ЗЭЭЛТЭЙ  ХҮН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ БОЛОМЖГҮЙ

Хуучирсан мэдээ: 2019.07.29-нд нийтлэгдсэн

ЗЭЭЛТЭЙ  ХҮН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ БОЛОМЖГҮЙ

ЗЭЭЛТЭЙ  ХҮН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ БОЛОМЖГҮЙ

Удахгүй утааны улирал эхэлнэ. Утаагүй зуух, шахмал түлшний асуудал яригдаж эхэлмэгц түрээсийн байрны үнэ тэнгэрт хадаж, түрээслэгчдийн халаас түнтийдэг нь бичигдээгүй хууль. Нийслэлд өнөөдөр 380 мянган айл өрх инженерийн шугам сүлжээ, халуун хүйтэн усанд холбогдсон байр, орон сууцанд оршин сууж байгаа бол 220 мянган өрх гэр хороололд амьдарч, галаа өрдөн утаагаа савсуулсаар буй. Эдгээр айл өрхийн дунд байранд орох хүсэлтэй ч урьдчилгаа цуглуулах боломжгүй гэр бүл олон бий.

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ БҮРТГЭЛД ЯМАР НЭГЭН АРЫН ХААЛГА БАЙХГҮЙ. ГЭВЧ…

Засгийн газрын  2015 оноос хэрэгжүүлж буй  “түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Барилга хот байгуулалтын яамнаас энэ онд 1542 орон сууцыг ашиглалтад оруулсан. Үүний  дийлэнх буюу 972 айлын орон сууц Буянт-ухаа II хороололд бий.  Тус хороололд барьсан орон сууцны дотоод засвар дууссан тул энэ сарын 22-ноос “түрээсийн орон сууц”-ны цахим бүртгэл эхэлсэн. Найм дахь өдрөө үргэлжилж буй “Буянт-Ухаа 2” цахим бүртгэлд одоогоор 16.489  хүн бүртгүүлээд байна. Цаашид энэ тоон үзүүлэлт өсөх нь гарцаагүй. Гэхдээ эдгээрээс ердөө 900 орчим хүн л “азтан” болох гэнэ. Гэвч олон мянган иргэдээс шигшигдсэн эдгээр “азтан”-гууд үнэхээр сугалаагаар тодрох уу, эсвэл ямар нэгэн танил тал, арын хаалгаар багтах уу гэсэн хардлага  хүмүүсийн дунд байгаа юм. Үүнийг нотлох мэт, өнгөрөгч долоо хоногт цахим бүртгэл эхлээгүй байхад ханш тогтоож, “Түрээсийн орон сууцанд найдвартай оруулж өгнө”, “Түрээсийн орон сууцанд бүртгүүлэх хүсэлтэй 100 гаруй иргэнээс их хэмжээний мөнгө цуглуулсан” гэх мэдээлэл чих дэлсэж, сошиал орчинд цацагдсан нь итгэл үнэмшил, хүлээлтэд багагүй  эргэлзээ төрүүлсэн биз ээ. Иргэдийн дунд “түрээсийн орон сууцанд танил талтай нь л орох байх”, “Түрээсийн орон сууцанд шударгаар шүүж оруулахгүй байх”, “Хүмүүс цахимаар бүртгүүлэхээс өмнө түрээсийн орон сууцанд мөнгө өгсөн” гэх мэт яриа газар авч байгаа юм. Тэгвэл Нийслэлийн Орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар мэдээлэл хийх үеэрээ “Түрээсийн орон сууцны цахим бүртгэлд ямар ч арын хаалга байхгүй” гэдгийг тодотгосон билээ.

Түүний хэлснээр түрээсийн орон сууцны цахим бүртгэлийн мэдээлэлтэй холбоотой иргэдийн зүгээс  багш, эмч, сэтгүүлчдэд квот өгөх үү гэх асуултыг хамгийн их тавьж байгаа аж. Энэ талаар холбогдох албаны хүмүүсийн тайлбарласнаар зөвхөн нийслэл хотын гэр хороололд амьдарч байгаа иргэд хамрагдах боломжтой ба ямар ч квотын асуудал, арын хаалга байхгүй гэнэ.

Үүнээс гадна  түрүүлж бүртгүүлсэн эхний хүмүүс байранд орохгүй бөгөөд 14 хоногийн хугацаанд хэзээ ч бүртгүүлэх боломжтой аж. НОСК-иас тавьсан шаардлага, иргэдийн өөрсдийнх нь ирүүлсэн мэдээллийн дагуу эрэмбэлэх юм байна.

ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ БАЙРНЫ ТӨЛБӨРИЙН ХАМГИЙН ДООД ҮНЭ 284 МЯНГАН ТӨГРӨГ

Нөгөө талаас “Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууцыг түрээслэх үү, өмчлөх үү гэсэн эргэлзээ иргэдийн дунд үүсч, хүлээлт үүсгээд байгаа. Нийслэлийн Орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар мэдээлэл өгөхдөө “Түрээсийн орон сууцны 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр үлдсэн 40 хувийг газар чөлөөлөлтөд орсон иргэдийг орон сууцжуулахаар нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан. Үүнтэй холбоотойгоор “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг шинээр батлуулсан хэмээсэн.

Тодруулбал, иргэдэд таван жилээр түрээсийн орон сууцны түрээслээд өмчлүүлэх хэлбэрийн байрны нэг ам.метрийн үнэ 1.450 мянган төгрөг. Байраа түрээслээд өмчлөх хүсэлтэй иргэдийн урьдчилгаа төлбөрөөсөө хамаарч, 30 хувиа төлсөн иргэд хамгийн багадаа 284 мянган төгрөг төлөх бол хамгийн ихдээ 1.600 мянган төгрөг хүртэл хэлбэлзэж байна.

Тэгэхээр өөрсдийн амьдрах хүсэлтэй байрныхаа ам.метрийн хэмжээнээс хамаарч, сард төлөх түрээсийн төлбөрөө гаргаж, байраа сонгох боломжтой. Харин энгийн түрээсийн хамгийн доод үнэ бол 137 мянга, 550-411 мянган төгрөгийн үнэтэй. Энэ үнэ нь байрныхаа ам.метрээс шалтгаална.

ЗЭЭЛТЭЙ  БОЛ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ БОЛОМЖГҮЙ

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд 68.56 ам.метртэй гурван өрөө, 39.30 ам.метртэй хоёр өрөө, 49.23 ам.метртэй хоёр өрөө байрнаас сонголтоо хийх аж. Ингэхдээ журамд заасны дагуу  залуу гэр бүл, төрийн албан хаагч, хувийн байгууллагын ажиллагсад болон хувираа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон эцэг эх, өндөр тэтгэвэр тогтоолгосон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл, гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн гэсэн найман төрлөөс сонголтоо хийх юм. Хэрвээ зээлтэй, үлдсэн тэтгэврийн мөнгө нь түрээсийн төлбөр төлж хүрэхгүй бол хамрагдах боломжгүй аж.

ЗАСГИЙН ГАЗРААС 2020 ОН ГЭХЭД 20 МЯНГАН ӨРХИЙГ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ УУ?

Цахим бүртгэл нийт 14 хоногийн хугацаанд /2019.07.22-08.05/ үргэлжлэх бөгөөд бүртгэлийн хугацаа дуусахад долоо хоног үлджээ. Иргэдийн дунд хамгийн их эргэлзээ, хүлээлтийг үүсгээд байгаа “Буянт ухаа 2” түрээсийн орон сууцны бүртгэлийг аль болох шударга зохион байгуулахаар зорьж буйг Нийслэлийн орон сууцны корпорациас мэдээлээд буй юм. Мөн энэ жилийн хувьд анх удаа өмчлөх хэлбэрийг оруулж өгсөн нь иргэдийн хувьд том боломж. Гэвч түрээсийн орон сууцны босго өндөр, иргэдэд мэдээлэл хүрэх нь хомс, олон шат дамжлагатай, хүнд суртал ихтэй гэсэн шүүмжлэл тасарсангүй.

Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд 2020 он гэхэд нийслэлд 16 мянган айлын түрээсийн орон сууц барина гэж төлөвлөсөн байдаг. Хэрвээ үүний дагуу бүтээн байгуулалт өрнүүлнэ гэвэл жилд 3-4 мянган айлын түрээсийн орон сууцыг ашиглалтад оруулж байж дээрх зорилго, хөтөлбөр биелэх учиртай. Өнгөрсөн оны нэгдүгээр сард болсон “Утаагүй Улаанбаатар” форумын үеэр Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй одоогийн байдлаар нийт 1512 айл түрээсийн орон сууцанд амьдарч байгаа хэмээн мэдэгдэж байв. Эндээс харахад түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилт 10 хувьдаа ч хүрэхгүй байхад Засгийн газраас 2020 он гэхэд 20 мянган  айлын түрээсийн орон сууц барина хэмээн дээрхээс нэлээд давуулсан тоо ч хэлж байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж