Оюутолгойн гүний уурхайн хөрөнгө оруулалтын асуудлаар Европын Сэргээн босголт, хөгжлийн банк дахин яриа хэлцэл эхлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Тус банкны Байгалийн баялгийн газрын тэргүүн Эрик Расмуссен хэлснийг олон улсын мэдээллийн сувгууд дамжуулжээ.
Оюутолгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүлэхэд нэмэлт санхжүүжилт шаардлагатай байгаа. Европын Сэргээн босголт, хөгжлийн банк өмнө нь 2015 онд гүний уурхайн санхүүжилтэд шаардлагатай 4,4 тэрбум ам.долларыг босгоход гол зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн төдийгүй өөрийн хөрөнгөөс 400 сая ам.долларыг гаргахаа мэдэгдэж байсан. Арилжааны банк болон олон улсын санхүүгийн байгууллагыг оролцуулаад 15 эх үүсвэрээс хөрөнгө босгох хэлцлийг хийсэн.
Оюутолгойн албан ёсны цахим хуудсанд тавигдсан мэдээлэлд дурдсанаар одоо яригдаж буй олборлолтын загвараас алийг нь сонгохоос шалтгаалан “гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын капитал зардал 6.5-7.2 тэрбум ам.доллар байх урьдчилсан тооцоо гарч байгаа нь өмнөх дүн 5.3 тэрбум ам.доллараас 1.2-1.9 тэрбум ам.доллараар давуу байна” гэжээ.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эргэн харах ёстой, цуцлах ёстой гэсэн улс төрийн мэдэгдлүүд Монголд тасрахгүй байгаа. Монголын парламент энэ асуудалд эрүүл ухаанаар хандана гэдэгт найдаж байгаагаа ноён Эрик Расмуссен онцолсон байна.Түүний хэлсэн зүйлсээс дараах хэдэн өгүүлбэр анхаарал татаж байна. “Улстөрчидтэй (Монголын) тус тусад нь хувийн байдлаар ярилцахад Оюутолгой төсөл улс орны минь хувьд бэлэг болсон, Рио Тинто шиг хөрөнгө оруулагч Монголд байгаа нь азтай хэрэг гэдэг. Гэвч заримдаа тэд төслийн талаар ярихгүй үндэслэлгүй зүйл ярьдаг” гэжээ.
Энэ Монголын улстөрч нэртэй популистуудын үнэн нүүр царай биш гэж үү. Олон нүүртэй, урваж шарвадаг, улс орны хөгжилд юу хэрэгтэйг мэддэг ч эсэргүүцэх “шаардлага” гарвал улс орны эрх ашгийн эсрэг дуугардаг ажээ.
Уул уурхай бол Монголыг тэжээж буй салбарын нэг болоод удаж байгаа ч энэ үнэнийг улстөрчид байнга “мартдаг”. Уул уурхайн ассоциацийн энэ хавар өрнүүлсэн “Зогсох эрхгүй 24 цаг” аяны хүрээнд энэ салбарын эдийн засагт үзүүлж буй статистик тоог дэлгэснийг энд дахин эш татъя.
Уул уурхайн салбар нэг хоногт 8.1 тэрбум төгрөгийн өгөөжийг Монголын эдийн засагт оруулж байна. 2019 оны эхний хоёр сарын байдлаар улсын төсөвт 478 тэрбум төгрөгийг татвар хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн. Хоногт улсын төсөвт төвлөрүүлж байгаа 8.1 тэрбум төгрөгийн 40 хувь нь АМНАТ, 20 хувь нь ААНОАТ, НӨАТ, 10 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, бусад нь элдэв төрлийн хураамж байгаа ажээ. Нийтдээ уул уурхайн салбар жилдээ улсын төсөвт хоёр их наяд төгрөг оруулж байна. Энэ нь улсын нийт төсвийн бараг гуравны нэг юм.
Цаасан дээр байгаа эдгээр тоо бодит байдал дээр эргээд иргэдэд цалин, тэтгэмж, эмнэлэг, сургууль гээд нийгмийн үйлчилгээ болон очиж байгаа. Хоёр нүүрт улстөрчид чухамдаа энэ цөөн хэсгийг орхиод олонхид тааруулж тоглолтоо дэглэдэгт учир байна.
Поп дэглэлтийг нь мэддэг, поп амлалтад нь итгэдэггүй, поп байх ёсгүй гэдгээ мэддэг хэдийг нь хуулиар дарамтлан дуугүй болгох санаархал цухалзуулж эхэлсэн нь хоёр нүүртнүүдийг тэвчиж ирсэний жам ёсны хариу болж байна.
Зөрчлийн хуулиар жиргээч Уянгаагийн эсрэг Ерөнхийлөгчийн Тамгын газар гомдол үүсгэснийг цагдаагийн байгууллага гүйцэлдүүлэн хоёр сая төгрөгийн торгууль ногдуулсан нь хоёр нүүрт, поп улстөрчдөд Монголын нийгэм ялагдсаныг илтгэж байна. Хуулиар нэр хүндээ хамгаалуулах нь иргэн бүрт байгаа эрх боловч нэхэмжлэгч нь төрийн өндөр албан тушаалтан гээд хариуцагч талын тайлбарыг сонсолгүйгээр торгууль ногдуулж байгаа бол Монгол улс ардчилсан улс биш болсныг илтгэнэ. Зөрчлийн хуулиар гул барьж үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөгөөг боомилж байгаа эрх баригчид Үндсэн хуулийг өөрчлөхөөр улайрч байгааг юу гэж бодож байна даа? Чухам ингэж улайрч байгаа хүмүүст “Яараад яах вэ дээ” гэж хэлмээр байна.
Холбоотой мэдээ