их дургүй. Миний хувьд англи хэлийг сурах гэж маш олон жил хөдөлмөрлөсөн. Тухайн хүний нэг хувь нь авьяас байж болно. Үлдсэн 99 хувь нь хичээл зүтгэл гэж хэлмээр байна. Миний бодлоор хэлний авьяасгүй хүн гэж байхгүй. Тэр авьяасаа хөгжүүлсэн эсэхээс л шалтгаална. Хамгийн гол нь хэлний авьяасаа өөрийн хөдөлмөрөөрөө хөгжүүлж, тордох хэрэгтэй. Хүн авьяасаа хөгжүүлж, мэдрэмжээ хөглөж өгснөөр гадаад хэлийг сурч чадна.
-. Монголдоо өчнөөн сургалтад суугаад, ярианы чадвар сайжрахгүй байна гэх хүмүүс ч бий. Гадаад хэл орчинд нь очиж, сурахыг чухалчилдаг шүү дээ?
-Тэр өрөөсгөл ойлголт л доо. Хэрвээ тэр хүн зүгээр хар яриагаар ярьж сурахыг хүсч байвал гадаад руу явсан дээр. Тухайн орны хэлний бүтэц, зүй тогтолцоог нь сайн мэдэхгүйгээс “Сайн уу, муу юу”-тай л болчихоод ирдэг юм. Миний бодлоор Монголдоо англи хэлний хэлзүйн дүрмийг маш сайн тавьчихаад явбал тэнд очоод хэл сурахад түүртэхгүй. Тэрнээс биш шууд гадаадад очоод хараар л ярьж сурна.
-Англи хэл сурахыг хүсч буй хүмүүст зөвлөгөө өгөөч?
-Хүмүүс надаас “Яаж үг цээжлэх вэ” гэх мэт олон асуултыг асуудаг. Манай дамжаа 2000 үгийн нөөцтэй болгоно гэдэг чинь өдөрт 100 гаруй үг тогтооно гэсэн үг.
Үгийг яаж цээжлэх вэ гэхээр тусад нь авч хүчээр “Ширээ” буюу “Table” гэж цээжлэхгүй. Хамаг цаг хугацаагаа барна. Харин томъёонд тоо сэлгэж байгаа юм шиг нэг үгийг өгүүлбэрт оруулж байтал аяндаа тэр үг чинь дөрөв дэх удаа тааралдахдаа таньдаг хүн шиг болчихдог. Тав дахь удаагаа таарахад тархи бодохоос өмнө ам өөрөө дугардаг болчихдог юм.
Ингэж тогтоосон үг хэзээ ч мартагддаггүй. Хамгийн гол нь англи хэлийг амжилттай сурахыг хүсч байвал тухайн хүн өөрөө чин сэтгэлээсээ шимтэх хэрэгтэй. Тэрнээс биш хүчээр сурна гэж байхгүй. Зуны цагт сургалтад суух хүний тоо ихэсч, зарим хүүхдийг ээж, аав өвөө, эмээ нь зардлын даагаад хүчээр суулгачихдаг. Тэр хүүхэд нь ял эдэлж байгаа юм шиг л хандах тохиолдол ч бий. Би тэр хүүхдүүдэд “Ядаж өвөө, эмээгээ бод” гэж хэлдэг. Сургалт гэдэг чинь сууж сурахаас эхэлнэ. Тийм учраас би сургалтынхаа эхэнд гар хаана байрлаж, хэрхэн суух талаар тайлбарлаж өгдөг.
Цэвэрхэн зөв дуудлагатай болъё гэвэл гадаад хэл дээр дуу сонсох хэрэгтэй. Ингэснээр дуудлага их сайжирдаг. Унших, бичих, сонсох, ярих чадварын хамгийн хэцүү нь сонсож сурах байдаг юм. Мундаг орчуулж, ярьж, бичдэг мөртлөө чихний бөглөө арилаагүй байгаа цагт хүн бас сайн ярьж чаддаггүй. Чихний бөглөөгөө арилгаж байна гээд юм харахгүйгээр сонсоод л яваад байдаг. Юм харахгүйгээр сонсоод байвал мэдэхгүй юм мэдэхгүйгээрээ өнгөрөөд байдаг. Харин нэг сар яг эхийн харж сонсвол илүү үр дүнтэй бөгөөд тухайн үйл явдлынхаа утгыг ойлгож эхэлдэг.
Холбоотой мэдээ