Хашир хүн гэж хаширсан хүний хэлдэг гэгчээр төмөр замын асуудал дээр монголчууд баргийн зүйлд итгэхээ больсон. Тиймээс дээрх асуулт бол хаширсан хүмүүсийн үг юм.
Аливаа шуугианы ард эрх баригчдын эрх ашиг үргэлж нуугддаг нь бараг жам ёсных болжээ. Дараалсан баяр, даншиг наадам, амралт зугаалгын ар хударгаар Ардын засгийн гаргасан нэгэн шийдвэрийг олон хүн азаараагүй өнгөрсөн нь нүүрсний төмөр зам буюу мөнөөх овоолсон шороотой холбоотой асуудал байлаа.
Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд "Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 208.5 км төмөр замын барилгын ажлыг 2019 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлж 2021 онд ашиглалтад оруулахаар боллоо. Төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгож, суурь бүтэц, барих, ашиглахад шаардагдах хөрөнгийг тухай бүр техник, эдийн засгийн үндэслэлд заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлж байхаар шийдвэрлэв" гэжээ. Инженерийн байгууламж, эрчим хүч, усан хангамж, өртөө, зөрлөгийн болон дохиолол холбоо, бусад барилга байгууламж барихад шаардагдах зөвшөөрлийг тухай бүр нь шуурхай олгож байхыг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарт үүрэг болгоод “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцааны 66 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д, 34 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК-д эзэмшүүлэхийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгасан байна.
Гашуунсухайтын төмөр зам бол гашуун түүхтэй. Анх "Энержи ресурс" компани хувийн хөрөнгөөр барихаар Монголын Засгийн газартай гэрээг байгуулсан ч тун удалгүй уг гэрээг цуцалж төр өөрөө бүтээн байгуулалт өрнүүлэхээр болсон. Энэ цагаас эхлээд экспортын төмөр замтай болох Монголын мөрөөдөл алсарсаар байгаа билээ.
2013 онд Чингис бондын 280 сая ам.доллараар уг замыг тавих ажлыг санхүүжүүлсэн ч одоогоор овоолсон шороо төдий хэвээр. Ямартаа ч нар салхи, цас бороонд элэгдсэн овоолсон шорооны гүйцэтгэлийг Засгийн газар 86.6 хувийн гүйцэтгэлтэй гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын албан мэдээнд "2013-2015 онд замын доод бүтцийн ажлын 51.8 хувь, газар шорооны ажлын 86.6 хувь, гүүр, хоолойн ажлын 52 хувийг хийж гүйцэтгэсэн ч санхүүжилтгүйн улмаас 2015-2018 онд ажил нь зогссон"-ыг онцолж. Харин өнгөрсөн хавар Чингис бондын хөрөнгөөс санхүүжсэн төслүүдэд аудит хийсэн дүгнэлтэд "Шинэ төмөр зам” төслийн хамрах хүрээ, зарцуулсан мөнгөн дүн өндөр байгаагаас гадна “Монголын төмөр зам” ТӨХК-иас ирүүлсэн баримт, материал хангалтгүй, аудитын багийн шаардсан хугацаанд ирүүлээгүй, төслийн хэрэгжилтийн явцад зөрчилтэй асуудлууд гарч, хуулийн байгууллагад шалгагдаж байгаа тул мэргэжлийн зөвлөх, шинжээчийн хамт тусгайлан эрсдэлийн аудит хийх шаардлагатай байна” гэсэн байдаг.
Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутгаар дайран өнгөрөх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нүүрсээ барьцаалж барихаар, барьсан тохиолдолд 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс тээвэрлэн экспортлох боломжтой гэж Ардын засаг үзжээ. Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл авто замаар нүүрс тээвэрлэхэд өртөг нь тонн тутамд 30-32 ам доллар байдаг. Төмөр замтай болсноор үнэ хоёр дахин буюу 14.9 ам.доллар болж буурна гэж МАН-ын засаг тооцсон байна. Товчхондоо, нөхөн үржихүйн төмөр зам хэмээн хөөрцөглөж суусан Засгийн газар гэнэт л нойрноосоо сэрж, нүүрсний төмөр замаа барихаар болсны шалтгаанд хэний, ямар эрх ашиг нуугдаж буй нь сонирхол татна. Учир нь, овоолсон шороогоороо төмөр зам барих уу, мөнгө угаах уу гэдгийг тун удахгүй цаг хугацаа харуулах биз. Учир нь, нүүрсний төмөр замыг барьж ашиглалтад оруулах хугацааг Ардын засаг Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох жилээр тооцсон байна лээ.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ